Categories
Мэдээллийн сан Мэдээ, мэдээлэл

Харилцагч байгууллагуудтайгаа хамтран “Соёлоор Гоёно” төслийг үргэлжлүүлж байна

“Соёлоор гоёно” төслийн хүрээнд бид 10 мянга гаруй харилцагчдынхаа төлөөлөлтэй хамт эх дэлхийгээ хайрлах соёл, амьдран буй нийгэмдээ халуун дулаан, ээлтэй соёл, хариуцлагатай хэрэглээний соёлыг уриалан, 4000 гаруй км замыг туулсан “Алтай Таван Богд” аяллыг зохион байгууллаа. Аливаа бизнесийн оролцогч талууд үнэт зүйлсээ нэгтгэн хамтдаа, нэгдмэл, нэг дуу хоолойгоор өөрчлөлт бий болгохын төлөө хүчин чармайлт гаргах нь амжилтын эхлэл билээ.

Хамтдаа эерэг өөрчлөлтийн төлөө нэгдэж буй эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

Эх дэлхийгээ мөнх ногооноор нь үлдээе.

АПУ Хувьцаат компани

Categories
Ногдол ашиг

2021 он I хагас жил

АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор төлнө.

Categories
Үйл ажиллагааны тайлан Тайлан

2021/ II улирал

Categories
Санхүүгийн тайлан Тайлан

Хоёрдугаар улирал 2021

Categories
Тогтвортой хөгжил Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Соёлоор Гоёно

АПУ ХК нь байгууллагын үнэт зүйлсдээ тулгуурлан 2021 оноос дараах үндсэн гурван чиглэлийн хүрээнд нийгмийн эерэг өөрчлөлт бий болгох нөлөөллийн кампанит ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна:
” Байгаль орчинд ээлтэй соёл /хоггүй аялах, байгальд хог тарихгүй байх, хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрах/
” Урлаг, загвар, бизнесийн салбарынхан тэргүүтэй олон талт оролцоог бэхжүүлж өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хариуцлагатай, э соёл, амьдрах хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, ухамсар, хандлагад нөлөөлөх
” Хариуцлагатай хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэх

Орчин цагийн соёлт хүний нэрийн хуудас байгаль эх дэлхийгээ хайрлах соёлоос эхлэнэ.

Эх дэлхийгээ хайрлах, хоггүй, цэвэр цэмцгэр аялах соёлыг урлагаар дамжуулан уриалах “Соёлоор гоёно” цувралыг зохион байгууллаа

 

 

Categories
Тогтвортой хөгжил Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Шилээ дахин амьдруулъя

Шилээ дахин амьдруулъя

Байгальд ээлтэй хариуцлагатай хэрэглээг дэмжиж, хог хаягдлыг бууруулах “Шилээ дахин амьдруулъя” хөтөлбөр хэрэгжүүлж, тойрог эдийн засгийг дэмжиж 2 дахин өндөр үнээр бүтээгдэхүүнийхээ шилийг хэрэглэгчдээс буцаан худалдан авах урамшууллын хөтөлбөр зарласан. Үүнээс гадна Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран “Монголд шилэн савлагаа дахин ашиглах тогтолцооны техник, эдийн засгийн боломжийг судлах” төслийг эхлүүлээд байгаа бөгөөд уг төслийн үр дүнд АПУ ХК-ийн бүтээгдэхүүний савлагааны байгальд үлдээх ул мөрийг эдийн засгийн тооцоотойгоор бодитой багасгах боломж бүрдүүлэхийг зорьж байна. Эхний хагас жилийн байдлаар бид нийт 6 сая гаруй ширхэг шил татан авсан байна.

Categories
Тогтвортой хөгжил Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Хог хаягдал

АПУ ХК нь үйлдвэрлэлээс гарч буй бүх төрлийн хатуу хог хаягдлын хүрээнд хог хаягдлын менежмент хэрэгжүүлдэг ба хог хаягдлын хэмжээг бууруулах, ландфиллд хаягдах хаягдлыг багасгах, дахивар хог хаягдлаа эргүүлэн ашиглах, дахин боловсруулахад чиглэн ажиллаж байна. Үүний хүрээнд үйлдвэрлэлийн хог хаягдлын хэмжээ энэ үеийн өмнөхтэй харьцуулахад 27% -иар буурсан байна. Бид хог хаягдлаа дахивар болон идэвхгүй хаягдал зэргээр дөрвөн төрөлд ангилж, цааш нь дахин боловсруулагдах хог хаягдлыг хоёрдогч болон дахин боловсруулах компаниуд руу нийлүүлдэг. Тухайлбал аюултай болон химийн хорт бодисын сав баглаа боодол болон хаягдал шилийг дахин боловсруулах үйлдвэрүүд рүү тус тус нийлүүлдэг боллоо. Үйлдвэрлэлээс гарч буй органик түүхий эд болох улаан буудай, арвайн соёолжийн үлдэгдлийг малчид фермерүүдэд, хөрөнгө, шаарыг тэжээлийн үйлдвэрт тогтмол нийлүүлж байна.

Categories
Нүүр хуудас - мэдээ

ХҮНИЙ НӨӨЦ

Categories
Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Бага болон алкохолгүй бүтээгдэхүүний инновацыг түүчээлэх

Согтууруулах ундаа уухыг хүсдэггүй хэрэглэгчдэд тохирсон бүтээгдэхүүнээр хангах тал дээр анхааран ажиллаж байна. Бидний зорилго бол бага болон огт алкохолгүй ангиллын талаарх хэрэглэгчдийн эерэг ойлголтыг бий болгох маркетингийн кампанит ажлуудаар дэмжиж, алкохолны агууламжгүй ундааны сонголтыг бий болгох явдал юм. Энэ дагуу бид Heineken 0.0 брэндийг Монголд танилцууллаа. Согтууруулах ундааны 0.0% ангилал 2020 онд дэлхийн хэмжээнд 4.7% -иар өссөн байна. (Эх сурвалж: Heineken)

Categories
Уур амьсгал

“Мод бид хоёр” төсөл

АПУ компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Ногоон соёлыг түгээе” уриатайгаар ‘Мод бид 2’ төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь эхний ээлжинд ажиллагсдынхаа хашаанд мод, зүлэг тарих улмаар тэдний хөрш айлуудад нөлөөлөл бий болгон улмаар ногоон гудамж, хотыг бий болгох алсын зорилготой төсөл юм.

Уг санаачлагыг ажиллагсад таатай хүлээн авч гэр бүлийн гишүүн мэт хайрлаж хамгаалж ургуулах тухай ярилцсан бол ногоон байгууламжийг бүтээхэд гар бие оролцон ажилласан, төслийг гүйцэтгэсэн компанийн зүгээс хүнд хэцүү цаг үед жижиг дунд бизнесийг дэмжин хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Уг төслийг цаашид урт хугацаандаа хэрэгжүүлэх бөгөөд ажиллагсад, тэдний хөрш зэргэлдээ айлууд, харилцагчид зэргээр үе шаттайгаар ногоон соёлыг түгээн ажиллахаар төлөвлөөд байна.

