Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: С. Зулцэцэг АПУ ХК-ийн Төв лабораторийн менежер

A Story Behind Us: С. Зулцэцэг АПУ ХК-ийн Төв лабораторийн менежер

Би арван жилээ химийн гүнзгий анги төгсөөд, мэргэжлээ ч энэ сонирхлынхоо дагуу сонгож Улаанбаатар их сургуульд элссэн. Тухайн үед сургууль маань Монголын Шинжлэх Ухааны Академийн харьяа байсан тул бид химийн хүрээлэнгийн эрдэмтэн, докторуудын шавь нар болж, ихэнхдээ хүрээлэн дээр өнждөг байлаа. Шинжилгээ хийх надад их сонирхолтой байсан болохоор зуны амралтаараа ч амардаггүй, багшдаа туслаад туршилтын шинжилгээнүүдийг хийлцдэг байсан.
Их сургуулиа төгсөөд АПУ ХК-д ажлын зарын дагуу бүртгүүлэх гээд явж байхдаа хамаг бичиг баримтаа замдаа гээгээд чадаагүй. Өнөө цааснууд хэд хоног хайгаад олдоогүй, тэгсээр бүртгэлийн хугацаа нь ч дуусчихсан. Нэгэнт болоогүй болохоор өөр зам хөөж, Хүнсний технологийн коллежид Исгэлтийн багшаар орсон. Миний хувьд мэргэжлээ сонгосон л бол олон зүйлд сатаарахгүй, зөвхөн барьж авсан мэргэжлийнхээ чиглэлээр гүнзгийрч мэргэших хэрэгтэй гэж боддог байсан. Тийм учраас 2006 оны намар БШУЯ-нд зарлагдсан тэтгэлэгт сургалтуудыг сонирхож байгаад, Чехийн хөтөлбөрт мэргэжлийн чиглэл нийцэж, “Томas Bata University”-ийн хүнсний химийн салбарт суралцахаар тэтгэлэгт шалгарсан. Тус сургуульд Биологийн идэвхт нэгдлийн судалгаагаар Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан.
Монголдоо буцаж ирээд үргэлжлүүлэн багшлах уу, эсвэл АПУ ХК-д ахиад нэг горилох уу гэсэн сонголт тулж, хоёр дахийг нь сонгосон. Анх лабораторийн эрхлэгчээр ажилд орсноос хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Лаборатори гэдэг бол үйлдвэрлэлийн цөм суурь. Лабораторийн хяналтгүйгээр үйлдвэрлэлийн чанарыг хянах ямар ч боломжгүй, үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л шийдвэр лабораторийн шинжилгээний үр дүн дээр суурилагдан гардаг учраас алдах эрх байхгүй, маш хариуцлагатай алба. Төв лабораторийн хувьд шар айргийн хоёр үйлдвэр, савлалт, архины үйлдвэрлэл болон групп компанийн бусад алба газрын шаардлагатай шинжилгээ, шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүний туршилтууд хийгддэг тул ерөнхийдөө маш өндөр ачаалалтай ажилладаг. Гэхдээ багаасаа дурлаж, сонирхсон зүйл маань болохоор ажлаа баяртайгаар хийдэг юм.
Лаборатори маш нарийн жижиг хэсгүүдийн хяналтаас бүрддэг. Зун цагийн нэг их том, саглагар мод хэмээн төсөөлбөл түүний үндэс хөрснөөс эхлээд навч, үр хүртэл бүх эд эсийг нь өдөр бүр, нямбайлан арчлахтай зүйрлэж болно. Ийм нарийн чимхлүүр ажил учраас бид үргэлж шинэ байж, шинэ мэдлэг мэдээллээр өөрсдийгөө байнга цэнэглэх шаардлага гардаг. Миний хувьд лабораторийн ажилтнуудыг сургах, хөрвөн ажиллах чадварыг бий болгох зорилготой журам боловсруулж, 2011 оноос хойш ажлын байрны болон танхимын 180 гаруй нарийн мэргэжлийн сургалтыг лабораторидоо зохион байгуулсан. Цаашдаа ч бид ажил мэргэжлийн хувьд өөрсдийгөө хөгжүүлэн, бэлтгэсээр байх нь гарцаагүй.
Компани маань техник технологийн шинэчлэлтүүдийнхээ хажуугаар хүнээ огт мартдаггүй, суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжийг хүн бүрт нээлттэй, хүртээмжтэй олгодог нь надад сайхан санагддаг. Түрүүнд миний зүйрлэн хэлсэнтэй адил АПУ хэмээх том саглагар модыг амьд, сэргэг байлгаж хүн нэг бүрийн хөгжлийг чухалчлан үздэг нь бидний хамтын амжилтын хамгийн том үндэс болж байгаа гэж би хардаг.