Categories
Онцлох мэдээлэл Мэдээллийн сан Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

АПУ компани “Бахархалт Монгол” Тогтвортой хөгжлийн стратегиа олон нийтэд зарлав

АПУ ХК түүхт 100 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ дээрээ “Бахархалт Монгол” Тогтвортой хөгжлийн стратеги 2030-аа дэлхийн томоохон түнш байгууллагууд, харилцагч, ханган нийлүүлэгчдийнхээ өмнө албан ёсоор танилцууллаа. Гадаад дотоодын 500 гаруй зочид тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээс АПУ ДЭЙРИ болон АПУ ХК-ийн үйлдвэрлэлийн байгальд ээлтэй технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлдэг Герман улсын GEA, Кронес, хөрөнгө оруулагч Heineken компани, Kaltenberg Баварийн алдарт шар айргийн толгой компани болох Кониг Людвиг зэргийн төлөөллүүд оролцсон.

АПУ ХК өөрийн урт хугацааны зорилготой уялдсан тогтвортой хөгжлийн нөлөөллөө цар хүрээ, төвлөрөх чиглэлийн хувьд нарийвчилж, хэмжигдэхүйц, оновчтой аргачлалаар хянах, үүнд тулгуурласан бизнес шийдвэрүүдийг гаргах үйл явцын зурагтай байхаар зорьсон. Үүний хүрээнд тус стратегийг олон улсын стратеги, инновацын фирм, Фронтийр-тэй АПУ ХК-ийн бүх чиг үүргийн төлөөллөөс бүрдсэн ажлыг хэсэг, төслийн багууд хамтарч боловсрууллаа.

Өнгөрсөн 99 жилийн хугацаанд дотоод хамт олон болон харилцагч, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчид, байгаль орчин зэрэг бүхий л гол оролцогч талуудын дэмжлэг, үр шимээр өнөөдрийн АПУ ХК 100 жилийн ойгоо угтаж байна.

Харин ирэх 100 жилдээ АПУ ХК эх дэлхий болон Монгол улсдаа ямар хөрөнгө оруулалт, үр нөлөө, үнэ цэнийг бүтээхээ зураглаж буйн хүрээнд бид бүхий л тогтвортой хөгжлийн ажлууд болон зорилтуудыг нэгтгэн системчилж 5 ханат нөлөөллийн гэр моделийн дагуу ‘Бахархалт Монгол’ Тогтвортой хөгжлийн стратеги 2030-ын тэргүүлэх чиглэлүүдээ боловсруулж, ТУЗ-өөрөө батлуулсан нь энэ юм.

Тогтвортой амьдралын хэв маяг, байгалийн хэмнэлтэй уялдан урагшлах аж ахуйн тухай ойлголт нь Монгол түмэнд шинэ ойлголт биш юм. Өнөө маргааш бус 9 үеэрээ өөрсдийн ул мөр, нөлөөллөө зураглаж ирсэн өвөг дээдэс маань холч ухаанд суурилсан “стратегийн мэргэжилтнүүд” байсан гэдэгт бид эргэлздэггүй. Монгол гэрийн дугуй бүтэц, Монгол гутлын хавтгай ул зэрэг нь бидэнд өвлөж ирсэн, байгаль эхдээ ул мөр үлдээхгүй, үргэлж хувьсаж буй амьдралын мөчлөгтэй уялдаж, урагшлах замыг заасан уламжлалт технологи гэж бид ойлгодог. Амьдралын зохистой хэв маягийг хэвшүүлэх энэхүү үнэт зааврыг бид эрхэмлэж, бүхий л үйл ажиллагаа, инновацдаа шингээн ирсэн. Цаашид ч энэ өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зах зээлд томоохон байр суурь эзлэн, олон мянган ажилтан, хэрэглэгч, хамтрагчдын өдөр тутмын түнш байж, эергээр нөлөөлөх боломжийг атгалцаж буй бидний үүрэг юм.

Стратегийн 5 хананы зорилго

АПУ ХК өөрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, гүйцэтгэж буй бүхий л тогтвортой хөгжлийн ажлууд болон зорилтуудыг нэгтгэн ангилж, цэгцтэй бүтцэд оруулан зурагласан НӨЛӨӨЛЛИЙН ГЭР МОДЕЛ.

Resilient Legacy – Ямагт орших өв соёл

Монгол өв соёл: Монголын гайхамшигт өв соёлыг ямагт амьд байлгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд АПУ ХК өөрийн бизнес, хэлхээ холбоо, нөөц боломжоо бүрэн ашиглана.

Green & Clean – Ногоон ба цэвэр тунгалаг 

Байгаль орчинд дахь ул мөр: Эх дэлхий дээрх ул мөрөө багасгахын тулд тогтсон хязгаарыг давсан зүтгэл гаргаж, өвөг дээдсийнхээ хадгалан үлдээсэн тэнцвэртэй байгаль орчныг идэвхтэй хамгаална.

Empowered People – Хүчирхэгжсэн хамт олон

Оролцогч талууд дахь нөлөөлөл: Хамт олон, бусад гол оролцогч талууд маань хөгжиж дэвжих боломж бүхий монгол гэр бүлийн үнэт зүйлд нийцүүлсэн ажлын орчныг хөгжүүлснээрээ манлайлагч ажил олгогч болно.

Enriching & Responsible – Баялаг ба хариуцлагатай 

Хариуцлагатай хэрэглээ: Өдөр тутмын амьдрал болон хэрэглээнд эрүүл сонголтуудыг сэдэлжүүлж, боломжийг нэмснээр Монгол мөн чанар шингэсэн зохистой амьдралын хэв маягийг дэвжээнэ.

Sustainable Partner – Тогтвортой түнш 

Ил тод байдал, засаглал: Монголын нээлттэй хувьцаат компаниудын дунд байгаль орчин, нийгэм, засаглалын нөлөөллөөрөө жишиг байгууллага байна.

Тийм ч учраас АПУ ХК-ийг нэг гэр гэж үзээд илүү ч биш дутуу ч бус, тус бүрнээ эн тэнцүү чухал үүрэгтэй 5 хана буюу 5 тэргүүлэх чиглэлтэйгээр зурагласан нь энэ юм. Дунд хугацаанд буюу 2030 он хүртэл бид бүх үйл ажиллагаагаа “Бахархалт Монгол байх”-ад чиглүүлж, жинхэнэ Монгол мөн чанарыг бодит ажил, бизнесийн бодит шийдвэрүүдээр дэмжих суурийг бэхжүүлэхээр зорьж байна.