Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: П. Аззаяа Шар айргийн үйлдвэрийн ахлах технологич

A Story Behind Us: П. Аззаяа Шар айргийн үйлдвэрийн ахлах технологич

“Арван настайдаа Герман руу нэг жилийн хугацаатай яваад эргээд ирэхэд ээж аав маань намайг Герман хэлний сургуульд оруулсан. Түүнээс хойш миний амьдрал энэ улс, энэ үндэстний соёлтой ямар нэг шижмээр холбогдчихсон. Ажил мэргэжлийн хувьд би ирээдүйд хийсэн зүйлээ эргүүлээд харж, барьж, мэдэрч болдог тийм л зүйлийг хүсэж байлаа. Энэ хоёр хүсэл, зорилго маань нэгдэж, би Германы Hochschule Geisenheim University-д Шингэн хүнсний технологич мэргэжлээр суралцсан.
Германд Шингэн хүнсний технологич мэргэжлээр сурахын өмнө заавал аль нэг үйлдвэрт хагас жил дадлага хийн, ажиллаж үзэх ёстой байдаг. Ингэснээр сурах гэж байгаа зүйлээ ойлгоход хялбар болохоос гадна мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголттой болж, өөрийнх нь хүсч байгаа зүйлээ бат болгоод цааш өөдрөг, итгэлтэй суралцахад тус болдог. Дадлага хийх явцад энэ үнэхээр миний сонирхлыг татсан, хүссэн мэргэжил маань мөн байна гэдэгтээ гүн бат итгэсэн дээ. Төгсөөд Монголдоо ирээд АПУ ХК-д ажиллаж эхэлсэн.
Өмнө нь ажиллаж байсан Германы Дармштадт хотын шар айргийн үйлдвэр хагас автомат байсан болохоор олон зүйлийг заавал гараар хийх хэрэг гардаг байсан. Пивоны исгэлтийн танкийг л гэхэд дандаа дотор нь орж зүлгэж, шүршиж угаадаг гэх мэт. Харин АПУ-д ирээд тоног төхөөрөмжийн хувьд илүү хөгжсөн, автомат үйлдвэр байсан нь ажиллахад урамтай байсан. Гадаадад мэргэжил эзэмших нь давуу тал байдаг ч миний хувьд АПУ-д ажилд орсноосоо хойш түүнээсээ ч илүү их зүйлийг сурч мэдсэн. Ажлын байр, ажил олгогч компанийн бодлого сайн байвал ажилтнууд нь сурж хөгжсөөр байдаг юм байна гэдгийг ойлгож авсан даа. Тэр тусмаа манай хамт олон өөрийн чадварыг нуун дарагдуулах бус бусдадаа мэдлэгээ харамгүй хуваалцаж, хамтран нэг зорилгын төлөө ажилладгаар нь би илүү бахархдаг.
Багийнхаа хамтаар хийж байгаа бүтээлийг хүмүүс өдөр бүрийнхээ хэрэглээнд соёлтойгоор нэвтрүүлж байгааг хараад ажил мэргэжлээрээ бахархдаг. Энэ дунд крафт айргийн төслийг онцолмоор байна. Сүүлийн жилүүдэд крафт шар айраг дэлхийн шар айргийн зах зээлд маш өндөр өсөлтийг үзүүлж, олон хэрэглэгчидтэй болж байгаа. АПУ ХК-ийн крафт шар айргиийн төсөл анх намайг ажилд орох үетэй давхцан эхэлж байсан. Ажилд ороод удалгүй крафт шар айргийн хөгжүүлэлт дээр ажиллаж, Монголдоо анхны крафт шар айраг болох Hops&Rocks-ийн гурван төрөл болох IPA, Pale Ale, Amber Ale-ийг 2016 оны 9-р сард торхонд буюу Монголчуудын хэлж заншсанаар задгайгаар гаргаж эхэлсэн. Крафт шар айргийн төрөл бүр нь өөрийн гэсэн маш өвөрмөц шинжүүдийг агуулдаг тул эдгээр амт, үнэрийг шингээсэн жор орцыг хөгжүүлэхэд маш их сонирхолтой бас бүтээлч сэтгэлгээг шаардаж байсан. Крафт төсөл шинэлэг бас жижиг баг байсан учир зөвхөн жор орц гэхгүй бүх зүйлд багаараа хамтран оролцож байсан нь сонирхолтой, бас халуун дотно байсан.
АПУ бол яах аргагүй Монголын шар айргийн зах зээлийн тэргүүлэгч. Тэргүүлэгч компани байна гэдэг нь тухайн зах зээлийг бүтээгдэхүүнээр хангахаас гадна шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүнээр тухайн зах зээлийг удирдан залах үүрэгтэй байдаг гэж би хувьдаа боддог. Энэ үүрэг хариуцлагын томоохон хэсэг яах аргагүй технологич хүний ур чадвараас хамаардаг тул өөрийн сурсан мэдсэнээ улам баяжуулж, өөрийгөө цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай юм байна гэж илүүтэй боддог болсон.”