Энэхүү тусгай дугаараар бид Монголын хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрээд буй хүнсний ууган үйлдвэр АПУ ХК-ийн талаар онцоллоо. Олон улсад “тэр компани их наяд долларын компани боллоо” гээд баахан шуугидагтай адил АПУ ХК-ийн тус амжилт ч түүхэн явдал юм.
Тусгай дугаарын агуулга:
АПУ ХК-ийн нэгэн зууны түүх
Blue Chip хувьцаа гэж юу вэ?
Компанийн хилийн чанад дахь стратеги
1. НЭГЭН ЗУУНЫ ТҮҮХ
Тэртээ 1924 онд Ардын Засгийн Газрын 7-р хурлаар “Архины онц эрхийг улсын санд авах тухай” дүрмийг баталснаар, 14 ажилтантай анхны архи, архины төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр нийслэл хотод маань нээгдэж байжээ.
Түүнээс хойших түүхийг тоймловол…
1927-1961: Төд удалгүй 3 жилийн дараа тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Чех улсын тусламжтай шар айраг үйлдвэрлэж, ЗХУ-ын тусламжтайгаар архи, пивоны комбинатын барилга, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралтын ажлуудыг амжуулав.
1992-2001: Ийнхүү Архи, пивоны комбинатыг АПУ ХК хэмээн нэрийдэн, нийт хувьцааны 51%-ийг төрийн мэдэлд, 49%-ийг хөрөнгийн биржээр арилжаалж эхлэв. 2 жилийн дараа, 2001 онд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын салхийг хагалж, төрийн мэдэлд байсан 51%-ийн хувьцаа АПУ ХК-ийн хувийн өмчид бүрэн шилжиж байжээ.
2003-2014: Дараагийн 10 жилд 20 сая литр шар айргийг шил, ган торхонд савлах хүчин чадалтай үйлдвэр, сүү, жимсний шүүсний үйлдвэрийг тус тус байгуулав. Мөн спиртийн шинэ үйлдвэр “Натур-Агро”, шингэн хүнсний салбарт шинэ технологийн тусламжтай шар айрагны үйлдвэр, бүрэн автомат “АПУ Ложистик” төв зэрэг бүтээн байгуулалтуудыг хийжээ.
Өсөлтийн үе: Ийнхүү тэд үйл ажиллагааны хүрээгээ тэлсээр 2017 онд дэлхийд шар айрагны үйлдвэрлэлээрээ хоёрт эрэмбэлэгддэг 154 жилийн түүхтэй алдарт Heineken компанийн Монгол дахь эзэмшлийн компаниудыг нэгтгэж, Монгол Улсын шингэн хүнсний салбарыг чиглүүлэгч компанийн суурийг тавьж чадсан юм. Уг нэгдлийн үр дүнд $94 саяын зээлийн эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө дуусгаснаас гадна олон улсад гарах томоохон үүд хаалга нээгджээ.
Absolute Pure Unique: Өнөөдөр тэд шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлэн, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилгодоо хүрэхэд тэдэнд:
3,300: Дотоодын газар тариалан эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгч
155 : Малчид, сүү бэлтгэн нийлүүлэгч
470: Олон улсын бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж, дэлхийд танигдах боломжийг нэмэгдүүлж буй ажээ.
Дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол… Тус компани өнгөрсөн 2 жилд цар тахлын эсрэг бизнесийн шуурхай хариу, арга хэмжээ авч хурдтай ажилласнаар өөрсдийгөө хэр чадварлаг компани вэ гэдгээ батлан харуулах шиг боллоо. Магадгүй энэ нь тэдний хувьцааны ханшийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг ч байж болох юм даа.
2. “BLUE CHIP” ХУВЬЦАА
Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудад томоохон тогтвортой компанийн хувьцааг blue chip хувьцаа гэж нэрлэдэг юм. Тухайлбал, Америкаас Coca-Cola (KO ), Amazon (AMZN ), Японоос Softbank (9984 ), Canon (7751 ) зэрэг компаниудын хувьцааг нэрлэж болох бол манай улсын хувьд АПУ (APU )-г дурдах нь зүйтэй.
