Би Москвагийн Хүнсний технологийн дээд сургуулийг исгэлтийн үйлдвэрийн инженер, технологич мэргэжлээр төгссөн. Уг нь миний анх бодсоноор бол тэс ондоо мэргэжилтэй байх ёстой байлаа. Үндсэндээ хоёр үгийн төстэй дуудлага миний амьдралыг шийдчихсэн гэх үү дээ. Манай баруун тийшээ хувцас эсгэхийг исгэх л гэж ярьдаг. Би хэдийгээр арван жилдээ математик, хими, физикийн хичээлүүддээ сайн байсан ч яг мэргэжил сонгох үедээ бол хувцас дизайны чиглэлийг сонирхож байсан. Тэгээд хуваарь дээрх исгэлт гэдэг үгийг хараад сургуулиа сонготол өнөөх нь юун хувцас манатай, шингэн хүнс, шар айраг болоод явчихсан. Нэгэнт Орост оччихсон, хэлний бэлтгэлээ дүүргээд үндсэн ангидаа орсон хүн яах вэ, өөр арга байгаагүй. Залуу омголон байсан болохоор юу ч байсан сурна, болгоно л гэж бодоод ард нь гарсан.
Тухайн үед оюутны дадлагаа АПУ ХК дээр хийж, энэ том үйлдвэртэй анх танилцаж байсан. Шар айргийн үйлдвэрт дадлага хийгээд, дарга удирдлагуудтай нь ч уулзаж танилцаад, төгсөөд АПУ ХК-д ирж ажиллах талаар яриа хөөрөө болоод буцлаа. Тэр үед манай нөхөр Зүүнхараагийн Спирт Бал Бурам комбинатад хуваарилагдан ажиллаад эхэлчихсэн байсан. Гэтэл намайг төгсөх үед нөхөр маань захиралдаа миний тухай хэлээд, тэд намайг шууд Зүүнхараа руу томилуулах тухай хүсэлтийг Хүнс ба хөнгөн үйлдвэрийн яаманд илгээсэн байсан. Монголдоо буцаж ирэхэд тэр хоёр хүн миний ажил амьдралыг хэдийнээ шийдчихсэн байсан даа (инээв). Нөхөр өөрөө хүлээн зөвшөөрдөггүй ч иймэрхүү юм болсон болов уу гэж таамагладаг, үнэний ортой байх.
Зүүнхараагийн СББ-ын үйлдвэрт намар цагаар анх очиж байлаа. Тэр үед ургац хүлээж авна гэдэг найр наадам шиг л том ажил болдог байв. Төмс, улаан буудай хэдэн зуун тонноор нь хүлээж авна. Түм түчигнэж, бум бужигнана гэдгийг тэнд л анх харж, тариа будаа халиуран шаргалтсан алтан намраар ажлын гараагаа эхэлж, өдгөө эндээ 40 гаруй намрыг үдсэн байна даа. Анх улаан буудайн лабораторын шинжээчээр томилогдоод удалгүй Спиртийн үйлдвэрийн Ферментийн цехийн мастераар дэвшин, жилийн дараагаар Компанийн Микробиологч,цехийн даргаар ажиллаж, 1982 оноос Спиртийн үйлдвэрийн даргаар томилогдон ажилласан.
1983 оноос Спиртийн үйлдвэрийн хүчин чадал 3 тонн байсныг 10 тонн болгож өргөтгөх нүсэр ажлыг тухайн үед ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтнүүд болон компанийн инженер техникийн хамт олонтойгоо даван туулж, анхныхаа нэг их том ажлын ард гарч байлаа. Түүнээс хойш өдийг хүртэл олон том төсөл, бүтээн байгуулалтуудыг үйлдвэрийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хамт олноо зохион байгуулж ажиллаж иржээ.
Анх Москвагийн оюутан байхдаа АПУ ХК-д ирж ажиллана гэсэн яриа маань олон жилийн дараа M-Би-Си болон АПУ ХК компаниуд маань нэгдэхэд сая нэг биелсэн дээ. Эхэндээ миний хувьд хоёр томоохон өрсөлдөгч нэг компани болно гэдэг санаанд буухгүй байсан. Одоо бол тэр анхны сэтгэгдэл маань орвонгоороо өөрчлөгдөж, шингэн хүнсний үйлдвэрийн №1 компанидаа сэтгэл дүүрэн ажиллаж байна. Хүнээ боддог, хөгжүүлдэг, дэлхийн түвшинд ажилладаг, сурч хөгжих боломжоор дүүрэн байдаг байгууллагад хүн ер нь хурдан идээшиж, өөриймсөг болдог юм байна.
Миний хувьд шингэн хүнсний салбарт ажиллаад 40 гаруй жил болсон байна. Гэсэн ч өөрийгөө бүгдийг чаддаг мэддэг гэхгүй ахиад ч шинээр суралцах, цаг үеэсээ хоцрохгүйн тулд хичээх зүйлс гарч ирсээр байдаг. Үүнийг ч компанийн зүгээс маш сайн дэмжиж, жил бүр биднээс ямар ур чадварыг сайжруулах, ямар сургалтад хамрагдах хүсэлтэй байгааг лавлаж тэр чиглэлд бэлтгэдэг. Монголд ийм компани хэр их байдгийг би мэдэхгүй байна. Тийм ч олон биш болов уу.
Монголын ирээдүй болсон залуу хамт олондоо ажилдаа эзэн болж, чин сэтгэлээ зориулж, тасралтгүй өөрийгөө хөгжүүлж ажиллаарай гэж захихыг хүсдэг. Ер нь аливаад сэтгэлтэй, зүтгэлтэй, итгэлтэй байхад чадахгүй, хүч хүрэхгүйн зовлон байдаггүй гэж би боддог. Энэ гурван чанар чамайг зөвхөн ажлын талбарт төдийгүй амьдралын чинь замыг дардан өрнүүн болгодог .