Тунгалаг Туул аян 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

25.05.2016


Монгол улсын топ аж ахуй нэгжүүдийн нэг хүнсний манлай үйлдвэрлэгч АПУ хувьцаат компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт ажлуудыг хийж ирсэн бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн АПУ компаний хамт олны санаачилгаар байгаль орчноо хамгаалах “Тунгалаг Туул” аяныг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү аян нь Улаанбаатар хотын ундны усны ундарга болсон Туул голын сав газрыг хамгаалах, хог хаягдлыг багасгах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд уг үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтийг зөв зүйлд уриалан дуудах явдал юм.


Өнгөрсөн жилийн хувьд Туул голын эргийн дагуух 28 га газар талбайг цэвэрлэн, голын ойр орчимд хогийн сав байрлуулж нийт 23,5 тонн хог ачуулсан.


Энэ жилийн хувьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 15,6 га талбайд цэвэрлэгээ хийж, 14 тн хог ачууллаа. Уг арга хэмжээнд АПУ компаний 300 гаруй ажилчид болон Депод ХХК, Шунхлай групп ХХК, Капитал групп ХХК-ийн ажилчид хамрагдсанаас гадна “Туул Голын Сав Газрын Захиргаа” мөн “Хатан Туулаа Аваръя” хөдөлгөөн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллалаа.