Categories
Хуурай газрын экосистемийг хамгаалах

Экологийн Цагдаагийн албатай хамтарсан “Байгаль Эн Тэргүүнд” төсөл

АПУ ХК нь “Тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 15-р зорилго болох хуурай газрын эко системийг хамгаалах, тэр дундаа биологийн олон янз байдлыг хангахын тулд ховордсон ан амьтныг хамгаалах чиглэлээр “Байгаль эн тэргүүнд” төслийг Экологийн Цагдаагийн албатай хамтран амжилттай хэрэгжүүлэв. “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд загас агнуурын зохистой дадал, хэвшил бий болгох, үржлийн үед агнахгүй байх ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, гол, мөрний экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд загасаа хайрлан хамгаалах, өсгөн үржүүлэх ойлголт, мэдээллийг сайжруулах зорилгоор “Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Гео-Экологийн хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Их сургууль”-тай хамтран мэдээ, мэдээлэл түгээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа мэдээллийг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн уг төслийн хүрээнд “Зэрлэг амьтдаа хайрлая” аян зохион байгуулж хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах болон бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхийг зорилоо.

Монгол Улсын “Амьтны тухай хууль”-ийн 9, 10, 11, 12 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Зэрлэг амьтдаа хайрлая” болон “Үржлийн үед барихгүй” арга хэмжээнүүд нь иргэдийн байгаль орчинтой зөв харьцаж, хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн, буруу дадал хандлагыг сайжруулж эергээр нөлөөлсөн, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн ажил болсон гэж Экологийн Цагдаагийн албанаас онцолсон юм.