Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаны хүмүүс АПУ ХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа.
АПУ Хувьцаат компани нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт 14.000 гаруй дотоод, гадаадын хувьцаа эзэмшигчидтэй, зах зээлийн үнэлгээ болон ногдол ашиг олголтоороо Монголын хөрөнгийн бирж дээр тэргүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч томоохон компани юм.
АПУ Компани нийт 2000 гаруй ажиллагсдаа ажлын байрны таатай нөхцөлөөр хангаж, Монгол Улсаас анх удаа “Ажиллахад таатай байгууллага” олон улсын гэрчилгээг 2021 онд хүлээн авсны зэрэгцээ, 11 мянга гаруй харилцагчдаараа дамжуулан хэрэглэгчдээ эрүүл, аюулгүй, олон улсын чанарын стандартад бүрэн нийцсэн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт, зах зээлийн боломжийг тэлэх бизнесийн шинэ загварыг АПУ Дэйри-Монгол Сүүний Үйлдвэр танилцуулж нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь анхан шатны үйлдвэрлэгч нэгж буюу цагаан идээний уламжлалт гэр -үйлдвэрлэлийн систем, стандартыг нэвтрүүлж, нэгдсэн технологийн дагуу зөвхөн шингэн сүү бус, Монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг малчдаас цуглуулж, гүн боловсруулалт, үйлдвэрлэл, савлагаа, брэндингийн дараагийн шатны боловсруулалт хийснээр малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой амьжиргааг дэмжин, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийн боломжийг нэмэгдүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурь тавигдаж байна.
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөл АПУ ХК-ийн спиртийн үйлдвэр, Автомат агуулах, АПУ Дэйри – Монгол Сүүний Үйлдвэр, ус, ундаа, архины үйлдвэрүүдээр зочилж, үйлдвэрлэлийн технологи, ноу-хау, аюулгүй ажиллагаатай танилцлаа.
АПУ ХК нь хүнсний аюулгүй байдлыг нийлүүлэлтийн сүлжээний оролцогч тал бүрээр нь хангахын зэрэгцээ ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монгол анхны компани юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчид хийсэн танилцуулгынхаа үеэр АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Тариаланчдын нийлүүлсэн улаан буудай, малчны хотноос гарсан сүү харилцагчдад эцсийн бүтээгдэхүүн болон хүрэх хүртэл үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагандаа бүрэн хяналттай байдаг тул АПУ компанийн бүтээгдэхүүн стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа гэдэгт хэрэглэгч, харилцагчид итгэлтэй байж болно” хэмээн онцолсон юм.
Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл болж 1924 онд байгуулагдсан АПУ Хувьцаат компани нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, дэлхийд өрсөлдөх үндэсний компани болох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилтынхоо хүрээнд экспортын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулан ажиллаж байна.
АПУ ХК нь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг дэлхийн 4 улсад тогтмол экспортлохын зэрэгцээ АНУ, Европын зарим улс орнуудад туршилтын борлуулалтаа амжилттай хийсээр байна.
АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагаагаараа дамжуулан хариуцлагатай хэрэглээ, зөв зохистой хэрэглээний соёлыг түгээхийг зорьж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна” хэмээн танилцуулж, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа.