Ангилал: Хүний нөөц мэдээ
Би багаасаа л физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай байсан. Эргэн тойрны бүхий л зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой, утга учиртай, тэдгээрийн гаргалгаа шийдэл бүр нь тооцоологдож болдог, томъёолж болдог. Ямар нэг гэнэтийн, санаандгүй зүйл болох магадлал бараг байдаггүй юм шиг. Энэ утгаараа эзэмшсэн мэргэжилдээ дуртай, одоо ч эргэн тойрны бүхий л зүйлийг сониучирхан, ажиглаж явдаг.
Миний хувьд 2012 онд МУИС-ийг төгсөөд АПУ ХК-д ТАА-ны Кип Автоматикийн техникчээр ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед манайхан бүгд л миний үеийн, залуу хүмүүс байсан учраас хамтдаа бие биенээсээ суралцаж, хүсэл тэмүүлэл, эрч хүч дүүрэн шижигнэсэн уур амьсгал бүрдсэн байсан. Хамтдаа өсөн дэвжиж, нэг зорилгын төлөө явсаар мундаг инженерүүд болсныг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамт олон бол ажлын томоохон, чухал хэсэг. Тийм учраас зөв сэтгэлтэй, сайн хамт олон бүрдэнэ гэдэг ёстой бурхнаас өгсөн бэлэг, зол завшаан болов уу гэж боддог.
Одоогоор би савлалтын үйлдвэрийн ахлах инженерээр ажиллаж байна. Өөрийн удирдлагад 15 инженер, техникийн ажилтнуудын хамтаар ажилладаг. Өмнө нь лабораторийн нийт 130 гаруй тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахдаа ганцаараа төлөвлөгөөгөө гаргаад, гүйцэтгэлээ хийдэг байсан. Харин дараа нь үйлдвэрт орж ажиллахад маш өөр, шинэ орчин намайг угтсан. Ганцаараа биш олуулаа, багаараа ажиллаж хамтын төлөвлөгөө, хамтын гүйцэтгэлтэй холбогдоод ирэхээр их сонирхолтой, бүтээмж ч тэр хэрээр өндөр. Бүх зүйлийг том зургаар, илүү цогцоор нь хардаг болсон. Удаан хамт ажиллаад эхлэхээр зөвхөн ажил, ажлын хамтрагч гэдэг утгаас давж нэг нэгэндээ санаа тавих, халамжлах, “бид” гэсэн нэгэн цул сэтгэлтэй болдог юм байна. Ийм уур амьсгалыг бүрдүүлж чадсан хамт олондоо дотроо талархаж, бахархаж явдаг.
Хэдийгээр багаараа ажилладаг ч хувь хүний ур чадвар, мэргэшил, хичээл зүтгэл их чухал. Тийм ч учраас манай компани ажилтнуудаа сургаж, мэргэшүүлэх, шинэ ур чадвар дадалд суралцахыг их дэмждэг. Би лабораторийн инженер байхдаа ажлын шугамаар Германд архины шинжилгээ хийдэг багажны засвар үйлчилгээ болон тохируулга, гэнэтийн эвдрэлийн үед авах арга хэмжээ, шинжилгээг хэрхэн зөв хийх талаар сургалтад хамрагдсан. Үүний ачаар outsourcing буюу гаднын компаниар хийлгүүлдэг байсан засвар үйлчилгээг одоо бид өөрсдөө хийдэг болсон.
Хувь хүний амжилттай ажиллах гол нууц бол эрүүл мэнд гэж боддог. Эрүүл, эрч хүчтэй хүн ямар ч ажил, асуудлын ард гарч чадна. Тийм болохоор ажлынхаа хажуугаар спортоор хичээллэх, тэр дундаа усан спортод сонирхолтой. Компанийнхаа усан спортын сонирхлын клубийн админаар ажилладаг. Мөн компанийн маань ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч бэлтгэн хүргэдэг “Active APU” хөтөлбөрт нэгдэж, усан сэлэлтийн анхан шатны техникүүдийг мэргэжлийн багштай хамтран хүргэсэн. Манайхан одоо ихэнх нь усан сэлэлтийн анхан шатны техникээ эзэмшчихсэн байгаа. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй өөр нэг зүйл бол би Хүндэт донор. Одоогоор цус, сийвэн нийлээд нийт 58 удаа, 23 литр цусаа хандивласан. Монголчууд бид цөөхүүлээ. Тийм учраас цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах хэрэгцээ маш их бий. Сүүлдээ цусны төвийнхөн таны цусаа өгөх хугацаа болчихсон байна, бидэнд яаралтай эс хэрэгтэй боллоо гээд залгадаг болсон. Энэ их сайхан байдаг.
Бидний туулсан замнал
АПУ Трейдинг ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г. Ариунаа
Намайг 2004 онд АПУ трейдинг ХХК-д оператор нярвын орон тоон дээр анх ажилд орж байхад компанийн маань 80 жилийн ой тохиож байлаа. Үндэсний ууган үйлдвэрийн нэгд тэмдэглэлт ойн жил нь орж байсандаа хувьдаа бэлэгшээн, баярлаж байсан. Одоо 100 жилийн ой удахгүй тохионо гэж бодохоор цаг хугацаа яг л харвасан сум шиг одож шүү. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ бүхэн эргээд бодоход сайн сайхан, хөгжил дэвшил рүү чиглэсэн өөрчлөлтүүд байгааг өөрийн хувьдаа ч, компанийнхаа тухайд ч мэдрэхэд сэтгэл өег, сайхан санагдаж байна.
Анх манай санхүүгийн газрын бүтэц цомхон, цөөн хэдхэн нягтлан бодогчтой байсан. Одоо зөвхөн манай хэлтэс гэхэд л өнөр өтгөн, олуулаа болсон байна. Компани маань Монголын анхны их наядын үнэлгээтэй компани болсон. Энэ бол манай компанийг үе дамжин босголцсон хамт олны хувьд түүхэн амжилт мөн. Тэр дундаа санхүү, нягтлан бодогчдын маань нөр их ажлын үр шим онцгойлох үүрэгтэй байсан болов уу, хэмээн нэг удаа бахдаж хэлэхийг хүсэж байна. АПУ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас зах зээлийн үнэлгээгээр 1-рт бичигдэхэд хамт олон, ажлынхаа үр дүнгээр их бахархаж байлаа.
Хүн болгон хийж буй ажилдаа нэг сэтгэл, нэг зорилготой байх нь амжилтын үндэс гэж би боддог. Тийм учраас хүн нэг бүрийн гүйцэтгэлийг чухалчлан үзэж, чадаж байгааг нь урамшуулж, чадахгүй байгаад нь зааж туслан хамтдаа урагшлахыг эрхэмлэн үздэг. Санхүүгийн тайлан мэдээллийн хувьд нэгжийн доороосоо эхлээд бүхий л зүйл үнэн бодитой, нямбай байснаар эцсийн тоо, тооцоолол алдаа мадаггүй гарч, эргээд бид зөв, оновчтой шийдвэр гаргах, нөхцөл байдлаа үнэн зөв, бодитойгоор үнэлэх боломж олдоно. Анх дөнгөж санхүүгийн албаны дарга болчихоод өөрөө л оролцоогүй бол итгэж өгөхгүй, өөрөөрөө дамжсан мэдээлэл л үнэн гэж боддог байсан. Харин сүүлийн жилүүдэд бусдадаа зааж, сайн мэргэжилтнүүд бэлтгэх тал дээр санаа тавих болсон. Тоо, баримт, санхүү, тайлан гэдэг нарийн зүйл болохоор манай ижил мэргэжилтэй хүмүүс намайг юу хэлж буйг сайн ойлгож байгаа болов уу.
Санхүү, нягтлан бодогчийн мэргэжлийг хүмүүс зөвхөн хэдэн тоо цохиод суудаг гэж буруу ташаа ойлгох нь бий. Гэтэл үнэндээ хамгийн чухал нь тоо цохихдоо бус, тэрхүү тоогоор илэрхийлэгдэж байгаа агуулга юм шүү дээ. Эдгээр тооны ард компанийн бүхий л үр дүн, хүмүүсийн хөлс хөдөлмөр, бидний бүтээж буй үнэ цэнэ, ажлын маань амжилт чанар “нуугдсан” байдаг. Энэ утгаараа надад ажил мэргэжил маань сонирхолтой сайхан санагддаг.
Миний хувьд их сургуулиа төгсөөд л АПУ ХК-тай холбогдсон болохоор өөр бусдын компани, ажил ямар байдаг тухай ойлголт муутай. Гэхдээ манай хамт олон, компани маань ажил амьдралаа зориулахад хамгийн жаргалтай, өөдрөг, бүтээлч хүмүүсийн нийлбэр болов уу гэж боддог. Би ер нь дуугай, даруухан талдаа хүн. Харин компанидаа ороод олон хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж, янз бүрийн араншинтай хүмүүсээс суралцаж, өөрийгөө бүтээж яваа.
Компани маань 2001 онд хувьчлагдан, Г. Батхүү дарга Гүйцэтгэх захирлаар томилогдон ирсэн даруйдаа бүх үйлдвэрийг бүрэн шинэчлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн олон шинэ бүтээгдэхүүн, брэнд бий болгох нөр их ажлыг эхлүүлсэн. Миний хувьд Архины үйлдвэрийн бүрэн шинэчлэлийн төсөлд гар бие оролцон, Ус ундаа, Спирт, Сүүний шинэ үйлдвэрийн төслийг удирдан, төслөө дуусмагц тэр үйлдвэрийнхээ даргаар ажиллаж байлаа.
Алтан босготой энэ сайхан компани инженер мэргэжилтэй хүний мөрөөдөж болох тэр олон үйлдвэрийн төслийг удирдах боломжийг надад олгосон нь миний хувь хүний хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийж, олон олон үнэ цэн, үнэт зүйлс, мэдлэг, чадварыг надад хайрлажээ гэж би дотроо бэлэгшээж явдаг. Өмнө минь шинэ боломж, шинэ хаалга нээгдэх бүрд би өөрийн өмнө нээгдсэн боломж, хаалга болгоныг бусдын өмнө ч бас нээхийг хичээж ирсэн.
Би бол АПУ компани, сайхан хамт олныхоо буянд ер бусын аялал хийж, адал явдал дүүрэн амьдралаар аз жаргалтай амьдарч байгаа эгэл жирийн инженер хүн. 1992 онд ОХУ-ын нийслэл Москва хотын ХТДС-ийг “Хүнсний үйлдвэрийн механик инженер” мэргэжлээр төгсөж ирээд ХҮЭШЗТИ-ийн Зохион бүтээх товчоонд зургийн техникчээр ажилд орсон. Гэхдээ удаагүй ээ. Учир нь тэр жилээс шинжлэх ухааны байгууллагуудыг улсаас санхүүжүүлэхээ больж, олон хүн цомхтголд орсны нэг нь би болсон. Улмаар 1999 оны гуравдугаар сард АПУ ХК-ийн КИП засварчнаар орж, Б.Батбаяр инженерийнхээ удирдлаганд ажиллаж эхэлсэн.
Ажиллаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг өдөр дотуур утас дуугарч “Ерөнхий инженер Ганжав байна. Батбаяр наана чинь байна уу? гэлээ. “Инженер байхгүй байна” гэхэд “Чи чинь хэн билээ, юун хүүхэд билээ?” гэхээр нь “Х.Орломжав байна” гээд нэрээ хэлтэл “Чи манай өрөөнд ирээд энэ зургийг авчих, зураг зурж чадах уу?” гэж байна. Анх удаа ерөнхий инженерийн өрөөнд өвдөг чичирсхийн зогсож байгаад зурах ёстой зургаа тайлбарлуулж аваад гарсан. Шөнөжин зураад, маргааш өглөө нь авчирч өгөхөд инженер маань “Зураг зурдаг инженер хүүхдийг 6-р зэрэгтэй болго” гэсэн үүрэг өгч, би гэдэг хүн хамгийн дээд зэрэгтэй засварчин болж, магнайгаа хагартал баярлаж билээ.
Аливаа ажлыг багаас нь эхэлж, хамт олон дотроо хүн болж төлөвших, инженер мэргэжилдээ эзэн болох гэж хичээх ёстойг ойлгуулсан эхлэл нь энэ бүхэн байсан юм болов уу гэж би одоо боддог. Тэрнээс хойш КИП-ийн засварчнаас эхлээд оператор, мастер, үйлдвэрийн дарга, төслийн удирдагч зэрэг олон газар ажилласан. Одоо би Маркетингийн газарт менежерээр ажиллаж байна. Сүүлийн үед хүмүүс надаас “Чиний үндсэн мэргэжил яг юу билээ? Яагаад ийм олон янзын ажил хийгээд байдаг юм бэ?” гэж их асуудаг юм.
Хүмүүн бид өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээс дунд амьдардаг. Өнгөрснийг бүтээсэн ахмадууд болон ирээдүйн эзэд залуусаа хүндэтгэн, нэг нэгэндээ нээлттэй, илэн далангүй байж, хэн хэнээсээ харилцан суралцаж, хамтран ажиллаж байж илүү их хөгжил, илүү том амжилтанд хүрнэ гэж би боддог. Энэ бүхэнд хамтарч ажиллаж, дэмжиж, урам зориг өгч, намайг хурцалж байсан бүх хүмүүстээ “Баярлалаа, хайртай шүү” гэдэг үгсийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна.
“Цахилгаан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ бидний өдөр тутмын ажил амьдралын салшгүй нэгэн хэсэг, хамгийн чухал хөдөлгөгч хүч гэдгийг бид саяхан болсон үйл явдлаас маш тодорхой ойлгосон болов уу. Монгол даяар цахилгаан тасрахад айл өрх, албан байгууллагын дотоод үйл ажиллагаа хэрхэн үймсэн билээ, тэгэхэд ийм том хэмжээний үйлдвэр хэдэн цаг зогсоход л ямар их хэмжээний хохирол, доголдол гарах билээ. Тийм учраас цахилгааны инженер бидний ажил ямар их хариуцлагатай, няхуур болох нь харагдах байх. АПУ-д 30 орчим жил ажиллахдаа гурван удаагийн том цахилгаан тасралтыг үзсэн. Хамгийн ихдээ долоо хонож байлаа. Болзошгүй эрсдлийг тооцож, энгийн үед ч бэлтгэлтэй байх ямар чухлыг бидэнд ойлгуулдаг.
Би багаасаа л техникт сонирхолтой, элдэв юм онгичиж, оролддог хүүхэд байлаа. Эвлүүлэхээсээ эвдэх нь олон байсан хэдий ч хүсэл, сонирхолоо яахан дарж чадах вэ. Энэ л сонирхол маань намайг хөтөлсөөр АПУ ХК-ийн гайхалтай сайхан хамт олонтой амьдралын минь замыг холбосон. АПУ алтан босготой үйлдвэр шүү гэж ахмадуудынхаа байнга хэлдгийг сонсож хүмүүжсэн. Үнэхээр ч энд орсноос хойш амьдрал ахуй минь өөдрөг дэврүүн яваа. АПУ-д ороод муудсан хүн гэж ер нь байдаггүй юм даа. Өөдөө л явдаг.