Categories
Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Solar power энергийн ундаа

Бид энергийн ундаа, алкохолгүй ундааны ангилалд Solar Power брэндийг Монголд нийлүүлж байна. Solar power нь эрч хүчээр хангахын тулд зөвхөн байгалийн орц найрлагыг ашигладаг бөгөөд бусад энэ төрлийн бүтээгдэхүүнүүдээс бага хэмжээний сахар агуулдаг гэдгээрээ онцлогтой.

Categories
Боловсролыг дэмжих

Нийгмийн эерэг өөрчлөлтөнд манлайлагч оюутан залуусыг дэмжих “Маргаашийн Манлайлагчид” төсөл

АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан.

АПУ ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжил болон курс харгалзахгүй өргөн цар хүрээнд зарлагддагаараа онцлог бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, сургуульдаа тогтвортой суралцах зорилготой байх гэсэн маш энгийн шалгуурыг хангасан байх ёстой.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан бүтэн 10 сарын турш амьжиргааны зардал бүхий тэтгэлэг авахаас гадна уг тэтгэлэгт хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах дадлага ажил хийх, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах ба цаашлаад АПУ ХК-нд ажиллах боломжтой болох томоохон ач холбогдолтой юм. Энэ нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим, зорилго(Зорилго 4. Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх)-ыг бодитоор хэрэгжүүлэх ажил юм. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд 1500 гаруй оюутан материал ирүүлсэн бөгөөд бид түүнээс шалгарсан 100 оюутнуудтайгаа нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа гарган хамтран ажиллаж байна.

Categories
Хуурай газрын экосистемийг хамгаалах

Экологийн Цагдаагийн албатай хамтарсан “Байгаль Эн Тэргүүнд” төсөл

АПУ ХК нь “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 15-р зорилго болох хуурай газрын эко системийг хамгаалах, тэр дундаа биологийн олон янз байдлыг хангахын тулд ховордсон ан амьтныг хамгаалах чиглэлээр “Байгаль эн тэргүүнд” төслийг Экологийн Цагдаагийн албатай хамтран амжилттай хэрэгжүүлэв. “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд загас агнуурын зохистой дадал, хэвшил бий болгох, үржлийн үед агнахгүй байх ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, гол, мөрний экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд загасаа хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх ойлголт, мэдээллийг сайжруулах зорилгоор “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Гео-Экологийн хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-тай хамтран мэдээ, мэдээлэл түгээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа мэдээллийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн уг төслийн хүрээнд “Зэрлэг амьтдаа хайрлая” аян зохион байгуулж хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах болон бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорилоо.

Монгол Улсын “Амьтны тухай хууль”-ийн 9, 10, 11, 12 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Зэрлэг амьтдаа хайрлая” болон “Үржлийн үед барихгүй” арга хэмжээнүүд нь иргэдийн байгаль орчинтой зөв харьцаж, хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн, буруу дадал хандлагыг сайжруулж эергээр нөлөөлсөн, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн ажил болсон гэж Экологийн Цагдаагийн албанаас онцолсон юм.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал

АПУ Трейдинг ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г. Ариунаа

Намайг 2004 онд АПУ трейдинг ХХК-д оператор нярвын орон тоон дээр анх ажилд орж байхад компанийн маань 80 жилийн ой тохиож байлаа. Үндэсний ууган үйлдвэрийн нэгд тэмдэглэлт ойн жил нь орж байсандаа хувьдаа бэлэгшээн, баярлаж байсан. Одоо 100 жилийн ой удахгүй тохионо гэж бодохоор цаг хугацаа яг л харвасан сум шиг одож шүү. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ бүхэн эргээд бодоход сайн сайхан, хөгжил дэвшил рүү чиглэсэн өөрчлөлтүүд байгааг өөрийн хувьдаа ч, компанийнхаа тухайд ч мэдрэхэд сэтгэл өег, сайхан санагдаж байна.

Анх манай санхүүгийн газрын бүтэц цомхон, цөөн хэдхэн нягтлан бодогчтой байсан. Одоо зөвхөн манай хэлтэс гэхэд л өнөр өтгөн, олуулаа болсон байна. Компани маань Монголын анхны их наядын үнэлгээтэй компани болсон. Энэ бол манай компанийг үе дамжин босголцсон хамт олны хувьд түүхэн амжилт мөн. Тэр дундаа санхүү, нягтлан бодогчдын маань нөр их ажлын үр шим онцгойлох үүрэгтэй байсан болов уу, хэмээн нэг удаа бахдаж хэлэхийг хүсэж байна. АПУ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас зах зээлийн үнэлгээгээр 1-рт бичигдэхэд хамт олон, ажлынхаа үр дүнгээр их бахархаж байлаа.
Хүн болгон хийж буй ажилдаа нэг сэтгэл, нэг зорилготой байх нь амжилтын үндэс гэж би боддог. Тийм учраас хүн нэг бүрийн гүйцэтгэлийг чухалчлан үзэж, чадаж байгааг нь урамшуулж, чадахгүй байгаад нь зааж туслан хамтдаа урагшлахыг эрхэмлэн үздэг. Санхүүгийн тайлан мэдээллийн хувьд нэгжийн доороосоо эхлээд бүхий л зүйл үнэн бодитой, нямбай байснаар эцсийн тоо, тооцоолол алдаа мадаггүй гарч, эргээд бид зөв, оновчтой шийдвэр гаргах, нөхцөл байдлаа үнэн зөв, бодитойгоор үнэлэх боломж олдоно. Анх дөнгөж санхүүгийн албаны дарга болчихоод өөрөө л оролцоогүй бол итгэж өгөхгүй, өөрөөрөө дамжсан мэдээлэл л үнэн гэж боддог байсан. Харин сүүлийн жилүүдэд бусдадаа зааж, сайн мэргэжилтнүүд бэлтгэх тал дээр санаа тавих болсон. Тоо, баримт, санхүү, тайлан гэдэг нарийн зүйл болохоор манай ижил мэргэжилтэй хүмүүс намайг юу хэлж буйг сайн ойлгож байгаа болов уу.
Санхүү, нягтлан бодогчийн мэргэжлийг хүмүүс зөвхөн хэдэн тоо цохиод суудаг гэж буруу ташаа ойлгох нь бий. Гэтэл үнэндээ хамгийн чухал нь тоо цохихдоо бус, тэрхүү тоогоор илэрхийлэгдэж байгаа агуулга юм шүү дээ. Эдгээр тооны ард компанийн бүхий л үр дүн, хүмүүсийн хөлс хөдөлмөр, бидний бүтээж буй үнэ цэнэ, ажлын маань амжилт чанар “нуугдсан” байдаг. Энэ утгаараа надад ажил мэргэжил маань сонирхолтой сайхан санагддаг.
Миний хувьд их сургуулиа төгсөөд л АПУ ХК-тай холбогдсон болохоор өөр бусдын компани, ажил ямар байдаг тухай ойлголт муутай. Гэхдээ манай хамт олон, компани маань ажил амьдралаа зориулахад хамгийн жаргалтай, өөдрөг, бүтээлч хүмүүсийн нийлбэр болов уу гэж боддог. Би ер нь дуугай, даруухан талдаа хүн. Харин компанидаа ороод олон хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж, янз бүрийн араншинтай хүмүүсээс суралцаж, өөрийгөө бүтээж яваа.

Categories
Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

Бидний үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа баримтлах зарчим бол “Аюулгүй байдал үргэлж нэгт” юм.

Аюулгүй байдлын манлайлал
2021 онд АПУ компани “Аюулгүй ажиллагааны манлайлагч” аяныг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Аюулгүй ажиллагааны санал санаачилга гарган, эерэг зөв хандлагаар аюулгүй ажиллах технологийг өөртөө болон бусдад зуршил болгоход чиглэсэн, тасралтгүй 3 сар үргэлжлэх аянд Борлуулалтын газрын 127 ажилтан (худалдааны төлөөлөгч, мерчиндайзер, аудитор) болон Агуулах, тээвэр түгээлтийн албаны 134 жолооч амжилттай оролцож байна.

Categories
Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

Ослын давтамж

Манай ослын давтамж 2021 оны эхний хагас жилийн байдлаар 100 хүн тутамд 0.0 үзүүлэлттэй байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад 100%-иар буурсан (100 FTE тутамд 0.19) бөгөөд бид 2021 оны зорилтоо биелүүлсэн гэсэн үг юм. Эхний хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалт үүссэн осол бүртгэгдээгүй, ажлын байран дээр анхны тусламж аваад ажлаа үргэлжлүүлсэн жижиг бэртлийн тохиолдол 7 бүртгэгдсэн байна.2021 оны эхний хагас жилд ослын тохиолдлууд буурсан нь COVID-19 цар тахлын үеийн хөл хорио, хязгаарлалттай холбоотой. Хөл хорио болон хязгаарлалтын хугацаанд ажилтнуудаа аль болох зайнаас ажиллуулах бодлого баримтлан гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангасан.

Categories
Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

Бидний эрсдэлд суурилсан аюулгүй байдлын стратеги

Categories
Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

Дэлхийн аюулгүй байдлын өдөр

Бид 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дэлхийн Аюулгүй байдлын өдөрлөг зохион байгуулж, ‘Аюулгүй ажиллаад аз жаргалтай харьцгаая’ санаачилгыг бүх түвшний манлайлалаар хэрэгжүүлж, дотоод сувгуудаар аюулгүй байдлыг хангах уриалга, тэмцээнийг зохион байгуулсан.

Categories
Тогтвортой хөгжил Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал Uncategorized

Гэрээлэгчийн аюулгүй байдал

Бид дэлхийн стандартаар дамжуулан гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Гүйцэтгэгчийн аюулгүй байдлын шинэ стандартыг нэвтрүүлсэн. Энэ нь өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд төвлөрч, гэрээлэгчдийн мэргэшлийн болон менежментийн үйл явцыг оновчтой болгодог.

Categories
Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

Хөдөлгөөний аюулгүй байдал

Монгол улсад жил тутам 20 мянга орчим зам, тээврийн осол бүртгэгддэг ба уг ослоос шалтгаалан 2020 онд 430 хүн амь насаа алдсан байна. (Эх сурвалж: ТЦА-ны эмхэтгэл). Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгсэл болон хөдөлгөөний аюулгүй байдлын үзлэг, шалгалт тогтмол хийж, аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.

Categories
Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК 2021 оны хагас жилийн гүйцэтгэлээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 8-р сарын 16-ны өдрийн 21/11 тоот шийдвэрээр компанийн 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны 9-р сарын 03-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2022 оны 2-р сарын 10-ны өдрийн дотор төлнө.

Categories
Нийгэмд чиглэсэн бодлого

Дэм дэмэндээ-2 аянд нэгдэн өдрийн орлого тасалдсан иргэдэд тусламж үзүүлэв

Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасалдсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ-2” аян нийслэлийн хэмжээнд өрнүүлсэн. Энэхүү аяны эхлэл болж АПУ ХК 500 багц хүнсний тусламжийг Сонгинохайрхан дүүргийн засаг даргад хүлээлгэн өгч, хүнс, ахуйн хэрэглээний тусламжийн багцыг дүүргийн 43 хорооны 500 өрхөд хүлээлгэн өглөө.

Categories
Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил

Дархлаажуулалтын амин хүнс “Д” витаминтай сүүг ашгийн нэмэгдэлгүй хүргэв.

Судалгаагаар монголчуудын 90 гаруй хувьд нь Д амин дэмийн дутагдалтай гэж гарсан байдаг. Тиймээс цар тахлын үетэй холбогдуулж “АПУ Дэйри” компани худалдан авагчдынхаа дархлааг дэмжихээр “Д” витаминаар баялаг “САЙН” сүүгээ үйлдвэрийн өртгөөр хүнсний дэлгүүрүүдэд 2 сарын турш худалдааллаа.

Categories
Тогтвортой хөгжил Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

HEINEKEN-ийн амь насаа хамгаалах дүрмүүд

HEINEKEN-ийн амь насаа хамгаалах дүрмүүд нь манай компанид ажилладаг бүх хүмүүст хамаатай аюулгүй ажиллагааны дүрмүүд юм. Эдгээр нь эрсдэлийг бууруулах хөтөлбөрөөр дэмжигддэг бөгөөд ноцтой, хүний амь нас алдах ослоос урьдчилан сэргийлэх түлхүүр юм.

Үйл ажиллагаа эрхэлдэг бүх компаниуд Амь насаа хамгаалах дүрмийг дагаж мөрдөх ёстой. 2021 онд бид үйлдвэрлэл үйл ажиллагаандаа амь насаа хамгаалах 12 дүрмийг бүрэн мөрдөн ажиллаж байна.

Categories
Нийгэмд чиглэсэн бодлого Тогтвортой хөгжил

Харилцагчдын мэдлэг, боловсролд хийх хөрөнгө оруулалт

Монгол Улсын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхлэгч АПУ ХК нь Монгол орны өнцөг булан бүрт буй бизнес эрхлэгч, 10 мянга гаруй харилцагчдынхаа мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитоор хувь нэмэр оруулах зорилгоор “Амжилтын төлөө Хамтдаа 2021” цахим хэлэлцүүлэг зохион байгуулж олон нийтэд хүргэв.

Уг хэлэлцүүлгээр цар тахлын хүнд үед сорилт, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн салбарынхан, сэтгэл зүйч, брэнд бүтээгчдийн төлөөлөл оролцож бодитоор нүүр тулсан хүндрэлүүдийг хэрхэн боломж болгон хувиргах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч нийт 700 гаруй мянган хүнд хүрлээ.

Categories
Тогтвортой хөгжил Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

Аюулгүй системийг хөгжүүлэх


Аюулгүй ажлын систем нь манай хүмүүсийг аюулгүй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн үйл явцын аюулгүй байдлын нийгэмлэгийг Үйл ажиллагааны аюулгүй байдлын төвөөс дэмжин хөгжүүлж байна.
Бид эрсдэлийн хувилбаруудад дүн шинжилгээ хийх, харилцан ойлголцох, эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд эрсдэлийг үнэлэх аргыг боловсруулан, аюулгүй ажиллагааны ‘Эрдэлийг үнэлэх аргачлал’-г нэвтрүүлэв.

Categories
Тогтвортой хөгжил Зохистой хөдөлмөр ба Аюулгүй байдал

Аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний хагас жил коронавирусын цар тахлын тархалт огцом нэмэгдэж хүн ардын эрүүл мэнд, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Бид 2021 оны эхний хагас жилд компанийнхаа нийт ажилтнуудыг коронавирусын эсрэг вакцинд хамруулах компанит ажлыг зохион байгуулснаар тавдугаар сарын байдлаар нийт ажилтнуудынхаа 92 хувийг вакцинд хамруулсан.

Мөн халдвар тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжүүдээр ажлын орчныг тоноглох зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна. Эхний хагас ажилд 1480 ажилтнаа коронавирусын халдварын даатгалд хамруулжээ.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Төслийн менежер Х. Орломжав

Компани маань 2001 онд хувьчлагдан, Г. Батхүү дарга Гүйцэтгэх захирлаар томилогдон ирсэн даруйдаа бүх үйлдвэрийг бүрэн шинэчлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн олон шинэ бүтээгдэхүүн, брэнд бий болгох нөр их ажлыг эхлүүлсэн. Миний хувьд Архины үйлдвэрийн бүрэн шинэчлэлийн төсөлд гар бие оролцон, Ус ундаа, Спирт, Сүүний шинэ үйлдвэрийн төслийг удирдан, төслөө дуусмагц тэр үйлдвэрийнхээ даргаар ажиллаж байлаа.

Алтан босготой энэ сайхан компани инженер мэргэжилтэй хүний мөрөөдөж болох тэр олон үйлдвэрийн төслийг удирдах боломжийг надад олгосон нь миний хувь хүний хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийж, олон олон үнэ цэн, үнэт зүйлс, мэдлэг, чадварыг надад хайрлажээ гэж би дотроо бэлэгшээж явдаг. Өмнө минь шинэ боломж, шинэ хаалга нээгдэх бүрд би өөрийн өмнө нээгдсэн боломж, хаалга болгоныг бусдын өмнө ч бас нээхийг хичээж ирсэн.
Би бол АПУ компани, сайхан хамт олныхоо буянд ер бусын аялал хийж, адал явдал дүүрэн амьдралаар аз жаргалтай амьдарч байгаа эгэл жирийн инженер хүн. 1992 онд ОХУ-ын нийслэл Москва хотын ХТДС-ийг “Хүнсний үйлдвэрийн механик инженер” мэргэжлээр төгсөж ирээд ХҮЭШЗТИ-ийн Зохион бүтээх товчоонд зургийн техникчээр ажилд орсон. Гэхдээ удаагүй ээ. Учир нь тэр жилээс шинжлэх ухааны байгууллагуудыг улсаас санхүүжүүлэхээ больж, олон хүн цомхтголд орсны нэг нь би болсон. Улмаар 1999 оны гуравдугаар сард АПУ ХК-ийн КИП засварчнаар орж, Б.Батбаяр инженерийнхээ удирдлаганд ажиллаж эхэлсэн.
Ажиллаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг өдөр дотуур утас дуугарч “Ерөнхий инженер Ганжав байна. Батбаяр наана чинь байна уу? гэлээ. “Инженер байхгүй байна” гэхэд “Чи чинь хэн билээ, юун хүүхэд билээ?” гэхээр нь “Х.Орломжав байна” гээд нэрээ хэлтэл “Чи манай өрөөнд ирээд энэ зургийг авчих, зураг зурж чадах уу?” гэж байна. Анх удаа ерөнхий инженерийн өрөөнд өвдөг чичирсхийн зогсож байгаад зурах ёстой зургаа тайлбарлуулж аваад гарсан. Шөнөжин зураад, маргааш өглөө нь авчирч өгөхөд инженер маань “Зураг зурдаг инженер хүүхдийг 6-р зэрэгтэй болго” гэсэн үүрэг өгч, би гэдэг хүн хамгийн дээд зэрэгтэй засварчин болж, магнайгаа хагартал баярлаж билээ.
Аливаа ажлыг багаас нь эхэлж, хамт олон дотроо хүн болж төлөвших, инженер мэргэжилдээ эзэн болох гэж хичээх ёстойг ойлгуулсан эхлэл нь энэ бүхэн байсан юм болов уу гэж би одоо боддог. Тэрнээс хойш КИП-ийн засварчнаас эхлээд оператор, мастер, үйлдвэрийн дарга, төслийн удирдагч зэрэг олон газар ажилласан. Одоо би Маркетингийн газарт менежерээр ажиллаж байна. Сүүлийн үед хүмүүс надаас “Чиний үндсэн мэргэжил яг юу билээ? Яагаад ийм олон янзын ажил хийгээд байдаг юм бэ?” гэж их асуудаг юм.
Хүмүүн бид өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээс дунд амьдардаг. Өнгөрснийг бүтээсэн ахмадууд болон ирээдүйн эзэд залуусаа хүндэтгэн, нэг нэгэндээ нээлттэй, илэн далангүй байж, хэн хэнээсээ харилцан суралцаж, хамтран ажиллаж байж илүү их хөгжил, илүү том амжилтанд хүрнэ гэж би боддог. Энэ бүхэнд хамтарч ажиллаж, дэмжиж, урам зориг өгч, намайг хурцалж байсан бүх хүмүүстээ “Баярлалаа, хайртай шүү” гэдэг үгсийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК ₮1 их наяд зах зээлийн үнэлгээтэй болсонтой холбогдуулан МХБ-ийн арилжааны “Цан цохих” ёслол боллоо

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09) — Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.  

