Categories
Мэдээллийн сан Uncategorized Мэдээ, мэдээлэл

Эх дэлхийгээ хайрлах соёлыг түгээх “Соёлоор Гоёно” төсөл үргэлжилж байна

АПУ ХК “Байгальд ээлтэй соёл”-ыг түгээх зорилгоор хамтын ажиллагаат дэлгүүрүүдээр дамжуулан хогийн уут бэлэглэж байна. Бид байгальд уусдаг материалтай ЭКО бүтээгдэхүүн сонгосон тул эх дэлхийгээ хамгаалж, бодит өөрчлөлтийг авчирна гэж итгэж байна. Та эх дэлхийдээ шил, сав, лааз зэрэг хог хаягдал нэгийг ч бүү хаяарай. Таны худалдан авалт байгальд ээлтэй, хоггүй соёлыг бий болгож эх дэлхийгээ хайрлах үйлст зориулагдах болно. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хоггүй соёлыг хамтдаа цогцлооё.

АПУ ХК нь нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох “Соёлоор Гоёно” төслийг ашгийн бус зорилгоор хэрэгжүүлж буй бөгөөд энэ хүрээнд хүн, байгаль, эх дэлхийдээ ээлтэй соёлыг түгээн дэлгэрүүлэх олон ажлуудыг хийгээд байна. 

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Техник ашиглалтын албаны Цахилгаан ашиглалтын ахлах инженер П. Жаргалсайхан

“Цахилгаан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ бидний өдөр тутмын ажил амьдралын салшгүй нэгэн хэсэг, хамгийн чухал хөдөлгөгч хүч гэдгийг бид саяхан болсон үйл явдлаас маш тодорхой ойлгосон болов уу. Монгол даяар цахилгаан тасрахад айл өрх, албан байгууллагын дотоод үйл ажиллагаа хэрхэн үймсэн билээ, тэгэхэд ийм том хэмжээний үйлдвэр хэдэн цаг зогсоход л ямар их хэмжээний хохирол, доголдол гарах билээ. Тийм учраас цахилгааны инженер бидний ажил ямар их хариуцлагатай, няхуур болох нь харагдах байх. АПУ-д 30 орчим жил ажиллахдаа гурван удаагийн том цахилгаан тасралтыг үзсэн. Хамгийн ихдээ долоо хонож байлаа. Болзошгүй эрсдлийг тооцож, энгийн үед ч бэлтгэлтэй байх ямар чухлыг бидэнд ойлгуулдаг.

Би багаасаа л техникт сонирхолтой, элдэв юм онгичиж, оролддог хүүхэд байлаа. Эвлүүлэхээсээ эвдэх нь олон байсан хэдий ч хүсэл, сонирхолоо яахан дарж чадах вэ. Энэ л сонирхол маань намайг хөтөлсөөр АПУ ХК-ийн гайхалтай сайхан хамт олонтой амьдралын минь замыг холбосон. АПУ алтан босготой үйлдвэр шүү гэж ахмадуудынхаа байнга хэлдгийг сонсож хүмүүжсэн. Үнэхээр ч энд орсноос хойш амьдрал ахуй минь өөдрөг дэврүүн яваа. АПУ-д ороод муудсан хүн гэж ер нь байдаггүй юм даа. Өөдөө л явдаг.

Инженер хүний хувьд сайхан техник хэрэгсэлтэй, сайхан үйлдвэрт ажиллах шиг жаргал байхгүй. Өөрсдийн гараар бүтээн босголцсон үйлдвэртээ өглөө бүр ирэх үгээр хэлшгүй сайхан. Миний олон инженер найз нөхөд, танилууд манай үйлдвэртэй танилцаж байсан. Тэдэнд хийсэн бүтээснээ бахархалтайгаар танилцуулж, нээрэн бид ийм сайхан үйлдвэр цогцлоож чаджээ гэж бодохоор урамтай, онгирмоор болдог доо.

