Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Г. Хаш-Эрдэнэ Савлалтын үйлдвэрийн ахлах инженер

Г. Хаш-Эрдэнэ Савлалтын үйлдвэрийн ахлах инженер

Би багаасаа л физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай байсан. Эргэн тойрны бүхий л зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой, утга учиртай, тэдгээрийн гаргалгаа шийдэл бүр нь тооцоологдож болдог, томъёолж болдог. Ямар нэг гэнэтийн, санаандгүй зүйл болох магадлал бараг байдаггүй юм шиг. Энэ утгаараа эзэмшсэн мэргэжилдээ дуртай, одоо ч эргэн тойрны бүхий л зүйлийг сониучирхан, ажиглаж явдаг.

Миний хувьд 2012 онд МУИС-ийг төгсөөд АПУ ХК-д ТАА-ны Кип Автоматикийн техникчээр ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед манайхан бүгд л миний үеийн, залуу хүмүүс байсан учраас хамтдаа бие биенээсээ суралцаж, хүсэл тэмүүлэл, эрч хүч дүүрэн шижигнэсэн уур амьсгал бүрдсэн байсан. Хамтдаа өсөн дэвжиж, нэг зорилгын төлөө явсаар мундаг инженерүүд болсныг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамт олон бол ажлын томоохон, чухал хэсэг. Тийм учраас зөв сэтгэлтэй, сайн хамт олон бүрдэнэ гэдэг ёстой бурхнаас өгсөн бэлэг, зол завшаан болов уу гэж боддог.

Одоогоор би савлалтын үйлдвэрийн ахлах инженерээр ажиллаж байна. Өөрийн удирдлагад 15 инженер, техникийн ажилтнуудын хамтаар ажилладаг. Өмнө нь лабораторийн нийт 130 гаруй тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахдаа ганцаараа төлөвлөгөөгөө гаргаад, гүйцэтгэлээ хийдэг байсан. Харин дараа нь үйлдвэрт орж ажиллахад маш өөр, шинэ орчин намайг угтсан. Ганцаараа биш олуулаа, багаараа ажиллаж хамтын төлөвлөгөө, хамтын гүйцэтгэлтэй холбогдоод ирэхээр их сонирхолтой, бүтээмж ч тэр хэрээр өндөр. Бүх зүйлийг том зургаар, илүү цогцоор нь хардаг болсон. Удаан хамт ажиллаад эхлэхээр зөвхөн ажил, ажлын хамтрагч гэдэг утгаас давж нэг нэгэндээ санаа тавих, халамжлах, “бид” гэсэн нэгэн цул сэтгэлтэй болдог юм байна. Ийм уур амьсгалыг бүрдүүлж чадсан хамт олондоо дотроо талархаж, бахархаж явдаг.

Хэдийгээр багаараа ажилладаг ч хувь хүний ур чадвар, мэргэшил, хичээл зүтгэл их чухал. Тийм ч учраас манай компани ажилтнуудаа сургаж, мэргэшүүлэх, шинэ ур чадвар дадалд суралцахыг их дэмждэг. Би лабораторийн инженер байхдаа ажлын шугамаар Германд архины шинжилгээ хийдэг багажны засвар үйлчилгээ болон тохируулга, гэнэтийн эвдрэлийн үед авах арга хэмжээ, шинжилгээг хэрхэн зөв хийх талаар сургалтад хамрагдсан. Үүний ачаар outsourcing буюу гаднын компаниар хийлгүүлдэг байсан засвар үйлчилгээг одоо бид өөрсдөө хийдэг болсон.
Хувь хүний амжилттай ажиллах гол нууц бол эрүүл мэнд гэж боддог. Эрүүл, эрч хүчтэй хүн ямар ч ажил, асуудлын ард гарч чадна. Тийм болохоор ажлынхаа хажуугаар спортоор хичээллэх, тэр дундаа усан спортод сонирхолтой. Компанийнхаа усан спортын сонирхлын клубийн админаар ажилладаг. Мөн компанийн маань ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч бэлтгэн хүргэдэг “Active APU” хөтөлбөрт нэгдэж, усан сэлэлтийн анхан шатны техникүүдийг мэргэжлийн багштай хамтран хүргэсэн. Манайхан одоо ихэнх нь усан сэлэлтийн анхан шатны техникээ эзэмшчихсэн байгаа. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй өөр нэг зүйл бол би Хүндэт донор. Одоогоор цус, сийвэн нийлээд нийт 58 удаа, 23 литр цусаа хандивласан. Монголчууд бид цөөхүүлээ. Тийм учраас цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах хэрэгцээ маш их бий. Сүүлдээ цусны төвийнхөн таны цусаа өгөх хугацаа болчихсон байна, бидэнд яаралтай эс хэрэгтэй боллоо гээд залгадаг болсон. Энэ их сайхан байдаг.