Үйлдвэрлэл, Худалдаа, Үйлчилгээний салбарын хамтрагч, харилцагч байгууллагуудтай хамтран зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдалд хэрхэн хамтарч ажиллахаар хэлэлцэж, нээлттэй санал солилцох зорилгоор АПУ ХК нь уламжлал болсон харилцагчийн нэгдсэн чуулганаа “Сорилт, Гарц, Оролцоо” сэдвийн дор зохион байгууллаа.
Уг чуулганд ҮСХ-ны төлөөлөл оролцож эдийн засгийн өөрчлөлт, түүхий эдийн тасалдал, инфляци, үнийн суурь хүчин зүйлсийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл хүргэлээ.
Мөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл “АПУ Дэйри ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай, худалдааны салбарын төлөөлөл Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа, “Суварга” хүнсний дэлгүүрийн бизнес эрхлэгч Г.Мөнхцэцэг, үйлчилгээний салбарын төлөөлөл Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооны Ерөнхийлөгч М.Есөнмөнх нар “Шийдэлд Хамтдаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж бизнесийн төслүүдээ хэрхэн хамтран үргэлжлүүлж өнөөгийн нөхцөл байдлыг даван туулах талаар санал солилцлоо.
Энэ үеэр бизнесийн орчны хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, хил гааль, тээвэрлэлт, олон улсын геополитикийн асуудлуудаас үүдэлтэй түүхий эд, бараа материалын тасалдал бий болж, валютын ханшийн өсөлт тэргүүтэй хүчин зүйлсийн улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөхөд хүрээд байгааг бизнес эрхлэгчид онцоллоо.
Мөн сорилтыг даван туулахын тулд бизнес эрхлэгчид хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Чи чадна ” Шилээ дахин амьдруулъя” санаачилгад нэгдэн цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.