Монголчууд бидний эртнээс уламжилж ирсэн нутаг ус, байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалж, шүтэн биширдэг ариун нандин өв, соёл маань хүнсний манлай үйлдвэр АПУ ХК-ны хувьд эрхэм нандин үнэт зүйл нь байдаг.

Байгаль эхийн буян хишиг, бид бүхний хийж бүтээх чин хүсэл эрмэлзэл, шинжлэх ухаан технологийн шилдэг шийдлээс манай компаний брэнд бүтээгдэхүүний нэр хүнд, борлуулалт хамаардаг. Дэлхий нийтийн жишиг болсон байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр, баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний эрхэм зорилго байдаг. Чухам үүнд л бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж, байнга шинийг эрэлхийлж байдаг нь манай компанийн онцлог юм.

Олон улсын мэргэжлийн байгууллагуудаас Монгол Улсаас анх удаа манай экологийн цэвэр бүтээгдэхүүн болон түүнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үнэлж ISO 14001 байгаль орчинд ээлтэй үйлдвэр гэсэн стандартыг хэрэгжүүлсэн байгууллагаар тодруулж баталгаажуулсан юм.

Бидний цаашдын эрхэм зорилго бол салбартаа тэргүүлсэн, дэлхийн жишигт хүрсэн байгаль экологид ээлтэй хүнсний манлай үйлдвэр байхад оршино.

Эрчим хүчний хэрэглээ

“Эрчим хүчний хэмнэлт болон хог хаягдлыг бууруулах” хөтөлбөрийн хүрээнд 2013 онд нэг цагт зарцуулах эрчим хүчний хэрэглээг 180 кВт-аар бууруулсан.

Усны хэрэглээ

“Усыг дахин хэрэглэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт хяналт шалгалтыг сайжруулж, усны хэрэглээг багасгах, дахин хэрэглэх боломжийг судлав. Ингэснээр 2013 онд 24 мянган шоо метр куб цэвэр ус хэмнэж, хаягдал усыг 7200 шоо метр куб-аар бууруулж чадлаа.

Уурын хэрэглээ

Үйлдвэрлэлийн нэрэх, чанах дамжлага нь уурын хүчтэй даралтаас хамаардаг тул ус болон эрчим хүчний зарцуулалт өндөр байдаг. Иймээс бид үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт уурын даралтын ашиглалтыг хянаж 2013 онд уурын даралтыг 3000кПа-аар хэмнэсэн.

Хаягдал

Энэ хүрээнд 2012 онд хаягдал болон дахин боловсруулах түүхий эдийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж сар тутам гарах хаягдлын хэмжээг 2100 кг-аар багасгасан.

Дахин хэрэглэгдэх түүхий эд /Дахивар/:

Шингэн хүнсний үйлдвэрлэлтийн хаягдлын 70-95 хувь нь дахин хэрэглэгдэх түүхий эд болдог. Гэтэл түүхийн эдийн дахин хэрэглэгдэхүйц хэмжээ харьцангуй бага байна. Иймд манай компани энэ чиглэлд анхаарч 2013 онд устгалд өгдөг түүхий эдийн хэмжээг 20 хувиар бууруулж чадлаа. Цаашид ч бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

АПУ ХК нь байгалийн нөөцийг зөв зохистой хэрэглэхийг эрмэлздэг. Тиймээс ч компанийн үйл ажиллагааны чиглэл бүрт түүхий эд хүлээн авах, үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх, хаях гээд бүх дамжлагыг нягтлан судалж, нийт хаягдлыг багасгах, дахин түүхий эд болгон ашиглах арга замыг үйл ажиллагаандаа цогц хэлбэрээр хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал манай үйлдвэрээс гардаг шар айраг болон спиртийн хаягдал шаар нь малд органик тэжээл болдог учраас хаягдалгүй ашиглах боломжтой.

Бид байгаль орчныг хамгаалах үүднээс улсын хэмжээнд нийслэл болон 21 аймагт 3000 шил хүлээн авах цэг ажиллуулж, жилд 3.5 сая шил хүлээн авч дахин эргэлтэнд оруулдаг.

Энэ бүхний үр дүнд манай компани нь ISO 14001 байгаль орчинд ээлтэй үйлдвэр гэсэн стандартыг хэрэгжүүлсэн анхны үндэсний үйлдвэрлэгч болсон билээ.