Инженер хүний хувьд сайхан техник хэрэгсэлтэй, сайхан үйлдвэрт ажиллах шиг жаргал байхгүй. Өөрсдийн гараар бүтээн босголцсон үйлдвэртээ өглөө бүр ирэх үгээр хэлшгүй сайхан. Миний олон инженер найз нөхөд, танилууд манай үйлдвэртэй танилцаж байсан. Тэдэнд хийсэн бүтээснээ бахархалтайгаар танилцуулж, нээрэн бид ийм сайхан үйлдвэр цогцлоож чаджээ гэж бодохоор урамтай, онгирмоор болдог доо.
2003 онд манай үйлдвэр бүрэн шинэчлэл хийхэд миний бие хамт олонтойгоо бүхий л ажилд нь гар бие оролцсон. Шинэ пивоны үйлдвэр, АПУ Дэйри ХХК-ийн төслүүдийг ч бид амжилттай хэрэгжүүлсэн. Олон жил ажиллаж байгаа болохоор үйлдвэрүүд маань, тэр дундаа цахилгаантай холбоотой зүйлс одоо ер нь гарт минь орсон. Хаана юу байгаа билээ, аль хэсгийн юуг солих болсон гээд “уншдаг” болж. Гэхдээ хүн юмыг сураад, болоод, ханалаа гэж бодож болдоггүй юм билээ. Цахилгааны асуудал их түвэгтэй. Нарийн ярьвал амь насанд ч ойрхон. Энэ бол тоглоом биш. Мэддэг гээд үл нямбайлан, юмханаар аргалах зэрэг хандлагыг би хүлээн зөвшөөрдөггүй. Би хамт олондоо ч мөн энэ шаардлагыг тавьдаг.”
Анх IV ангид байхдаа уншсан Жюль Вернийн “Нууцат арал” ном хожим миний ажил амьдрал, хувь заяанд нөлөөлнө гэж хэн санах билээ. Гэхдээ л үнэхээр тийм юм болсон юм даа. Сургуулиа төгсөөд нягтлан бодогч, архитектор, инженер гэсэн гурван сонголт өмнө минь ирэхэд Сайрус Смит шиг мундаг инженер болох хүсэл мөрөөдөл маань хатгаж, өдгөө би АПУ ХК-даа засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженерээр 22 дахь жилдээ ажиллаж байна.
Хоёр жил дараалан үйлдвэрлэлийн дадлагаа АПУ ХК-д хийсэн болохоор инженер техникийн албаныхнаа таньдаг болчихсон, тэд ч намайг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байв. Сургуулиа төгсөөд компани дээрээ яваад очтол шар айраг савлах үйлдвэрт механикчаар ажиллах санал тавьж билээ. Тэр үед манайх вино үйлдвэрлэх шинэ цех байгуулж байсан юм. Ажилд шинээр орсон хүн шууд механикч болох боломжгүй байдаг ч миний хувьд хоёр жил дадлага хийсэн, багахан туршлагатай байсан учраас итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог.
Хувьтай хүн гэж бид нэгнээ ярьдаг даа. Манай АПУ хүнээр бол яг л тийм. Хувь заяа, амжилт ололт нь үргэлж дээшээ өгсөж явдаг. Хүмүүстээ хайртай, ажилчдаа сургаж ч чаддаг, урамшуулж ч чаддаг. Улсын үйлдвэрүүд ид хувьчлагдах үеэр бусад үйлдвэрүүд унаж доройтоод дампуурсан жишээ олон. Бид ч тухайн үед бас эмээж л байсан. Харин АПУ хувьчлагдахдаа хүмүүсээ авч үлдэж, үйлдвэрлэлийн цоо шинэ цаг үе рүү, амжилт өөд хамтдаа алхаж чадсан.
Зуун жилийн түүхийг бүтээж яваа үйлдвэр гэдэг өөрөө их онцлог байдаг юм байна. Үеийн үед энд ажиллаж байсан, байгаа хүмүүсийн ур чадвар, хичээл зүтгэл, сэтгэлийг өөртөө шингээгээд явдаг шиг. Залгамж халаагаа бэлдэх, хүмүүсээ сургах тал дээр манайх их сайн. Шинэ орж ирж байгаа хүмүүсийг залуу, туршлагагүй гэж голдоггүй. Яагаад гэвэл шинэ хүмүүстэй хамт шинэ мэдлэг, шинэ ур чадвар, эрч хүч хамт орж ирнэ. Тэд өмнөх ажилтнуудаасаа суралцах юм байхад, бид ч эргээд асууж зөвлөх юм их гарна. Би хувьдаа зүгээр суух, зөвхөн оногдсон ажлаа л хийх гэдгийг төдийлөн таашаадаггүй хүн. Юм юм туршиж үзэх, суралцах их дуртай. Залуу мэргэжилтнүүддээ ч мөн тэгж хэлдэг.
