Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

АПУ ХК “Шилээ дахин амьдруулъя” санаачилга дэвшүүлж шилний хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-өөс Нүүрстөрөгчийн ялгаруулалт, байгальд өгч буй дарамт нь Монгол Улсыг Хүний хөгжлийн индексээс 10 байр хойш татаж байгааг мэдээллээд байна. Тэгвэл байгальд ээлтэй хэрэглээний соёлыг бий болгох зорилгоор АПУ ХК дахин хэрэглээг эрхэмлэн шилний хог хаягдлыг багасгах санаачилга дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд зорилтот бүтээгдэхүүнийхээ шилийг хамтран ажиллаж буй харилцагч, дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдээс буцаан худалдан авах юм.

Дэлхий даяар COVID-19 цар тахалтай нүүр тулгарч аливаа бэрхшээл, сорилтуудыг хамтын хүчээр даван гарахаас өөр сонголтгүй болж байна. Цар тахлын дараа хүн төрөлхтний өмнө хамгийн чухлаар эрэмбэлэгдэн шийдэл хүлээж байгаа асуудал бол гарцаагүй байгаль экологийн тэнцвэрт байдал, уур амьсгалтын өөрчлөлт болоод байна. Тиймээс Монгол улсын хувийн сектор манлайлан оролцож асуудлыг алхам алхмаар шийдэж ажиллах нь үр хойч ирээдүйн өмнө хүлээж буй компанийн нийгмийн хариуцлага юм.

АПУ компани уг асуудалд шийдэл олох хүчин чармайлтаа эрчимжүүлж хэрэглэгчдийн дунд хог хаягдлыг багасгах, улмаар дахин хэрэглээний соёлыг бий болгох замаар харилцагч, дэлгүүрүүдтэй хамтран бүтээгдэхүүний шилээ эргүүлэн татаж байгальд бий болж буй шилний эмх замбараагүй хаягдлыг бууруулахыг зорьж байна. Энэ санаачилгыг компанийн дотоод ажилтнууд ч мөн дэмжин хог хаягдлаа ялган ангилж, эргүүлэн тушаах кампанит ажлыг эхлүүлээд байна.

Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг олон талын байгаль экологийн давуу талыг бий болгож байна.

Эдгээр давуу талуудаас онцгойлон дурдвал дахин ашиглаж буй шингэн хүнсний шил нь дунджаар 21 дахин байгаль орчинд ээлтэй байдаг. Мөн нэг тонн шил тутамд нэг тонн гаруй байгалийн баялгийг хэмнэдэг. 6 тонн шил дахин ашигласнаар 1 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсантай тэнцэхүйц байдаг байна. (Тайлбар: Нүүрсхүчлийн хий нь хүлэмжийн хийн нэг төрөл ба уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бий болгож буй гол хүчин зүйлсийг нэг юм)  (Эх сурвалж:Glass Recycling Institute)

Нөгөө талаас шил нь 100% дахин боловсруулах боломжтой бөгөөд чанар, цэвэршилт алдагдахгүй, ариутгалын өндөр стандартаар дахин ашиглаж болдог нь эдийн засгийн өгөөжийг тодорхойлж байна. Энэхүү төсөлд хэрэглэгч төдийгүй харилцагч дэлгүүр, бөөний болон жижиглэнгийн төв, тээврийн агентлагууд гээд олон талын төлөөлөл хамрагдах ба хэрэглэсэн шилийг дахин ашиглах нийлүүлэлтийн сүлжээ нь оролцогч тал бүрт нэмүү өртгийг бий болгож өгөөж хүртэх, ашиг олох боломжийг бүрдүүлж байгаа нь хамтын үнэ цэнийг бий болгож компанийн тогтвортой хөгжлийн бодлогын суурь болж байгаа юм. Дэлхийд дунджаар 1000 тонн шилийг дахин ангилах үйл явц тутамд 8 ажлын байр шинээр бий болдог байна.  Мөн шилний импортыг бууруулж дотоод нөөц боломжоо дахин ашигласнаар валютын гадагш чиглэх урсгалыг бууруулж ханшид ч эергээр нөлөөлөх дам нөлөөтэй юм.

АПУ ХК нь шингэн хүнсний салбарын тэргүүлэгч компанийн хувьд үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн сүлжээндээ өөрсдийн бэлтгэн нийлүүлэгч, харилцагчидтай байгаль орчны чиглэлээр илүү хариуцлагатай, хамтын бодлого баримтлан ажиллаж байна.

Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болох хог хаягдлыг бага түвшинд байлгах, бууруулах, хэрэглэгчдэд очиж буй бүтээгдэхүүний сав баглаа боодлын хаягдлыг дахин ашиглах боломжтой байлгах нөхцлийг бүрдүүлэхийг зорьдог. АПУ компани нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2004 стандартыг 2011 онд нэвтрүүлж улмаар 2017 онд ISO 14001:2015 шинэчлэгдсэн стандартын дагуу дэлхийд нэр хүнд бүхий SGS группын итгэмжлэлд хамрагдан баталгаажуулсан юм.

Эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхнийг уг санаачилгыг дэмжин АПУ ХК-ийн төсөлд хамаарах бүтээгдэхүүний шилээ өөрт ойр харилцагч дэлгүүр, төвүүдэд эргүүлэн тушааж байгальд ээлтэй хэрэглээг түгээх санаачилгыг эрчимжүүлэхийг уриалж байна.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй.