АПУ ХК-ИЙН ТОМООХОН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧЭЭР ХАЙНЕКЕН КОМПАНИ БҮРТГЭГДЛЭЭ.

28.11.2017


Өдгөө 90 гаруй жилийн түүхтэй АПУ компанийн түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах, олон улсын шилдэг технологи, практикийг дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээнд бүрэн нэвтрүүлэх суурь тавигдав.

Энэхүү нэгдэн нийлэх ажиллагааны хүрээнд ХАЙНЕКЕН болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэж байна. Судалгаа шинжилгээ, боловсруулалт, бэлтгэлийн ажил 2 жил орчим үргэлжилсэн бөгөөд 2017 оны 8-р сард АПУ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас дэмжин, 10-р сард Монголын хөрөнгийн биржийн зөвшөөрөл гарч, 11-р сард Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрсөн шийдвэр гарснаар АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр ХАЙНЕКЕН компани бүртгэгдэж байна. Үүний үр дүнд АПУ ХК-ийн нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болох бөгөөд нэгдлийн тухай мэдээллийг нийтэд хүргэсэн өдрөөс хойш хувьцааны ханш тасралтгүй өссөнөөр МХБ дээрх хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болох боломж бүрдэнэ.

Өдгөө дэлхийн 70 гаруй улс оронд 165 үйлдвэр ажиллуулан, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлж, хөгжлийг манлайлж буй ХАЙНЕКЕН компани АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноор компанийн засаглалын хөгжлийн шинэ шатанд гарч, шингэн хүнс үйлдвэрлэлийн шилдэг ноу-хауг нэвтрүүлж, үйл ажиллагааны ашигт байдлыг сайжруулан, экспортыг тэлж, импортыг орлон, дотоодын эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой байх болно хэмээн компанийн удирдлага үзэж байна.