АПУ ХК сүүний салбарт ногоон үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр Азийн Хөгжлийн Банк (АХБ), Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк (ЕСБХБ)-тай $40 саяын санхүүжилтийн гэрээ байгууллаа.
АПУ ХК нь АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тогтвортой, ногоон үйлдвэрийн чиг баримжааг баримталж эрчим хүчний хэмнэлтийн шалгуурт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой шийдлээр байгуулахаар зорьж АХБ, ЕСБХБ хамтран 50:50 хувиар санхүүжүүлснээр нийт $40 саяын гэрээг АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэртэй байгуулж байна.
Энэхүү санхүүжилтийн гэрээ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт ногоон үйлдвэрлэл, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр олон улсын томоохон хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран хийж буй анхны хамтын ажиллагаа гэдгээрээ онцлогтой.
Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг хэлэхдээ “АПУ ХК, АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр нь олон улсын санхүүгийн байгууллагын хамтарсан хөгжлийн санхүүжилтийг сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой, ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор татан төвлөрүүлж байгаа нь салбартаа анхдагч болсон түүхэн үйл явдал боллоо. АПУ ХК нь 2009 онд ЕСБХБ-тай хамтран шинэ шар айрагны үйлдвэр, автомат агуулах, АПУ Дэйри үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж байсан. Дээрх санхүүжилтийг гэрээт хугацаанаас нь өмнө төлж МХБ-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн хувьд санхүүгийн төлөвлөлт, хариуцлагыг өндөр түвшинд хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад ЕСБХБ, АХБ-тай хамтран тогтвортой, ногоон хөгжлийн чиг баримжаатай шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хийж буй нь ханган нийлүүлэлтийн сүлжээний гол оролцогчид болох малчид, фермерүүд, цаашлаад хэрэглэгчдэд өндөр үр өгөөжтэй, урт хугацааны томоохон өөрчлөлт бодитоор бий болгох ажил гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцоллоо.
Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт малчид, фермерүүдийн сүү нийлүүлэлтийг өсгөх, малчдын амьжиргааг дэмжих улмаар хүн амын эрүүл мэндэд ээлтэй сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, өргөтгөх шинэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
АПУ Дэйри Монгол Сүүний үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Уг хамтын ажиллагаа, санхүүжилтийн үр дүнд АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэртэй хамтран ажилладаг сүү бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхыг өсгөх, сүүний аж ахуй эрхлэгчид болон сүү бэлтгэлийн тогтолцоонд оролцогч талуудыг чадавхжуулах, улмаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлт бий болох юм. Мөн алслагдмал хөдөө орон нутаг дахь цөөн тооны сарлагтай. Малчдад шинэ зах зээлд нийцэх ур чадвар, технологи зэргийг эзэмшүүлснээр тухайн нутаг дах хүний нөөцийн хөгжлийг дэмжих өндөр ач холбогдолтой”.
ЕСБХБ-ны 20 сая ам.долларын санхүүжилтийн багцад High Impact Partnership on Climate Action (HIPCA) буюу “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх” санхүүжилтийн хөтөлбөрийн түнш Канад улсын Засгийн Газрын 2 сая хүртэлх ам.долларын дэмжлэг хамаарч байна. ЕБСХБ, Канад улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж, ахуйн байгууллага, Японы ЕСБХБ-ны Хамтын ажиллагааны сантай хамтарсан техник туслалцааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход малчдад зориулсан олон улсын практик нэвтрүүлэх сургалт хөгжлийн хөтөлбөр, сүү цуглуулах мэдээллийн нэгдсэн дата сан тэргүүтэй 5 зорилт хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
АХБ-ны 20 сая ам.долларын санхүүжилтийн багцад АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэрийн сүү цуглуулах цэгийн өргөтгөл, малчдад байгальд ээлтэй, зохистой дадал, бэлчээрийн менежмент, санхүүгийн чадавх бэхжүүлэх, жендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх техник туслалцаа мөн хамаарч байгаа нь онцлог болж байна.