2003 онд манай үйлдвэр бүрэн шинэчлэл хийхэд миний бие хамт олонтойгоо бүхий л ажилд нь гар бие оролцсон. Шинэ пивоны үйлдвэр, АПУ Дэйри ХХК-ийн төслүүдийг ч бид амжилттай хэрэгжүүлсэн. Олон жил ажиллаж байгаа болохоор үйлдвэрүүд маань, тэр дундаа цахилгаантай холбоотой зүйлс одоо ер нь гарт минь орсон. Хаана юу байгаа билээ, аль хэсгийн юуг солих болсон гээд “уншдаг” болж. Гэхдээ хүн юмыг сураад, болоод, ханалаа гэж бодож болдоггүй юм билээ. Цахилгааны асуудал их түвэгтэй. Нарийн ярьвал амь насанд ч ойрхон. Энэ бол тоглоом биш. Мэддэг гээд үл нямбайлан, юмханаар аргалах зэрэг хандлагыг би хүлээн зөвшөөрдөггүй. Би хамт олондоо ч мөн энэ шаардлагыг тавьдаг.”

Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Худалдан авалт бүр нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох “Соёлоор Гоёно” төсөлд зориулагдах шинэ бүтээгдэхүүн мэндэллээ

Нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилгоор АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Соёлоор гоёно” төсөлд салбар салбарынхан нэгдэн орж, өөрсдийн хүчээ нэгтгэсээр байна. Бидний чин хүсэл бол хамтын манлайллаар нийгэмдээ хувь нэмрээ оруулах юм. Төслийн хүрээнд “Урлагаар соёлыг түгээх нь” сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ зохион байгууллаа. Clubhouse-аар зохион байгуулсан энэхүү цахим хэлэлцүүлгийг тоймлон хүргэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт Архитектор Батжав, IWFCI Mongolia байгууллагын Ерөнхийлөгч О.Байгаль, Dance chance ТББ-ын үүсгэн байгуулагч Э.Халиун, Michel & Amazonka брэндийн хамтран үүсгэн байгуулагч Amazonka, Фото зурагчин н.Төмөрбаатар, Toirogdii thrift shop-ийн үүсгэн байгуулагч Агнууш, АПУ компанийн Борлуулалт, Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Г.Баярмагнай нар оролцлоо.

Энэ үеэр загварын салбарт манлайлагчдын нэг Michel & Amazonka брэндийнхэн “Соёлоор гоёно” төсөлд нэгдэн орж, “Соёлоор гоёно” гурван төрлийн бүтээгдэхүүн буюу футболкыг зах зээлд гаргаж буйгаа мэдэгдсэн юм. 

Брэндийн орлогоос эерэг өөрчлөлт, эерэг соёл бий болгох төсөлд зориулна гэдгээ танилцууллаа. Өөрөөр хэлбэл, таны худалдан авалт нийгмийн эерэг өөрчлөлт, эерэг соёлын үр үндэст шим тэжээл, ус, агаар болох юм. “Соёлоор гоёно” брэнд нь нийгэмд талархал, хүндлэл, уучлал, урам зориг, итгэл авчрах, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэх мессэжийг давхар хүргэхээр зорьж байна.

Нийгмийн хариуцлага бүхий л салбарт урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоож, урьдын ойлголтыг орвонгоор нь өөрчилж буй. Хувь хүн болон компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нийлж, нягтарч эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийгэмд шинэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хэчнээн чухал болохыг энэхүү хэлэлцүүлэг дахин бататгаж өгсөн нь онцлог байлаа.