Өсөлт: АПУ-гийн нэгж хувьцаа 2016 онд ₮436.3 байсан бол өдгөө 117.6%-аар өсөж, ₮949.5-д хүрсэн байна. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн анхны ₮1 их наядын үнэлгээнд хүрсэн компани болж буй юм.
YTD: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд л 68.2%-аар өссөн.
Бяцхан тооцоолол хийгээд үзье. Та 5 жилийн өмнө АПУ-гийн 10,000 ширхэг хувьцааг зах зээлийн ханшаар, нийт ₮4.3 саяар авсан гэж төсөөлье. 2020 хүртэлх энэ хугацаанд ногдол ашгаас гэхэд л нийтдээ ₮2.2 саяыг, ханшийн өсөлтөөс ₮5.1 саяын ашиг олох боломжтой байжээ. Тодруулбал 168.8%-ийн өгөөж хүртэж, ₮7.3 саяын ашиг шүү дээ. Тэгэхээр жилд дунджаар 33.8%-ийн ашиг олно гэхээр ямар ч хадгаламж, сангийн өгөөжөөс өндөр болох нь харагдаж байна.
9,112 хувьцаа эзэмшигч
Нээлттэй хувьцаат компанийн гол учир олон тооны хүн хувь эзэмшиж байгаад оршдог шүү дээ. Тэгвэл АПУ-гийн хувьд нийтдээ 1.1 тэрбум ширхэг хувьцаа нь зах зээл дээр эргэлддэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн тоо нь сүүлийн нэг жилийн хугацаанд 50%-аар нэмэгдэж 9,112-д хүрчээ.
Бүтцийг задлан харвал… Компанийн 56%-ийг Шунхлай Групп эзэмшиж байна. Үлдсэн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс дурдвал Heineken 25%, Steppe Beverage KFT 13% тус тус эзэмшдэг ажээ. Харин хувьцаа эзэмшигчдийн дотор дэлхийн томоохон компани болох Heineken байгаа нь засаглалын стандартыг дараагийн түвшинд аваачиж, дотоодын бусад хувьцаат компаниудаас хавь илүү алхах боломжийг олгож байгаа нь дамжиггүй. Гадаадууд яалт ч үгүй компанийн тогтолцоонд шилжээд хавь илүү оймс элээсэн нь тодорхой.
Онцлох 3 санхүүгийн үзүүлэлт
Борлуулалтын орлого: Өнгөрсөн онд ₮492.3 тэрбумын борлуулалтын орлоготой ажилласан нь 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өссөн дүн аж. Харин 2021 оны эхний хагас жилд өнгөрсөн оны борлуулалтын орлогын 62%-ийг буюу ₮305.0 тэрбумыг аль хэдийн олжээ.
Ногдол ашиг: Тэд сүүлийн 6 жилийн хугацаанд тасралтгүй ногдол ашиг тараав. Өнгөрсөн жилийн хувьд нэгж хувьцаанд ₮95, нийтдээ ₮101.1 тэрбумын ногдол ашиг олгосон аж. Монголд ингэж ногдол ашиг тараадаг компанийг хаанаас ч олох боломжгүй. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед ногдол ашиг олгоно гэдэг бол хөрөнгө оруулагчдаа бодсон оновчтой бодлогын илрэл шиг.
Үнэ ашгийн харьцаа (P/E Ratio): 2020 оны эцэст компанийн үнэ ашгийн харьцаа 8.5 байсан бол үүнээс хойш хувьцааны ханш 68.2%-аар өссөнөөр 2021 оны эхний хагаст тус харьцаа 12.1 болж нэмэгджээ. Уг харьцаа нь компанийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээг харуулдаг юм. Шинжээчдийн дунд тус харьцаа 15-аас бага байх нь компани зах зээл дээр дутуу үнэлэгдсэн, цаашид өсөх магадлалтай гэх ойлголт байдаг. Сонирхуулахад S&P 500 индексийн үнэ ашгийн харьцаа 13-15 гэсэн тоонуудын хооронд хэлбэлзсээр иржээ.
