Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК ₮1 их наяд зах зээлийн үнэлгээтэй болсонтой холбогдуулан МХБ-ийн арилжааны “Цан цохих” ёслол боллоо

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09) — Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09) — Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.  

“ АПУ ХК-ийн удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргасан ба ингэснээр үйл ажиллагаа, үнэ цэн өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг бусад томоохон компаниудад илтгэн харуулж байгаа явдал гэж билэгшээж байна. АПУ ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлогыг сүүлийн жилүүдэд баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр хувьцаа болсноор хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй багтах хувьцаа болж чадсан байна. Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй хүнсний салбарын ууган үйлдвэр АПУ ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд халуун баяр хүргэе.” гэж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2000 гаруй ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ-ыг экспортын стратегийн зах зээлээр тодорхойлсон бөгөөд 2019 онд ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлэх ажлаа эрчимжүүлсний үр дүнд тус хоёр улсад экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос даруй зургаа дахин нэмэгдээд байна. 

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Хайнекен болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон. Нэгдлийн үр дүнд АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болж, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлон манлайлж буй Хайнекен компани тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр бүртгэгдсэн. Ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг бататгахын зэрэгцээ олон улсад шингэн хүнсний томоохон үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу үнэлгээтэй компани болох эхлэл тавигдсан билээ.

“Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” хэмээн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй АПУ компани нь хөгжлийн дараагийн шатанд гарч, тасралтгүй хөгжил дэвшлийн сууриа бататган ажиллаж байна. Цаашид, зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавиад байна.