“Урлагаар соёлыг түгээх нь” хэлэлцүүлэгт оролцсон Архитектор н.Батжав “Бид хүмүүст урлаг гэж ийм байдаг гэж зааж ярихаас илүү сэдэл өгөх ёстой. Залууст нийгэм болоод дэлхий дахинд тулгараад байгаа шийдэх ёстой асуудлыг шууд ярихад өөрөөс нь хол ч юм шиг, эсвэл хэтэрхий их том асуудал ч юм шиг ойлголт өгөөд байдаг юм байна. Тийм учраас сонсох дуртай дуу, хөгжим, өмсөх дуртай хувцсаар нь дамжуулаад хүргэх, сэдэл өгөх нь илүү үр дүнтэй” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бидний ажиллаж амьдарч буй нийслэл маань хэдий залуусын хот гэх боловч өнгө гундуу, ногоон байгууламж муутай, бүрсгэр саарал, хүнд “уур амьсгал”-тай. Тэгвэл хүйтэн, хөндий орчныг өөрчлөх замаар эерэг соёлыг түгээх боломжтой гэж нь Amazonka хэлсэн юм.



Соёлын хамт ухамсар тогтох, нийгмийн хариуцлага тогтох, тухайн худалдан авалтаараа нийгмийн хөгжилд хэрхэн оролцох нь хүртэл өөрөө жижиг асуудал биш болж хувирсан байна. Байгаль орчин, нийгмийн эрх тэгш байдал, эерэг хандлага энэ болгоныг соёлоор дамжуулан илэрхийлэх боломж улам бүрдсээр. Байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, бусдыгаа хүндэтгэсэн хариуцлагатай хэрэглээ, дадал хэвшил цар хүрээгээ тэлсээр байгааг энэ удаагийн хэлэлцүүлэг илэрхийллээ.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 2020 оны Үндэсний ТОП-100 аж ахуй нэгжийн ТОП 10-т эрэмбэлэгдлээ.

АПУ Хувьцаат компани 2020 оны үндэсний ТОП-100 аж ахуй нэгжийн ТОП 10-т эрэмбэлэгдлээ.Цар тахлын хүнд сорилт тулгарсан 2020 онд Монгол улсын төсөвт бүрдүүлэх татварын орлого, ажлын байрыг тасралтгүй хангах, харилцагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхтэй холбоотойгоор валютын орох урсгалыг нэмэгдүүлэх зэргээр улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж хамтран зүтгэсэн нийт хамт олон, харилцагч, түнш байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ гүн ТАЛАРХАЛ илэрхийлье. Бидний хамтын зүтгэл эх орноо төлөөлөх дэлхийн брэндийг бий болгож, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн түүчээ болж цар тахлын үед хүнээ дээдэлсэн, хүндээ ээлтэй нийгмийг цогцлоох хөгжлийн зүтгүүр байна гэдэгт итгэлтэй байна. АПУ Компанийн хувьд НҮБ-аас баталж, дэлхийн улс орнууд бүх нийтээр дэмжин хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн үндсэн зорилтуудын хурдасгуур болсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн ажиллаж байна. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн 13-р зорилт болох уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах зорилгоор кампанийн ажилтнууддаа зориулсан “Мод бид хоёр” төсөл, 15-р зорилт болох хуурай газрын эко системийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах зорилгоор Экологийн Цагдаагийн Албатай хамтран “Байгаль эн тэргүүнд” төсөл, 12-р зорилт болох Хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлээр “Шилээ дахин амьдруулъя”, “Соёлоор Гоёно”, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, судалгаа мэдээлэл, урьдчилан сэргийлэх төсөл, 4, 10-р зорилт болох Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах “Маргаашийн манлайлагчид – нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг олон олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Бусдыг дээдлэн эрхэмлэж, суралцаж хөгжин амжилт өөд хамтдаа тэмүүлж, үлгэрлэн манлайлж, уламжлалаа хүндэлж, шинийг бүтээх үнэт зүйлсээр нэгдсэн АПУ компанийн нийт хамт олны өмнөөс хөгжил, дэвшлийг бүтээсэн 97 жилийн мөч бүртэй хамт байсан эрхэм та бүгдэд талархал илэрхийлье.