Том тоонууд…
25.9%: АПУ зах зээлийн үнэлгээгээр Монголын хөрөнгийн зах зээлийн 25.9%, хамгийн өндөр үнэлгээтэй 20 компанийн 52.3%-тай тэнцүү.
91%: Монголын хийжүүлсэн ундааны зах зээлийн 3%, импортын согтууруулах ундааны 10%, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 31%, пивоны зах зээлийн 91%, цагаан архины зах зээлийн 83%-ийг тус тус эзэлж байна. Базарваань.
18.5%: Сүүлийн 5 жилийн хугацаанд ₮1.9 их наядын орлого олсон нь Монголын ДНБ-ны 18.5%-тай тэнцүү юм.
10,256 жил: Өнгөрсөн жил ₮492.3 тэрбумын орлоготой ажилласан нь нэг олимпын алтан медальтай тамирчинд ЗГ-аас 10,256 жилийн туршид сар бүр ₮4 саяыг олгох дүн аж.
3. ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ СТРАТЕГИ
Source: Сэнгүр зарагдаж буй Шанхайн хотын шар айрагны газар Twitter (@zoltsengel)
“АПУ ХК-г баахан л магтаж, зах зээлд томоохон тоглогч болсон тухай зөндөө халлаа. Тэгвэл цаашид яг яах юм бэ? Бизнес хэрхэн өргөжин тэлэх төлөвлөгөө байгаа юм уу” гэж үү? Байлгүй яахав. Ер нь дотоодын зах зээлээ чанартай, найдвартай бүтээгдэхүүнээр хангаж буй тэдний хувьд одоо дэлхий гэдэг далай шиг уудам зах зээл рүү нэвтэрч байна.
Twitter дээр Сэнгүр пиво Шанхайн шар айрагны сүлжээ газарт хамгийн өндөр борлуулалттай байгаа тухай явсан нэг постыг та хэд маань санаж байна уу? Ээ дээ, энэ компани ажлаа хийгээд эхэлжээ гэсэн үг.
Экспортын тухай… Тэд сүүлийн жилүүдэд эх орныхоо шингэн хүнсийг төлөөлж Хятад, ОХУ руу архи, шар айрагны төрлийн бүтээгдэхүүнүүдийг амжилттай экспортолж, ОХУ-ын 326 худалдааны цэгүүд, Хятадын 138 салбартай дэлгүүр болон онлайн дэлгүүрээр дамжуулан худалдаалж байна. Хэдий цар тахалтай байсан ч 2020 онд ОХУ-д борлуулалт 45%, Хятадад 7% өсжээ. Харин 2021 оны эхний хагас жилд Хятад дахь борлуулалт өмнөх оны мөн үеэс 6 дахин, ОХУ дахь борлуулалт 2 дахин нэмэгдсэн байна. Мөн ирэх 5 жилд борлуулалтын орлогын 20%-ийг экспортын орлогоос бүрдүүлэх зорилго тавиад буй юм.
Экспортын зах зээл: ОХУ, БНХАУ
Туршилтын зах зээл: Япон, Солонгос, Европын Холбооны улсууд
Солонгон эдийн засаг… Бид ганц уул уурхайгаас хараат бус байх тухай олон жил ярилаа. Гэвч экспортын 70-80%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж давамгайлсан дүр зураг өөрчлөгдөөгүй байна. Харин экспортоо солонгоруулах нэг боломж бол яалт ч үгүй шингэн хүнсний зах зээлд хүч түрэн АПУ ХК олон улсад өрсөлдөх явдал юм.
ESG (Environment, Social, Governance)… Орчин үед ESG -ийг их ярих болсон. Тэгвэл АПУ ХК-ийн хувьд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын хүрээнд маш их анхаарч, дараах ажлуудыг хийгээд байна.
Тухайлбал:
Байгууллага дотроо: Үйлдвэрлэлийн дотоод хэрэглээнд 2020 онд 11 сая литр ус дахин ашигласан. Ажилтны аюулгүй байдлыг хангаж 200,000 хүн цаг тутамд ногдох үзүүлэлт 0.19 болсон нь өмнөх жилээс 58% буурчээ.
