​ХАЙНЕКЕН, Шунхлай групп Монгол дахь шар айраг, архины бизнесээ нэгтгэнэ

10.07.2017


Улаанбаатар, 2017 оны 7 сарын 10 - ХАЙНЕКЕН компани Монгол улсад эрхэлж буй бизнесийн үйл ажиллагаагаа Шунхлай группын томоохон хувь эзэмшил бүхий, улсдаа тэргүүлэгч АПУ ХК-тай нэгтгэх гэрээ байгууллаа.

ХАЙНЕКЕН Монгол дахь архи, шар айрагны бизнес болох М-Би-Си-г Шунхлай Групптэй хамтран байгуулсан холдинг компани Эвэргрийн Инвэстмэнт ХХК-д нийлүүлэх замаар АПУ ХК-тай нэгтгэнэ. Энэ ажиллагааны хүрээнд Шунхлай групп АПУ ХК-аас бусад өөрийн эзэмшлийн архи, шар айраг болон түгээлтийн бизнесийг Эвэргрийн Инвэстмэнт ХХК-д нэгтгэх ба энэ нэгдэн нийлэх ажиллагааны дараа АПУ ХК-д ХАЙНЕКЕН 25% эзэмшиж, Шунхлай групп том хувьцаа эзэмшигч байх болно.

Нэгдэх энэ үйл явц нь АПУ ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаас дэмжсэн шийдвэр гарч, хуулийн дагуу бусад шаардлагатай зөвшөөрлийг авсны дараа хэрэгжих бөгөөд 2017 оны 4 дугаар улиралд эцэслэгдэх төлөвтэй байна.

Шунхлай группын ерөнхийлөгч П.Батсайхан хэлэхдээ: “Энэ хөрөнгө оруулалт бол Монгол улсын бизнесийн орчин, тэр дундаа Шунхлай Групп компанид гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс өгч буй итгэл, үнэмшлийн илэрхийлэл юм. Энэхүү хэлцэл, хамтын ажиллагаа нь дотоодын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, Монгол улс даярх нийт хэрэглэгчдэд шилдэг, инновацилаг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна, дэлхийн хэмжээний бизнес болох Найнекен компанитай түншилснээр АПУ ХК нь бүс нутгийн тоглогч, Монголын брэнд бүтээгдэхүүнийг Ази болон олон улсын бусад зах зээлд түгээгч болох хөгжлийн шинэ шатанд гарах юм” гэлээ.

Хайнекен Ази Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Франс Усман хэлэхдээ: "Монгол дахь манай үйл ажиллагааны стратегид энэ нэгдэн нийлэх үйл ажиллагаа маш том ахиц болж байна. ХАЙНЕКЕН-ы дэлхийн хэмжээний туршлагыг АПУ компанийн Монгол дахь бизнесийн мэдлэг туршлага болон түгээлтийн чадавхитай нийлүүлснээр шар айраг, архины бизнест өргөн боломжийг нээж өгч байгаа юм” гэлээ.

ТӨГСӨВ

Шунхлай Групп ба АПУ ХК-ийн тухай

Шунхлай Групп бол анх 1993 онд байгуулагдсан, шингэн хүнс, мэдээлэл ба харилцаа холбоо, газрын тосны худалдаа, мотор бизнес ба логистик, үл хөдлөх хөрөнгө зэрэг бизнесийн олон салбарт идэвхтэй Монголын томоохон групп компани юм. АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан, Монгол Улсын хамгийн том архи, шар айраг, ус ундаа, сүү, жүүсний үйлдвэрлэгч юм. Тус компани нь сүүлийн жилүүдэд сүүний салбар руу хөрөнгө оруулалт хийж, нийт зах зээлийн 20 хувийг нийлүүлж байгаа бөгөөд шингэн хүнсний нийт багцдаа 40 орчим брэндтэй үйл ажиллагаа явуулж байна.

ХАЙНЕКЕН-ы тухай

ХАЙНЕКЕН нь дэлхийн хамгийн олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг шар айргийн үйлдвэрлэгч ба дээд зэрэглэлийн шар айраг, сайдэр брэндийг хөгжүүлэгч тэргүүлэх компани юм. Группын хэмжээнд шар айраг, сайдэрийн нийтдээ 250 гаруй олон улсын, бүсийн, дотоодын брэнд бүхий хүчирхэг багц бүрдүүлснээс Хайнекен брэнд тэргүүлдэг. ХАЙНЕКЕН нь хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй орнуудад тэнцвэртэй байдлаар манлайлан үйл ажиллагаа явуулдаг ба нийт 165 шар айргийн болон бусад үйлдвэрүүддээ 73500 гаруй ажиллагчидтай. М-Би-Си нь ХАЙНЕКЕНЫ Монгол дахь хамтарсан бизнес юм.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд холбогдох:

Шунхлай Групп: Б.Наранзун, Олон нийттэй харилцах газрын захирал. И-мэйл: naranzun@shunkhlaigroup.mn,

утас: +976 (11) 342437 335

М-Би-Си: Г.Ганзориг, Байгууллагын харилцаа хариуцсан захирал. И-мэйл: ganzorig.g@monbev.mn,

утас: +976 (11) 345555 дотуур 337

ХАЙНЕКЕН Ази Пасифик: Ика Новэра, Бүсийн байгууллагын харилцааны менежер.

И-мэйл: ika.noviera@heineken.com, утас: +65 6933 5630