Механик инженер гээд би зөвхөн эрэг боолт тайлаад суух уйтгартай. Тийм учраас би хэлтсийнхээ бусад мэргэжилтнүүдээс асууж суралцсаар ирсэн. Одоо бол өөрийнхөө хэмжээнд найз нөхөд, үр хүүхдийнхээ байшинг барилаа гэхэд зургийг нь гаргаад, сантехник, цахилгааных нь учрыг хүний гар харахгүйгээр өөрөө гардаад хийчих хэмжээнд хүрсэн. Ер нь хүний сурсан юм гэдэг хэн ч булааж авч чадахгүй их хүч. Шинэ юм сурах бүрт тэр чамайг нэг шат ахиулж байдаг гэдэгт итгэдэг. Энэ ажлыг ингэж л хийх ёстой, ингэж хийсээр ирсэн гэсэн хуучин, хэвшмэл үзэлд дургүй. Толгойгоо ажиллуулж, яавал илүү дээр байж болох вэ гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Тийм учраас би ажил дээрээ жаахан “зөрүүд” нэртэй (инээв).
Техник технологи хөгжөөд урьд нь хүний гараар хийдэг байсан олон үйлдэл автоматжиж байна. Ямар ч чадалтай техник технологи чамайг орлож чадахгүй болтол сурч, боловсорч, өөрийгөө үргэлж шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэж, ур чадвараа хөгжүүлж яваарай гэж залуусдаа захидаг даа.
Арван жилийн сургуулиа онц дүнтэй төгсөөд, гадаадын хуваарь авах хүсэлтэй байсан ч яг тэр үед ЗХУ-д ардчилал болоод ээж аавынхаа зөвлөснөөр ШУТИС-ийн Хүнсний технологийн ангийг сонгон орж байлаа. Тэр жилийн элсэлтийн хүүхдүүд Исгэлтийн технологич инженер мэргэжлээр дотооддоо сурсан анхны оюутнууд болж байв. Жирийн арвай будааг дэвтээж ургуулаад, хөрөнгөөр исгээд, зөрөг цэцгээр амтлаад шар айраг болгодог технологи, тэр процесс их сонирхолтой санагдаж энэ мэргэжлээр суралцсан.
Оюутан байхдаа II курсээс эхлэн АПУ компанийн Шар айргийн үйлдвэрийн исгэлтийн цех, дарсны цехэд дадлага хийж, хожим Архины үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. 2003 онд Дарсны цехийн мастераар томилогдон Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Дамдин гуай, олон жил ундааны ханд болон найрлага бэлтгэх хэсэгт ажиллаж байсан Оюунчимэг, Дашзэвэг эгч нартайгаа хамтран эх орныхоо зэрлэг жимс аньс болон таримал үхрийн нүд жимсийг уламжлалт аргаар ариутгаж исгэн “Жимсгэнэ” дарсыг үйлдвэрлэх ажилтай холбогдсон нь одоо эргээд харахад сонин сайхан түүх.
Тэр үедээ л анх удаа жинхэнэ дарсны өндөр хүзүүтэй шилэнд үйсэн бөглөөгөөр бөглөн хэрэглэгчдээ хүргэж байсан. “Жимсгэнэ” дарсаа шинэ жилийн өмнө үйлдвэрлэх болоод бөглөгч машин нь ирээгүй байхад гараараа бөглөх гэж хөглөж байснаа дурсах дуртай. Үйсэн бөглөөгөө усанд дэвтээж, үрж нарийсгаад бөглөх, резинэн алхаар цохиж оруулах гэх мэтээр олон янзаар туршиж бүтэлгүйтсэн хөгжилтэй түүхүүд ч бий. Дарсны цехийнхэн, ачигч нарыгаа удирдаад ямаахайн үндэс, аньсны навч түүхээр хөдөө хээр хүрз бариад ачааны машин дээр шижигнүүлж явсан. Энэ бүхэн компанийн хувьд ч тэр, бидний хувьд ч тэр эргээд харахад сайхан дурсамж.
Би ууланд авирах дуртай. 2015 онд ажиллагсдынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11-н сонирхлын клуб байгуулж байсны нэг нь “APU Hiking Club”. Тэр үеэс хойш одоог хүртэл энэ клубийнхээ Админаар нь ажилладаг. Гималайн нурууны далайн төвшнөөс дээш 6000м өндөртэй Им Жа Цэ болон Лобуче гэсэн хоёр том оргилд гурав хоногийн зайтай амжилттай авирч, компанийнхаа тугийг мандуулж байсан. Энэ авиралтад компанийн удирдлагууд хамт олон маань маш их дэмжсэнд одоо ч баярлаж бахархаж байдаг.
2019 онд манай клубийн идэвхтэй алхдаг гишүүдээс бүрдсэн баг Монгол Улсын дээвэр болох Алтай Таван Богдын Хүйтэн оргилд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн удирдлага дор амжилттай авирсан. Тэгж явсаар 2020 онд манай клубийн дөрвөн гишүүн уулын холбооны “Дөрвөн бэрх” цомын эзэн болсон. Энэхүү цом нь Монгол Улсынхаа дөрвөн том нуруу /Алтай, Хангай, Хэнтий, Саяны нуруу/-ны ноён оргилд амжилттай авирсан ажилтанд олгодог шагнал юм.
