НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ2” аяныг эхлүүлсэн. Энэ аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж мөн дэмжин, тусламж шаардлагатай байгаа, нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм.
Үүний эхлэл болж АПУ компани 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.Тус компани Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт тус бүр 500 хүнсний багцын тусламж үзүүлж буйгаа өнөөдөр хүлээлгэн өгөв. Энэ талаар АПУ компанийн байгууллагын харилцааны менежер О.Одгэрэл “Цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа тасалдахгүй, ажлын байрууд хумигдахгүй байх нь ямар чухал болохыг бид харж байна. Энэ үед коронавируст цар тахлын нөлөөгөөр орлого нь тасалдсан, ажлын байр нь хаагдсан иргэдийг энэхүү тусламжийн аяны зорилтот бүлэг болгон сонгож тусламжийн багц үзүүлж байгааг манай компани дэмжиж байгаа” гэв.
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн хугацаанд 17000 орчим өрхөд хүнсний багцын тусламж үзүүлсэн. Бид дахин шинэчилсэн судалгаа хийж үзэхэд хөл хорио нь иргэдийн амжиргаанд муугаар нөлөөлсөн гэж гарсан. АПУ ХХК НЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн “Дэм дэмэндээ2” аяныг дэмжин СХД-ийн 500 өрхөд тусламж үзүүлж байгаад талархалтай байна. Бид дэм дэмэндээ коронавируст цар тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.