Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Савлах цехийн оператор Ж.Лхагвасүрэн

Савлах цехийн оператор Ж.Лхагвасүрэн

Миний амьдралын 37 жил АПУ компанитайгаа холбогджээ. Ингэж хэлж байхдаа эргээд бодоход урт хугацаа өнгөрсөн юм шиг атлаа анх орж байсан маань өчигдөрхөн мэт тод харагдаж байна. 1984 онд Хүнсний техник мэргэжлийн сургуулийг исгэлтийн мэргэжлээр төгсөөд АПУ компанийн савлах цехэд савлах, бөглөх машины оператораар орж байлаа.
Залуу хүүхэд юугаа ч мэдэхгүй, ямар том компанийн хаалга татаж буйгаа ч гадарлаагүй явж. Анхны цалингаа аваад аавдаа бэлэг, ээждээ ганган оймс, дүү нартаа дуртай амттаныг нь аваад гэртээ очиход манайхан баяр ёслол шиг ширээ засчихсан халуун дулаан хүлээж авч билээ. Тэгэхэд аав минь “Миний охин Монгол Улсын хамгийн том компанид ажилд орлоо. АПУ чинь манай улсын татварын орлогыг бүрдүүлдэг том газар шүү” хэмээн бахархан хэлэхэд нь “Нээрэн би чинь ийм чухал компанийн нэг эд эс болжээ” гэж анх удаа ухамсартайгаар бодож байлаа.

37 жилийн турш нэг газраа, нэг ажлаа хийнэ гэдэг одоогийн залууст сонин сонсогдож магадгүй. Харин миний хувьд ажил маань ажил гэдэг утгаас давж, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон юм. Энэ хугацаанд үйлдвэрийн маань техник технологи шинэчлэгдэх бүрт миний бие анхлан туршиж, асааж хөдөлгөж иржээ. Нэр төрийн хэрэг санагддаг шүү.

Анх бид бүхий л үйл ажиллагаагаа гараараа хийдэг, бөглөөгөө өөрсдөө эргүүлдэг байсан бол одоо ихэнх ажиллагаа автомат болсон байна. Заримдаа хийх ажилгүй зүгээр зогсоод байгаа мэт санагдах үе ч бий (инээв).

Цагийн өөрчлөлт, технологийн шилжилт бүрт дасан зохицож, арга ажиллагаагаа өөрчлөн өдийг хүртэл компанидаа хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай, бахархалтай байдаг.

Уг нь би багадаа багш болох юмсан гэж хүсдэг байсан. Хэдийгээр энэ мөрөөдлөө хөөгөөгүй ч гэлээ намайг компани дотор минь багшаа гэж дууддаг хүмүүс бий. Хүнсний комбинатын оюутнууд ирж дадлага хийгээд, дараа нь орон нутгаасаа багшдаа гээд захидал илгээх их сайхан санагддаг байж билээ. Бага насны дэврүүн хүсэл мөрөөдөл минь биелсэн юм шиг л…

Би удахгүй тэтгэвэртээ гарна. Манайхан намайг “Та тэтгэвэртээ гарсан ч ажиллана биз дээ. Дараачийн Лхагвааг бэлдэж өгөөрэй…” гэнэ. Ажилдаа хариуцлагатай хандах, хийсэн бүтээсэн нь бусдад үнэлэгдэх, тухайн газраа үнэ цэнтэй нэгэн байх гэдэг хүний амьдралын хамгийн эрхэм хүндлэл, утга учир гэж би боддог.”