Categories
Мэдээллийн сан Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компанийн Ахмад ажилтан Л.Аваасүрэн, Б.Содномпэлжээ нар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг хүртлээ

Тэртээ 1924 оноос хойш аж үйлдвэрлэлийн түүхийг бичиж эхэлсэн АПУ компанийн хөгжил дэвшилд үе үеийн ахмад инженер, ажилтан, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, туршлага, хувь нэмэр хамгийн их билээ.
Өнөөдөр тохиож буй түүхэн баяр дээр аж үйлдвэрлэлийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмэр оруулан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л.Аваасүрэн болон Ахмад инженер Б.Содномпэлжээ нарт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан“ цол тэмдэг хүртээлээ.
АПУ ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Л.Аваасүрэн нь микробиологичоос эхлүүлэн Ерөнхий технологич, Цехийн дарга, Үйлдвэрийн дарга, Ахмадын хорооны дарга, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар өнөө хүртэл нийт үйлдвэр, олон нийтийн байгууллагад 41 жил ажиллажээ. Тэрбээр шинэ техник технологи нэвтрүүлэх, Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо, Байгалт орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд оролцож, ундааны үйлдвэр, дарсны цехийн эхлэл суурийг тавилцаж байв. Мөн олон удаагийн сонгуульт саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 23 жил ажиллахдаа ахмад, дунд, залуу үе, бүх давхаргын ажилчдыг хамруулсан нийгмийн асуудлыг шийдвэрлэн хэлэлцэж, 1983 онд ажлын гараагаа эхлэсэн цагаас одоог хүртэл ажиллан, үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг тууштай хэрэгжүүлж, уламжлалаа хүндэтгэн урагшлан хөгжих их үйлсэд компанийнхаа залуучуудад байнга дэмжин ажиллаж байгааг өндрөөр үнэлэн ийнхүү шагналаа.
Ахмад инженер Б.Содномпэлжээ нь Засварын механик, Механик инженер, Зөвлөх инженерээр амьдралынхаа 50 жилийг уг үйлдвэртэй холбожээ. Комбинатад ажиллах хугацаандаа тухайн үеийн хүнсний яамны томилолтоор Ховд, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудын хүнсний үйлдвэрүүдэд засвар болон тохиргооны ажлуудын хийж байв. Мөн маш олон шинэ бүтээл хийж үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан бөгөөд түүний бүтээлийг аймгуудын хүнсний үйлдвэрүүдэд ихээр ашиглаж байсан шинийг санаачлагч, зохион бүтээгч юм. Мөн үйлдвэрлэлийн бүхий л цаг үеийн шинэчлэлийн ажилд гар бие оролцож, үйлдвэрлэлийн салбарт өөрийн хөдөлмөр зүтгэлээ бүрэн зориулан ажиллажээ. Түүний аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж ийнхүү энгэрийн мялайлаа.
АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.
АПУ Хувьцаат компани