“ АПУ ХК-ийн удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргасан ба ингэснээр үйл ажиллагаа, үнэ цэн өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг бусад томоохон компаниудад илтгэн харуулж байгаа явдал гэж билэгшээж байна. АПУ ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлогыг сүүлийн жилүүдэд баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр хувьцаа болсноор хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй багтах хувьцаа болж чадсан байна. Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй хүнсний салбарын ууган үйлдвэр АПУ ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд халуун баяр хүргэе.” гэж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2000 гаруй ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ-ыг экспортын стратегийн зах зээлээр тодорхойлсон бөгөөд 2019 онд ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлэх ажлаа эрчимжүүлсний үр дүнд тус хоёр улсад экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос даруй зургаа дахин нэмэгдээд байна. 

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Хайнекен болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон. Нэгдлийн үр дүнд АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болж, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлон манлайлж буй Хайнекен компани тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр бүртгэгдсэн. Ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг бататгахын зэрэгцээ олон улсад шингэн хүнсний томоохон үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу үнэлгээтэй компани болох эхлэл тавигдсан билээ.

“Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” хэмээн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй АПУ компани нь хөгжлийн дараагийн шатанд гарч, тасралтгүй хөгжил дэвшлийн сууриа бататган ажиллаж байна. Цаашид, зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавиад байна.

Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

ТАЛАРХАЛ

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн өдөр тохиолоо. Ийнхүү Монгол бизнес дэлхийн зах зээлд гарах хөгжлийн дараагийн үе шатны суурь тавигдаж байна.
Бидэнд итгэл үзүүлж 97 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн үе үеийн эрхэм хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хүндэт хэрэглэгчид, хамтын ажиллагаат түнш байгууллагууд та бүхэнд гүн талархал илэрхийлье!

АПУ Хувьцаат компани

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: “АПУ Дэйри” ХХК-ийн Үйлдвэрлэлийн менежер Ц.Сайнбаяр:

 

Миний аав Ө.Цэрэндэжид салбартаа нэр хүндтэй, олон ч бүтээн байгуулалтыг гардаж хийсэн механик инженер хүн байсан. Аав минь надад мэргэжлээ өвлүүлж, бас дээр нь “Залуу байхдаа маш сайн сурч мэдэж авах хэрэгтэй. Мэдэхгүй байгаагаа шууд хэлэхээс эмээж, ичих хэрэггүй. Шинийг сурч мэдэхэд тэмүүлж, нэг алдсан алдаагаа давтаж гаргахгүй байх нь чухал” хэмээн захиж үлдээсэн. Үүнийг би одоо ч эрхэмлэн бодож, бусдаас суралцах, мөн өөрийн олж мэдсэнээ хуваалцахыг хичээж яваа. Анх 2003 онд АПУ ХК-д ажилд ороход техник технологийн шинэчлэлтийн ажил ид эхлээд байсан. Хэрэв шинэ ажилд ороход хамгийн төгс цаг хугацаа гэж байдаг бол миний хувьд тэр нь тохиосон гэж боддог. Дэлхийд алдартай Германы техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд АПУ-гийн ахмад, дунд, залуу үе цөм зэрэгцэн зүтгэсэн. Шинэ юм бүхэн хичээл байдаг. Бид дэлхийн технологиос суралцахын сацуу хичээл зүтгэлээрээ өөрийн болгож, шинэ технологийг хамтдаа нэвтрүүлж чадсан нь эргээд харахад бахархалтай санагдаж байна.

Шинэ төсөл, техник технологи нэвтрүүлэх үед бид гаднын мэргэжилтнүүдээс маш их зүйл сурч мэдэж авдаг. Тэдний ноу-хау тоног төхөөрөмж технологийг даган тэр чигтээ бидэнд орж ирдэг. Энэ бүгдийг сурч авна гэдэг бидэнд маш их боломж, мэргэжлийн хувьд өсөж дэвших их аз завшаан болдог.
Хамт олонтойгоо олон ч сайхан ажлын ард гарч байснаас шинэ Сүүний үйлдвэрийн төслийг онцлон дурдахыг хүсэж байна. Тухайн үед Ц. Эрдэнэбилэг захирлаар удирдуулан А.Мэндбаяр, Х.Орломжав дарга, Т.Сарантуяа ахлах технологич, Б.Нямбаяр ахлах инженер нартайгаа хамтран 2012 оноос эхлэн судалж, цаасан дээр анхнаас нь зурж эхэлсэн. Олон хувилбараар зурж төсөөлж, тоног төхөөрөмжийн сонголт, Олон улсын компаниудтай гэрээ хэлцэл хийх гээд тэр бүх хугацаанд маш их зүйл сурч авсан. Аавынхаа захиж хэлсний адил мэдэхгүйгээ нуулгүй хэлж, түүнийгээ сурч өөрийн болгохын тулд хичээн зүтгэсээр 2014 онд хуучин үйлдвэрийнхээ эцсийн бүтээгдэхүүнийг дуусган, өөрийн гар бие оролцсон цоо шинэ үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн гарахыг харж зогсож байлаа. Хуучин үйлдвэр маань 10 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо 100 гаруй хүнтэй өнөр өтгөн хамт олон болсон.

Үйлдвэр гэдэг тасралтгүй үргэлжилж байдаг амьд процесс. Тэр дундаа шингэн хүнс дотроо сүү бол хадгалах хугацаа богино, тусгай нөхцөл шаарддаг, хамгийн эмзэг бүтээгдэхүүн. Мөн бүх насныхан хэрэглэдэг учир чанар стандарт, эрүүл ахуйг маш сайн анхаарч хангах шаардлагатай. “Үнээний дэлэн амрах биш” гээд манайхан хоорондоо ярьдаг юм. Сүүний температур, бохирдлын үзүүлэлтээс хамааран богинохон хугацаанд шаардлага хангахгүй болох гээд байдаг тул маш хурдан шийдвэр гаргаж, боловсруулалт хийх, жигд ажиллагааг хангах гэхчлэн ур чадвар, хурд их шаарддаг. Энэ хэрээрээ сонирхолтой, сайхан ажил.

Анх ажилд ороод, залуухан инженер байхдаа олон жил ажилласан ах эгч нараа хараад яаж нэг газраа ийм удаан ажиллаж чадаж байна аа гэж гайхдаг байсан. Тэгтэл одоо өөрөө тэдний нэг болчихсон явж байна (инээв). Гэхдээ жаргалтайгаар гэж тодотгон хэлье. Миний амьдрал гэр бүл гээд бүх зүйл энэ хамт олонтой маань салшгүй холбоотой болжээ. Амьдралынхаа ханьтай энэ компанидаа учирсан, одоо гурван хүүхдийн аав, ээж болоод сайхан амьдарч байна. Миний амьдралын аз жаргалтай, зовлон гунигтай бүхий л үед энэ хамт олон цуг байсан.

