Categories
Uncategorized

Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжиж, жилд дунджаар 30 сая ам.долларын валютыг дотооддоо үлдээх боломж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх талаар дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай оролцож Монгол хүний дархлаажуулалтын амин хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг чухалчиллаа.

Мөн тэрбээр “Олон улсад эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 160-180 кг байхаар зөвлөсөн байдаг бол манайд 30-50 кг байна. Тиймээс дотоодын сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид 1000 гаруй малчин өрхөөс сүү цуглуулж байна. Үүнээс гадна манай улс жилд дунджаар 30 орчим сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хатаамал сүү импортоор авч байна. Тиймээс хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ эрчимтэй нийлүүлж, нөөцөлсний үр дүнд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Мөн 21 аймаг, бүт нутгуудад сүүний анхан шатны боловсруулалт хийх цэгүүд байгуулах шаардлага бий. Энэ ажлыг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бид өндөр ашиг шимт фермерийн үнээний аж ахуйг хөгжүүлснээр сүүний гарц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой” хэмээн онцоллоо.

Хатаамал сүү нь үнээний шингэн сүүн дэх хуурай бодисын агууламжийг стандартын дагуу тогтоон сүүний усыг ууршуулсан бүтээгдэхүүнийг хэлдэг бөгөөд сэргээн ашиглах боломжтой,  шингэн сүүтэй ижил найрлагатай гэдгээрээ давуу талтай юм.

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй.