Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж, АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олгох шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан АПУ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “АПУ ХК-ийн 1,206,810 ширхэг халаасны хувьцааг дахин гаргах замаар, ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг баталж, ажилласан жилийг 100 ширхэг хувьцаагаар үржүүлэн хувьцаа эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.
(Хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөртэй энд дарж танилцана уу).
Тус шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрч, халаасны хувьцааг гүйлгээнд гаргаж, хаалттай хүрээнд ажилтнуудад эзэмшүүлж бүртгэхийг ҮЦТХТ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Шунхлай Группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор Группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх,
хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”.
АПУ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь Шунхлай Холдинг, HEINEKEN компаниуд байдаг. МХБ-д зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.
Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа эхэлсэн Шунхлай Групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн бизнесүүдээс бүрдсэн 8 чиглэлд 20 гаруй компаниудыг хамруулсан үйл ажиллагаа явуулж байна.