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: “СББТ” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Э. Нандин-Эрдэнэ

Би дунд сургуульд байхдаа тооны хичээлдээ дуртай байсан болохоор санхүүгийн мэргэжил илүү ойр санагддаг байсан. Тэр сонирхлоо даган ХҮИС-ийг нягтлан бодогч, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж, төгссөн жилдээ MBC компанид орж байлаа. MBC компани дэлхийн 190 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, алдарт HEINEKEN компанийн хөрөнгө оруулалттай байсан тул дэлхийн шилдэг компанийн туршлагаас их олон зүйлс сурч авсан. Бүх зүйл нь тогтсон нэг стандарттай, бүх шатандаа бизнесийн үйл ажиллагааны процесс нь тодорхой, тогтсон дүрэм журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагаа нь явагддаг. Энэ бол бизнес өсөн дэвжихэд их том хөшүүрэг болдог. Санхүүгийн мэргэжил бол алдах эрхгүй, хариуцлагатай байхыг хувь хүнээс шаарддаг.

Бид багаараа HEINEKEN компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 20 гаруй улсын Санхүүгийн албадын дунд явагддаг “Be the best” буюу тайлан мэдээгээ цаг тухайд нь алдаагүй хүргүүлэх, санхүүгийн багийн шинэ бүтэц зохион байгуулалтыг HEINEKEN-ийн шаардлагын дагуу нэвтрүүлэх, санхүүгийн тайлагналын дотоод хяналтыг сайжруулах гэх мэт мэргэжлийн хүрээг хамран явагддаг уралдаанд 2015 онд 3-р байр, 2016 онд амжилтаа ахиулан Тэргүүн байр эзэлж, 10,000 еврогоор шагнуулж байсан. Ажил мэргэжлийнхээ хүрээнд олон улсын шилдгүүдтэй өрсөлдөж, хичээл зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Монгол мэргэжилтнүүд дэлхийн хаана ч өрсөлдөхүйц хэмжээний мэдлэг чадвартай юм байна гэдгээ багаараа нотлон харуулсан бахархалтай үйл явдал байсан. Ингээд компанийнхаа Тогтвортой хөгжлийн “Илүү сайхан дэлхийг цогцлооё” стратегийн хүрээнд бид шагналынхаа мөнгийг өөрсдөдөө биш хэрэгцээтэй хүмүүст нь хүргэхээр шийдсэнээ Байгууллагын Харилцааны газартаа хэлснээр бид хамтран Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт хандан тус дүүргийн тусламж нэн шаардлагатай 10 айлд иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж байлаа. Залуу хүний хувьд АПУ компанид ажиллахдаа бахархалтай байдаг олон хүчин зүйлс бий. Тэдгээрийн нэг нь хамт олныхоо сурч хөгжих нөхцөлийг нь бий болгож, илүү бүтээлч ажиллах боломжийг бүрдүүлдгийг онцлон дурдмаар байна. Мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, техник технологийн дэвшлийг үр дүнтэй ажилдаа ашиглах талаас нь олон шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үүндээ хүн бүрийг оролцуулах замаар хувь хүний болон компанийн өсөлт дэвшилд хүргэж байдаг нь сайхан санагддаг. Хамгийн сүүлд АПУ групп компанийн хэмжээнд ихээхэн хүч, хөрөнгө зарцуулан хэрэгжүүлж байгаа борлуулалт ложистикийн нэгдсэн программын төслийг багийнхныхаа хамт амжилттай нэвтрүүлээд, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа. Монгол өв соёлоо, уламжлалаа дээдлэн шинийг бүтээж буй 100 жилийн түүхтэй Монгол Улсын шингэн хүнсний салбарын тэргүүлэх компани болох АПУ компанидаа үе үеийн олон сайхан чадварлаг хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажилладгаараа үнэхээр бахархдаг.

Categories
Шар айраг Heineken Брэндүүд

Heineken 0.0

Амстердам хотод анх үүсэн Жерард Адриан Хайнекен хэмээх үүсгэн байгуулагчийн нэрээр нэрлэгдсэн дээд зэрэглэлийн Heineken® брэнд нь дэлхийн 172 гаруй оронд борлуулагдаж байна. Чанар бол Heineken® брэндийн хамгийн чухал үзүүлэлт бөгөөд уламжлалт технологийн дагуу исгэсэн өөрийн нэрийн “А” хөрөнгийг ашиглан үйлдвэрлэдэг. Хайнекен 0.0 нь 2 дахин исгэж алкохолыг шүүн авсан төдийгүй Хайнекен шар айргийн тэнцвэртэй амт чанарыг хадгалж чадсанаараа давуу талтай.

Categories
Хэвлэлийн мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК-ийн ₮1 их наядад хүрсэн амжилтын түүх

Энэхүү тусгай дугаараар бид Монголын хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрээд буй хүнсний ууган үйлдвэр АПУ ХК-ийн талаар онцоллоо. Олон улсад “тэр компани их наяд долларын компани боллоо” гээд баахан шуугидагтай адил АПУ ХК-ийн тус амжилт ч түүхэн явдал юм. 

Тусгай дугаарын агуулга: 

  1. АПУ ХК-ийн нэгэн зууны түүх
  2. Blue Chip хувьцаа гэж юу вэ?
  3. Компанийн хилийн чанад дахь стратеги

1. НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХ

Тэртээ 1924 онд Ардын Засгийн Газрын 7-р хурлаар “Архины онц эрхийг улсын санд авах тухай” дүрмийг баталснаар, 14 ажилтантай анхны архи, архины төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр нийслэл хотод маань нээгдэж байжээ.

Түүнээс хойших түүхийг тоймловол…

  • 1927-1961: Төд удалгүй 3 жилийн дараа тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Чех улсын тусламжтай шар айраг үйлдвэрлэж, ЗХУ-ын тусламжтайгаар архи, пивоны комбинатын барилга, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтын ажлуудыг амжуулав. 
  • 1992-2001: Ийнхүү Архи, пивоны комбинатыг АПУ ХК хэмээн нэрийдэн, нийт хувьцааны 51%-ийг төрийн мэдэлд, 49%-ийг хөрөнгийн биржээр арилжаалж эхлэв. 2 жилийн дараа, 2001 онд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын салхийг хагалж, төрийн мэдэлд байсан 51%-ийн хувьцаа АПУ ХК-ийн хувийн өмчид бүрэн шилжиж байжээ.
  • 2003-2014: Дараагийн 10 жилд 20 сая литр шар айргийг шил, ган торхонд савлах хүчин чадалтай үйлдвэр, сүү, жимсний шүүсний үйлдвэрийг тус тус байгуулав. Мөн спиртийн шинэ үйлдвэр “Натур-Агро”, шингэн хүнсний салбарт шинэ технологийн тусламжтай шар айрагны үйлдвэр, бүрэн автомат “АПУ Ложистик” төв зэрэг бүтээн байгуулалтуудыг хийжээ. 