Миний хувьд олон жил тогтвортой ажиллан, олон олон асуудал бэрхшээл, шинэ боломжууд дээр тасралтгүй суралцсан нь өндөр ууланд авирах тэсвэр тэвчээр, тасралтгүй урагшлах эрч хүч, хамтрагч нартаа итгэж хамтдаа даван туулах итгэл, өөртөө итгэлтэй хувь хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Манай үйлдвэрүүд тасралтгүй 24 цагаар ажилладаг. Ус ундаа, шар айраг, сүү сүүн бүтээгдэхүүн гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас цаг маш хурдан өнгөрдөг. Гэсэн ч ажлын цагтаа бүтээмж өндөртэй ажиллан, амралтын цагаа гэр бүл болон өөртөө зориулахыг хичээдэг.
Компани маань тасралтгүй хөгжиж, өөрчлөгдөж байдаг учраас дасан зохицох, өөрчлөлтөд үргэлж бэлэн байх чадвар чухал санагддаг. Компанийн маань үйл ажиллагааны өөрчлөлт бүр бидний хувьд хөгжил дэвшлийг авчирч, хамт олон руу чиглэсэн олон хөтөлбөр, санаачилга ажлууд нь уйдах завдал олгодоггүй.
Би хүүхэд байхын бичил ертөнц, аливаа юмсын бүтэц зохион байгуулалт, зүй тогтлыг тайлж мэдэх гэсэн эрмэлзэлтэй хүүхэд байсан. Мөн аав, ээж хоёрын минь хими, биологич мэргэжил намайг бичил ертөнц, байгалын шинжлэх ухааны замнал руу хөдөлсөн байх гэж боддог. Микробиологич хэмээх мэргэжлийн гол онцлог нь бид хэзээ ч энгийн нүдээр харж чадахгүй бичил ертөнцийн оршин суугчидтай өдөр бүр учирч, тэдний хязгааргүй бүтээмжит чадварыг зөв зүгт чиглүүлэн залах, мөн сүйтгэх хүчийг нь сарниулах, устгахад хамаг анхаарлаа хандуулан ажилладагт оршдог. Мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан хөлс хүчээ шавхсан сорил бүрийн ард амжилттай гарч, учирч болох эрсдэлийг урьдчилан харж тооцоолон үнэлж, зөв удирдаж ялалт байгуулах нь миний мэргэжлийн хамгийн бахархам сайхан зүйлсийн нэг.
Төгсөх курсынхээ намар санамсаргүй тохиолдлоор АПУ Хувьцаат компанийн итгэмжлэгдсэн лабораторид дипломын өмнөх дадлагын ажил хийх завшаан тохиолдсон нь энэ хүчирхэг, манлайлагч гэр бүлтэй хойшдын хувь заяагаа холбон нэгэн салаа мөчир нь болон өсөж, хөгжиж явахын эхлэл болсон. Дөнгөж төгссөн, 22 настай залуухан хүүд АПУ Хувьцаат компани хэмээх их айлын соёл, уламжлал, үнэт зүйлс, ажлын дадлага, туршлага мэдлэгийг харамгүй хайрлаж сургасан лабораторийн эрхлэгч Ш.Нансалмаа /Одоогийн АҮ-н дарга/, микробиологич Ч.Болормаа, лаборант Т.Даваа эгч нартаа маш их баярлаж талархаж явдаг.
Үүнээс хойш хэдийнээ 15 жил өнгөрчээ. Хамт олонтойгоо олон чухал ажлын ард гарсан байна. 2014 онд шар айргийн хөрөнгийг лабораторид хадгалах аргыг өөрчилж, хуурай хэлбэрээс шингэн хэлбэрт шилжүүлснээр хөрөнгө исгэж, үйлдвэрт өгөх 5 хоногийн хугацааг 1 хоног болгож богиносгож чадсан. Үүний үр дүнд үйлдвэр хөрөнгө хүлээж цаг алддаг байсан хугацааг арилгаж, хөрөнгө хурдан эргэлтэнд орж, шар айраг төдий хугацаагаар эрт бэлэн болох эдийн засгийн ач холбогдолтой ажил болсон. Уг үйл явц 1.5 жилийн судалгаа, маш их хөдөлмөр сэтгэл зүтгэл шаардсан ажил байсан. Мөн 2013 онд Германы Калтенберг шар айргийг үйлдвэрлэх эрхийг авсны дараа шинжилгээний болон бусад стандарт, шинэ хөрөнгө, түүний үржүүлэн өсгөвөрлөх аргыг өөрийн болгон нутагшуулж авах, шинжилгээний стандартыг шинжлэх ухааны үндэслэл дээр хэрэгжүүлэн ажиллах, амаргүй боловч сонирхолтой ажлын ард баг хамт олноороо амжилттай гарсан.
Компани маань томоохон хөрөнгө оруулалтууд хийж, шинэ технологи нутагшуулахын хэрээр тухайн ажилтнаас мэдлэг, ур чадвар, зөв хандлага, шинийг санаачлагч байх, хөгжилд тэмүүлэгч байх, багийн сайн хамтрагч байх шалгууруудыг тавьж, хүн бүр тэгш эрхтэйгээр хөгжилд тэмүүлэх боломжийг олгосоор ирсэн. Энэ сайхан хамт олны нэг хэсэг байгаадаа үргэлж талархаж явдаг даа.
