АПУ ХК-ийн охин компани болох “Спирт Бал Бурам” компани нь анх 1943 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод “Спирт завод” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1973 онд “Спирт бал бурам комбинат” болон өргөжиж байжээ. Уг комбинатыг 1992 онд төрийн өмч давамгайлсан “Спирт бал бурам” хувьцаат компани болгон өөрчилж, 1998 оноос бүрэн хувьчлагдсанаар MCS группийн охин компани болсон ба 2017 онд АПУ Хувьцаат компани нь Нидерландын Heineken компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг (М-БИ-СИ Азиа Пасифик ХХК, Спирт Бал Бурам ХХК, СББ Трейд ХХК) нэгтгэснээр АПУ ХК-ийн охин компани болсон юм.
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Өдөрт 15 тонн спирт, цагт 6,000 шил архи, 250 кг шингэрүүлсэн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай.
Үйлдвэрийн тоног төхөөрөмж: ОХУ, Украин, Итали, Германы тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон.
Товч танилцуулга: Спирт Бал Бурам ХХК нь архины үйлдвэртээ цагаан алтан болон мөнгөжүүлсэн хосолмол шүүлтүүрийг ашигладаг иж бүрэн автоматжсан үйлдвэр юм. 2009 онд хүнсний үйлдвэрлэлийн олон улсын чанарын ISO 22000 стандартыг хангаж, 2010 онд Италийн бүрэн автомат шингэрүүлсэн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэх системийг нэвтрүүлснээр өдөрт 15 тонн спирт, цагт 6000 шил архи, 250 кг шингэрүүлсэн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болон өргөжсөн юм.
АПУ ХК СПИРТИЙН ҮЙЛДВЭР
Үйлдвэрлэлийн хүчин чадал: Хоногт 38,000 литр Альфа зэрэглэлийн спирт үйлдвэрлэх хүчин чадалтай.
Үйлдвэрийн тоног төхөөрөмж: Герман улсын “Шмитт” компанийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Товч танилцуулга: АПУ ХК Спиртийн үйлдвэр нь Герман улсын “Шмитт” компанийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий автомат тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Хоногт хүнсний этилийн “Альфа” буюу тансаг зэрэглэлийн 38000 литр спирт үйлдвэрлэх хүчин чадалтайгаас гадна эсгэлтийн явцад ялгарсан нүүрсхүчлийн хийг хуримтлуулж 99,9 хувь хүртэл цэвэршүүлэн боловсруулж дотоодын бусад компаниудад нийлүүлдэг. Мөн спиртийн шаарыг боловсруулан малын тэжээл байдлаар болон шингэн хэлбэрээр фермерүүдэд нийлүүлж, спирт үйлдвэрлэлийн явцад гардаг техникийн спиртийг ХХААЯ-ны тусгай зөвшөөрлөөр гэрээт мал эмнэлэг, эмийн болон хэвлэлийн үйлдвэрүүдэд нийлүүлэн ажиллаж байна.