Байгууллагаас гадна: Экологийг дэмжих хүрээнд цөлжилт, хуурайшилтын эсрэг “Мод бид хоёр” төсөл, байгальд ээлтэй амьдрах хэв маягийг түгээх “Соёлоор гоёно” төсөл. Чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021 онд 100 оюутныг шалгаруулан тэтгэлэг олгосон.
ESG сайтай байж л олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна олон давуу талыг олж авдаг. Тодруулбал, хямд зээлийн эх үүсвэр олох, нэр хүндтэй хөрөнгийн биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, томоохон орнуудад бүтээгдэхүүнээ экспортлоход ESG үнэлгээг нь шалгадаг болсон цаг үе шүү дээ.
Инновац:
АПУ ХК нь зөвхөн архи, шар айрагны зах зээлээс гадна, сүү сүүн бүтээгдэхүүн, ус ундааны зах зээлд 60 жилийн түүхийг бичилцэн, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 31%-ийг эзэлдэг болжээ.
Сүүн бүтээгдэхүүн: Уламжлалт сүүн бүтээгдэхүүнээс гадна, dairy snack болох аарцан амттан, шар сүүтэй чихэр, жимстэй ааруул зэрэг инновацлаг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлээд байна.
Ус, ундаа: Эмийн ургамалтай хийжүүлсэн ундаа, жимсний амттай хийжүүлсэн ус, байгалийн эрдэс баялгаар дүүрэн энергийн ундаа зэрэг зөвхөн АПУ л үйлдвэрлэдэг бренд шингэн хүнсийг бий болгосон.
Өөрсдийн технологи, арга барилаар дотоодын сүүн бүтээгдэхүүний зах зээлийн тодорхой хэмжээний байр суурийг эзэллээ. Бүүр цаашлаад дэлхийн сүүн бүтээгдэхүүний нийт хэрэглээний 50%-ийг бүрдүүлдэг Ази, Европын орнуудад экспортлох боломж ч байгаа юм.
4. ЭЦЭСТ НЬ
Таны мэдлэгт нэгэн зүйл нэмэрлэе.
Dividend Stock: Сүүлийн үед гаднын хөрөнгө оруулагчдын дунд ногдол ашиг сайн тараадаг хувьцаанд хөрөнгө оруулж, ногдол ашгаараа буцаагаад тухайн хувьцаагаа авдаг хөрөнгө оруулалтын стратеги тренд болж байна. Тэгвэл та хэлүүлэлтгүй АПУ яг тийм хувьцаа байж чадна гэдгийг мэдэж байгаа байх. Ийм хувьцаанд хөрөнгө оруулснаар бараг л хадгаламж шиг тогтвортой өгөөж хүртэж хуримтлал үүсгэх боломж бүрддэг. Дээрээс нь хувьцааны ханш өсөж болно шүү дээ.
За ийнхүү бид ээлжит нэгэн тусгай дугаараараа дотоодын хөрөнгө оруулагчдын бахархал болсон АПУ ХК-ийн талаар онцоллоо.
Уул уурхайн бус салбарын үндэсний ямар компани дэлхийн хэмжээнд гарч чадах бололцоотой вэ гэвэл хамгийн түрүүнд АПУ-г л гэж хэлнэ. Тэд гэрийн даалгавраа ч сайн хийж байгаа. Дэлхийн топ компанитай нэгдэж, ESG-дээ маш сайн анхаарч, экспортын зах зээлээ өргөжүүлээд эхэлсэн. Тэгэхээр цаашдаа бидний хувьд энэхүү үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж, цаашдаа хамтдаа үр шимийг нь хүртэх боломж бүрэн дүүрэн байна шүү.
Товхимлын 7 сарын 30-ны тусгай дугаараас.Товхимолд бүртгүүлэх бол www.lemonpress.mn хаягаар ороорой.
Эх сурвалж: https://lemonpress.mn/news/special_apu/