Л.Ананд: Би багын л цэрэг, тагнуул, машиныг маш их сонирхдог хүүхэд байсан. 10 жилд байхдаа НАХЯ-ны сургуульд оруулаад өгөөч гэж, ХБНГУ-д сурч байхдаа Германы армийн алба хаая гэж, WRC нисгэгч болмоор байна, надад туслаач гэж үгүй ээ мөн ч их гуйсан даа. Хариулт нь үргэлж “Үгүй” байлаа. Харин одоо би 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ гэдэг том айлын бүх худалдан авалт, хангамжийг хариуцаж ажилладаг хариуцлага өндөртэй армид ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдалгүй байх нь бидний ажлын үр дүнгээс шууд хамааралтай. Тиймдээ ч бид цагтай уралдаж, харилцагч нийлүүлэгч нартайгаа урт хугацааны харилцаатай, хамтын итгэлцэл дээр ажил үүргээ явуулдаг.
Хүн ажлаараа өвчилдөг гэж ярьдаг даа. Би үргэлж л албан томилолтоор явахдаа эсвэл энэ тэндхийн дэлгүүр орохдоо бүтээгдэхүүний сав баглаа боодол, орц найрлага, хадгалах хугацааг шинжээд хараад зогсчихдог зантай. Энэ нь ажлаа хаана ч байсан сайжруулах талаар тагнуулдаж байгаа хэрэг. Мэдээж энэ бүхэн анх миний сониуч зандаа хөтлөгдөж, шинэ зүйл үргэлж тасралтгүй сурч хөгжихийг хүссэн хүслээ дагаж, АПУ компанид ажилд орсноос эхлэлтэй.
Би Герман улсад сурч байгаад Монголдоо ирээд анх АПУ компанид ажлын ярилцлагад орсон. Тухайн үед хангамжийн албаны дарга А. Мэндбаяр хижээл насны цэмцгэр ах надаас ярилцлага авч байлаа. Ярилцлагын туршид бид хоёр Англи, Монгол хэлээр ээлжлэн ярьж, чи АПУ компанийн хангамжийн албанд ажилд орох уу,.. ажилдаа дуртай, зөв хандлагатай байхад л болно гэсэн цомхон ярилцлага болж өнгөрсөн юм. Ажилдаа ороод нэг их удаагүй байхад А. Мэндбаяр дарга хурлын өрөөнд дуудлаа. Би яваад ортол хурлын ширээний нэг талд Германы Кронес компанийн албаны хүмүүс нөгөө талд нь манай үйлдвэрийн хүмүүс суучихсан надаар орчуулга хийлгэхээр хүлээж байлаа. Өөртөө итгэлтэй нь аргагүй мэндлээд орчуулгаа эхэлтэл миний мэдэхгүй мэргэжлийн үг хэллэгүүд, тоног төхөөрөмжийн тухай ярьж эхэллээ. Би нилээд сандрангуй байж байтал А. Мэндбаяр дарга биднийг ангайтал Германаар ярьж, орчуулгыг төвөггүй хийв. Тэр үед л би АПУ компани үнэхээр л үе үеийн чадварлаг хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж, үлгэрлэн суралцах хүмүүс олонтойг олж мэдэрсэн.
Үйлдвэр шинэчлэх ажил ид өрнөж, Германы Кронес компанийн тоног төхөөрөмжөөр хүчин чадал чанараа нэмэгдүүлсэн нь тухайн үед Германыг бид бенз машинаар төсөөлдөгтэй ижил бодол төрж билээ. Германы бенз гэхээр л надад чанар, өндөр зэрэглэл гэдэг үгтэй хамт төсөөлөгддөг тул бүтээгдэхүүний чанар стандартад асар их дэвшил гарч, бид дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн компани болсон юм.
Компанидаа ажиллаад 11 жил болохдоо багаараа томоохон төслийн ард амжилттай гарч, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа хамт олныхоо уур амьсгал, ажлын орчин, өсөн дэвжих боломжоор тасралтгүй хангагдаж иржээ. Үүний нэг жишээ бол АПУ сонирхлын клубууд юм. Бид өөрийн гэсэн сонирхлоороо нэгдэж, өөрсдийн сонирхсон чиглэл бүлээрээ клубууд байгуулсан. Миний хувьд АПУ Экстрем клубыг удирдан чиглүүлж, хамт олноо нэгдэх гүүр болж байгаадаа баяртай явдаг. Зарим хүмүүс яагаад АПУ компанид ажилчид нь насаараа, зарим нь бүр гэр бүл, хэдэн үеэрээ ажиллаж байгааг гайхдаг. Би тэдэнд хариулахдаа хүн ажилдаа дурлаж, халуун дулаан сэтгэлтэй хамт олны дунд ажиллах нь өөрөө аз жаргал юм гэж хэлдэг.
