Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ ХК өдөр тутмын түгээлтдээ цахилгаан машиныг нэвтрүүллээ

 

Дэлхий даяар бүхий л салбар бензин, дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх, ашиглахаас татгалзаж эко буюу цахилгаан машин руу шилжин байгаль орчин, олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сонголтуудыг хийсээр байна. Үүний дагуу зах зээл, нөлөөллийн судалгаан дээр үндэслэн АПУ ХК Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд салбартаа анх удаа түгээлтийн үйл ажиллагаандаа цахилгаан машиныг нэвтрүүллээ. Авто замын түгжрэл хамгийн өндөр буюу Улаанбаатар хотын төвийн бүсийн түгээлтэд хоёр цахилгаан автомашин 2023 оны 6-р сарын 2-ноос эхлэн түгээлтийн оргил ачааллын үетэй давхцан ийнхүү гарч байна.

АПУ ХК 2019 оноос хойш дотоод хэрэгцээндээ цахилгаан машин нэвтрүүлсэн бол өнөөдрөөс эхлэн хотын төвийн бүсээр явуулж буй нь энэ юм. Эдгээр машин нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй бөгөөд агаарын бохирдол, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг АПУ ХК-ийн үе шаттай хэрэгжүүлж буй стратегийн нэгээхэн хэсэг болж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу хотын тээвэрт оролцож буй цахилгаан машин дугаарын хязгаарлалтад хамаарахгүй учир түгээлтийг тасралтгүй бөгөөд цаг алдалгүй үргэлжлүүлэх, ингэснээр сэлгэж явуулах дизель хөдөлгүүрт машины хэрэгцээг бууруулах юм.

Машины тос масло солих шаардлагагүй, дизель түлш ашиглахгүй учир ашиглалтын зардлыг урт хугацаанд хэмнэж, үр ашгийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой. Мөн цахилгаан машины дотор бүхээг дуу чимээ багатай тул түгээгч, жолооч нарт ядралт багатай хөдөлмөрийн орчныг бүрдүүлж өгнө.

Ирэх 5 жилийн хугацаанд түгээлтийн үйл ажиллагаандаа 30 хүртэлх тооны бүрэн цахилгаан машинаар парк шинэчлэлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажил нь АПУ ХК байгаль орчин, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллөө сайжруулах, байгууллага бүтээмж өндөртэй, ажилтнууд ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

АПУ ХК-ийн 2022 оны Тогтвортой хөгжлийн тайлантай танилцана уу.