Өсөлтийн үе: Ийнхүү тэд үйл ажиллагааны хүрээгээ тэлсээр 2017 онд дэлхийд шар айрагны үйлдвэрлэлээрээ хоёрт эрэмбэлэгддэг 154 жилийн түүхтэй алдарт Heineken компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэж, Монгол Улсын шингэн хүнсний салбарыг чиглүүлэгч компанийн суурийг тавьж чадсан юм. Уг нэгдлийн үр дүнд $94 саяын зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуусгаснаас гадна олон улсад гарах томоохон үүд хаалга нээгджээ.

Absolute Pure Unique: Өнөөдөр тэд шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлэн, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилгодоо хүрэхэд тэдэнд:

  • 3,300: Дотоодын газар тариалан эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгч
  • 155: Малчид, сүү бэлтгэн нийлүүлэгч
  • 470: Олон улсын бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж, дэлхийд танигдах боломжийг нэмэгдүүлж буй ажээ. 

Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол… Тус компани өнгөрсөн 2 жилд цар тахлын эсрэг бизнесийн шуурхай хариу, арга хэмжээ авч хурдтай ажилласнаар өөрсдийгөө хэр чадварлаг компани вэ гэдгээ батлан харуулах шиг боллоо. Магадгүй энэ нь тэдний хувьцааны ханшийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг ч байж болох юм даа.    

2. “BLUE CHIP” ХУВЬЦАА 

Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад томоохон тогтвортой компанийн хувьцааг blue chip хувьцаа гэж нэрлэдэг юм. Тухайлбал, Америкаас Coca-Cola (KO), Amazon (AMZN), Японоос Softbank (9984), Canon (7751) зэрэг компаниудын хувьцааг нэрлэж болох бол манай улсын хувьд АПУ (APU)-г дурдах нь зүйтэй. 

  • Өсөлт: АПУ-гийн нэгж хувьцаа 2016 онд ₮436.3 байсан бол өдгөө 117.6%-аар өсөж, ₮949.5-д хүрсэн байна. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрсэн компани болж буй юм. 
  • YTD: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд л 68.2%-аар өссөн.

Бяцхан тооцоолол хийгээд үзье. Та 5 жилийн өмнө АПУ-гийн 10,000 ширхэг хувьцааг зах зээлийн ханшаар, нийт ₮4.3 саяар авсан гэж төсөөлье. 2020 хүртэлх энэ хугацаанд ногдол ашгаас гэхэд л нийтдээ ₮2.2 саяыг, ханшийн өсөлтөөс ₮5.1 саяын ашиг олох боломжтой байжээ. Тодруулбал 168.8%-ийн өгөөж хүртэж, ₮7.3 саяын ашиг шүү дээ. Тэгэхээр жилд дунджаар 33.8%-ийн ашиг олно гэхээр ямар ч хадгаламж, сангийн өгөөжөөс өндөр болох нь харагдаж байна.  

9,112 хувьцаа эзэмшигч 

Нээлттэй хувьцаат компанийн гол учир олон тооны хүн хувь эзэмшиж байгаад оршдог шүү дээ. Тэгвэл АПУ-гийн хувьд нийтдээ 1.1 тэрбум ширхэг хувьцаа нь зах зээл дээр эргэлддэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн тоо нь сүүлийн нэг жилийн хугацаанд 50%-аар нэмэгдэж 9,112-д хүрчээ. 

  • Бүтцийг задлан харвал… Компанийн 56%-ийг Шунхлай Групп эзэмшиж байна. Үлдсэн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс дурдвал Heineken 25%, Steppe Beverage KFT 13% тус тус эзэмшдэг ажээ. Харин хувьцаа эзэмшигчдийн дотор дэлхийн томоохон компани болох Heineken байгаа нь засаглалын стандартыг дараагийн түвшинд аваачиж, дотоодын бусад хувьцаат компаниудаас хавь илүү алхах боломжийг олгож байгаа нь дамжиггүй. Гадаадууд яалт ч үгүй компанийн тогтолцоонд шилжээд хавь илүү оймс элээсэн нь тодорхой.

Онцлох 3 санхүүгийн үзүүлэлт 

Борлуулалтын орлого: Өнгөрсөн онд ₮492.3 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өссөн дүн аж. Харин 2021 оны эхний хагас жилд өнгөрсөн оны борлуулалтын орлогын 62%-ийг буюу ₮305.0 тэрбумыг аль хэдийн олжээ.  

Ногдол ашиг: Тэд сүүлийн 6 жилийн хугацаанд тасралтгүй ногдол ашиг тараав. Өнгөрсөн жилийн хувьд нэгж хувьцаанд ₮95, нийтдээ ₮101.1 тэрбумын ногдол ашиг олгосон аж. Монголд ингэж ногдол ашиг тараадаг компанийг хаанаас ч олох боломжгүй. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед ногдол ашиг олгоно гэдэг бол хөрөнгө оруулагчдаа бодсон оновчтой бодлогын илрэл шиг.

Үнэ ашгийн харьцаа (P/E Ratio): 2020 оны эцэст компанийн үнэ ашгийн харьцаа 8.5 байсан бол үүнээс хойш хувьцааны ханш 68.2%-аар өссөнөөр 2021 оны эхний хагаст тус харьцаа 12.1 болж нэмэгджээ. Уг харьцаа нь компанийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээг харуулдаг юм. Шинжээчдийн дунд тус харьцаа 15-аас бага байх нь компани зах зээл дээр дутуу үнэлэгдсэн, цаашид өсөх магадлалтай гэх ойлголт байдаг. Сонирхуулахад S&P 500 индексийн үнэ ашгийн харьцаа 13-15 гэсэн тоонуудын хооронд хэлбэлзсээр иржээ.  

Том тоонууд… 

25.9%: АПУ зах зээлийн үнэлгээгээр Монголын хөрөнгийн зах зээлийн 25.9%, хамгийн өндөр үнэлгээтэй 20 компанийн 52.3%-тай тэнцүү. 

91%: Монголын хийжүүлсэн ундааны зах зээлийн 3%, импортын согтууруулах ундааны 10%, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 31%, пивоны зах зээлийн 91%, цагаан архины зах зээлийн 83%-ийг тус тус эзэлж байна. Базарваань. 

18.5%: Сүүлийн 5 жилийн хугацаанд ₮1.9 их наядын орлого олсон нь Монголын ДНБ-ны 18.5%-тай тэнцүү юм. 

10,256 жил: Өнгөрсөн жил ₮492.3 тэрбумын орлоготой ажилласан нь нэг олимпын алтан медальтай тамирчинд ЗГ-аас 10,256 жилийн туршид сар бүр ₮4 саяыг олгох дүн аж. 

3. ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ СТРАТЕГИ 

Source: Сэнгүр зарагдаж буй Шанхайн хотын шар айрагны газар Twitter (@zoltsengel)

“АПУ ХК-г баахан л магтаж, зах зээлд томоохон тоглогч болсон тухай зөндөө халлаа. Тэгвэл цаашид яг яах юм бэ? Бизнес хэрхэн өргөжин тэлэх төлөвлөгөө байгаа юм уу” гэж үү? Байлгүй яахав. Ер нь дотоодын зах зээлээ чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангаж буй тэдний хувьд одоо дэлхий гэдэг далай шиг уудам зах зээл рүү нэвтэрч байна. 

Twitter дээр Сэнгүр пиво Шанхайн шар айрагны сүлжээ газарт хамгийн өндөр борлуулалттай байгаа тухай явсан нэг постыг та хэд маань санаж байна уу? Ээ дээ, энэ компани ажлаа хийгээд эхэлжээ гэсэн үг.  

Экспортын тухай… Тэд сүүлийн жилүүдэд эх орныхоо шингэн хүнсийг төлөөлж Хятад, ОХУ руу архи, шар айрагны төрлийн бүтээгдэхүүнүүдийг амжилттай экспортолж, ОХУ-ын 326 худалдааны цэгүүд, Хятадын 138 салбартай дэлгүүр болон онлайн дэлгүүрээр дамжуулан худалдаалж байна. Хэдий цар тахалтай байсан ч 2020 онд ОХУ-д борлуулалт 45%, Хятадад 7% өсжээ. Харин 2021 оны эхний хагас жилд Хятад дахь борлуулалт өмнөх оны мөн үеэс 6 дахин, ОХУ дахь борлуулалт 2 дахин нэмэгдсэн байна. Мөн ирэх 5 жилд борлуулалтын орлогын 20%-ийг экспортын орлогоос бүрдүүлэх зорилго тавиад буй юм.

  • Экспортын зах зээл: ОХУ, БНХАУ
  • Туршилтын зах зээл: Япон, Солонгос, Европын Холбооны улсууд

Солонгон эдийн засаг… Бид ганц уул уурхайгаас хараат бус байх тухай олон жил ярилаа. Гэвч экспортын 70-80%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж давамгайлсан дүр зураг өөрчлөгдөөгүй байна. Харин экспортоо солонгоруулах нэг боломж бол яалт ч үгүй шингэн хүнсний зах зээлд хүч түрэн АПУ ХК олон улсад өрсөлдөх явдал юм. 

ESG (Environment, Social, Governance)…Орчин үед ESG-ийг их ярих болсон. Тэгвэл АПУ ХК-ийн хувьд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд маш их анхаарч, дараах ажлуудыг хийгээд байна.

Тухайлбал:

  • Байгууллага дотроо: Үйлдвэрлэлийн дотоод хэрэглээнд 2020 онд 11 сая литр ус дахин ашигласан. Ажилтны аюулгүй байдлыг хангаж 200,000 хүн цаг тутамд ногдох үзүүлэлт 0.19 болсон нь өмнөх жилээс 58% буурчээ.
  • Байгууллагаас гадна: Экологийг дэмжих хүрээнд цөлжилт, хуурайшилтын эсрэг  “Мод бид хоёр” төсөл, байгальд ээлтэй амьдрах хэв маягийг түгээх “Соёлоор гоёно” төсөл. Чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд 100 оюутныг шалгаруулан тэтгэлэг олгосон. 

ESG сайтай байж л олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна олон давуу талыг олж авдаг. Тодруулбал, хямд зээлийн эх үүсвэр олох, нэр хүндтэй хөрөнгийн биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, томоохон орнуудад бүтээгдэхүүнээ экспортлоход ESG үнэлгээг нь шалгадаг болсон цаг үе шүү дээ.

Инновац:

АПУ ХК нь зөвхөн архи, шар айрагны зах зээлээс гадна, сүү сүүн бүтээгдэхүүн,  ус ундааны зах зээлд 60 жилийн түүхийг бичилцэн, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 31%-ийг эзэлдэг болжээ.

  • Сүүн бүтээгдэхүүн: Уламжлалт сүүн бүтээгдэхүүнээс гадна, dairy snack болох аарцан амттан, шар сүүтэй чихэр, жимстэй ааруул зэрэг инновацлаг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна. 
  • Ус, ундаа: Эмийн ургамалтай хийжүүлсэн ундаа, жимсний амттай хийжүүлсэн ус, байгалийн эрдэс баялгаар дүүрэн энергийн ундаа зэрэг зөвхөн АПУ л үйлдвэрлэдэг бренд шингэн хүнсийг бий болгосон.

Өөрсдийн технологи, арга барилаар дотоодын сүүн бүтээгдэхүүний зах зээлийн тодорхой хэмжээний байр суурийг эзэллээ. Бүүр цаашлаад дэлхийн сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээний 50%-ийг бүрдүүлдэг Ази, Европын орнуудад экспортлох боломж ч байгаа юм. 

4. ЭЦЭСТ НЬ 

Таны мэдлэгт нэгэн зүйл нэмэрлэе. 

Dividend Stock: Сүүлийн үед гаднын хөрөнгө оруулагчдын дунд ногдол ашиг сайн тараадаг хувьцаанд хөрөнгө оруулж, ногдол ашгаараа буцаагаад тухайн хувьцаагаа авдаг хөрөнгө оруулалтын стратеги тренд болж байна. Тэгвэл та хэлүүлэлтгүй АПУ яг тийм хувьцаа байж чадна гэдгийг мэдэж байгаа байх. Ийм хувьцаанд хөрөнгө оруулснаар бараг л хадгаламж шиг тогтвортой өгөөж хүртэж хуримтлал үүсгэх боломж бүрддэг. Дээрээс нь хувьцааны ханш өсөж болно шүү дээ. 

За ийнхүү бид ээлжит нэгэн тусгай дугаараараа дотоодын хөрөнгө оруулагчдын бахархал болсон АПУ ХК-ийн талаар онцоллоо. 

Уул уурхайн бус салбарын үндэсний ямар компани дэлхийн хэмжээнд гарч чадах бололцоотой вэ гэвэл хамгийн түрүүнд АПУ-г л гэж хэлнэ. Тэд гэрийн даалгавраа ч сайн хийж байгаа. Дэлхийн топ компанитай нэгдэж, ESG-дээ маш сайн анхаарч, экспортын зах зээлээ өргөжүүлээд эхэлсэн. Тэгэхээр цаашдаа бидний хувьд энэхүү үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, цаашдаа хамтдаа үр шимийг нь хүртэх боломж бүрэн дүүрэн байна шүү. 

Товхимлын 7 сарын 30-ны тусгай дугаараас.Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар ороорой.  

Эх сурвалж: https://lemonpress.mn/news/special_apu/