Миний амьдралын 37 жил АПУ компанитайгаа холбогджээ. Ингэж хэлж байхдаа эргээд бодоход урт хугацаа өнгөрсөн юм шиг атлаа анх орж байсан маань өчигдөрхөн мэт тод харагдаж байна. 1984 онд Хүнсний техник мэргэжлийн сургуулийг исгэлтийн мэргэжлээр төгсөөд АПУ компанийн савлах цехэд савлах, бөглөх машины оператораар орж байлаа.
Залуу хүүхэд юугаа ч мэдэхгүй, ямар том компанийн хаалга татаж буйгаа ч гадарлаагүй явж. Анхны цалингаа аваад аавдаа бэлэг, ээждээ ганган оймс, дүү нартаа дуртай амттаныг нь аваад гэртээ очиход манайхан баяр ёслол шиг ширээ засчихсан халуун дулаан хүлээж авч билээ. Тэгэхэд аав минь “Миний охин Монгол Улсын хамгийн том компанид ажилд орлоо. АПУ чинь манай улсын татварын орлогыг бүрдүүлдэг том газар шүү” хэмээн бахархан хэлэхэд нь “Нээрэн би чинь ийм чухал компанийн нэг эд эс болжээ” гэж анх удаа ухамсартайгаар бодож байлаа.
37 жилийн турш нэг газраа, нэг ажлаа хийнэ гэдэг одоогийн залууст сонин сонсогдож магадгүй. Харин миний хувьд ажил маань ажил гэдэг утгаас давж, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон юм. Энэ хугацаанд үйлдвэрийн маань техник технологи шинэчлэгдэх бүрт миний бие анхлан туршиж, асааж хөдөлгөж иржээ. Нэр төрийн хэрэг санагддаг шүү.
Анх бид бүхий л үйл ажиллагаагаа гараараа хийдэг, бөглөөгөө өөрсдөө эргүүлдэг байсан бол одоо ихэнх ажиллагаа автомат болсон байна. Заримдаа хийх ажилгүй зүгээр зогсоод байгаа мэт санагдах үе ч бий (инээв).
Цагийн өөрчлөлт, технологийн шилжилт бүрт дасан зохицож, арга ажиллагаагаа өөрчлөн өдийг хүртэл компанидаа хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай, бахархалтай байдаг.
Уг нь би багадаа багш болох юмсан гэж хүсдэг байсан. Хэдийгээр энэ мөрөөдлөө хөөгөөгүй ч гэлээ намайг компани дотор минь багшаа гэж дууддаг хүмүүс бий. Хүнсний комбинатын оюутнууд ирж дадлага хийгээд, дараа нь орон нутгаасаа багшдаа гээд захидал илгээх их сайхан санагддаг байж билээ. Бага насны дэврүүн хүсэл мөрөөдөл минь биелсэн юм шиг л…
Би удахгүй тэтгэвэртээ гарна. Манайхан намайг “Та тэтгэвэртээ гарсан ч ажиллана биз дээ. Дараачийн Лхагвааг бэлдэж өгөөрэй…” гэнэ. Ажилдаа хариуцлагатай хандах, хийсэн бүтээсэн нь бусдад үнэлэгдэх, тухайн газраа үнэ цэнтэй нэгэн байх гэдэг хүний амьдралын хамгийн эрхэм хүндлэл, утга учир гэж би боддог.”
АПУ КОМПАНИ “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ХҮРТЭЭМЖТЭЙ ОНЫ ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА” -ААР ШАЛГАРЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нар хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-үүдийг тодруулан, АПУ ХК-г “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага” -аар шалгаруулан өргөмжлөлийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ш. Дөлгөөнд гардууллаа.
АПУ ХК нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог сайжруулах чиглэлд 2020 онд 13 ажилтан ажилд авч ажиллуулснаас хараагүй иргэдэд зориулж 2 ажлын байр тусгайлан гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр 2 өдрийн үзэсгэлэнг ажлын байрандаа зохион байгуулж дэмжиж ажиллажээ. Мөн ХУД-т оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн ихээр зорчдог авто замын уулзваруудын гэрлэн дохионд дуут дохиологч байрлуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах АПУ компанийн Тайгер шар айргийн үйлдвэрийн дотоод болон нийтийн эзэмшлийн зам талбайг тусгай хэрэгцээт хүмүүст хүртээмжтэй болгон тохижуулан ажилласан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран 2 дахь удаагаа зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад үлгэр дуурайлал болгох томоохон ач холбогдолтой бөгөөд АПУ компанийн хувьд цаашид ч эдгээр иргэдэдээ хүртээмжтэй байх бодлого баримтлах, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Шинэ он гарахын өмнө APU Company-н ажилчдын хөдөлмөр бүтээлийг төр засаг болоод компанийн зүгээс үнэллээ. Өнөөдөр буюу 12-р сарын 28-ны өдөр APU Company-н төсөл хариуцсан захирал А.Мэндбаяр, ТАЗ-ын Хөргөлтийн цехийн инженер Ц.Ганболд нарыг Алтан гадас одонгоор шагнасан бол Ус, ундааны үйлдвэрийн ажилтан Ж.Өлзиймаам, Пивоны үйлдвэрийн ажилтан Б.Тунгалаг, Б,Пүрэвдулам нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.