Categories
Мэдээллийн сан Онцлох мэдээлэл Хэвлэлийн мэдээ Санал болгох мэдээ Нүүр хуудасны онцлох мэдээ Нүүр хуудас - мэдээ Мэдээ, мэдээлэл

Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-оор АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг шагнууллаа

Монгол улсын аж үйлдвэрлэлийн салбарын анхдагч АПУ компанийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар аж үйлдвэрлэлийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэгийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон” медалиар шагналаа.

Ц.Эрдэнэбилэг захирал 2007 оноос хойш АПУ компанийн дэд захирлаар тус компани дахь ажлын гараагаа эхлүүлж, 2008 оноос хойш сүүлийн 16 жил тасралтгүй Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Энэ хугацаанд аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч АПУ компанийг экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийн түвшинд удирдан чиглүүлж, техник технологийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ олон нийтэд нээлттэй компанийн хувиар хүн төвтэй, сайн засаглалыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлж ажилласныг ийнхүү үнэлж шагналаа. Тэрбээр Азидаа тэргүүлэх Автомат агуулахын бүтээн байгуулалт, Хайнекен компанитай менежментийн нэгдэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийг дэмжсэн “Монгол сарлаг” гэр үйлдвэрлэлийн төсөл, импортыг орлох “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрийн бүтээн байгуулалт, экспортын тэлэлт, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, олон улсын чанар стандартыг хангасан, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэвтрүүлж, оновчтой шийдвэр гаргалт, хэрэгжилт, уян хатан бодлогоор манлайлж АПУ компанид төдийгүй харилцагч, хамтран ажиллагсад, ханган нийлүүлэгчид, хэрэглэгч тэргүүтэй бүхий л оролцогч талуудад хамтын үнэ цэн бүтээсэн билээ.

Мөн Ц.Эрдэнэбилэг захирлын онцгойлон бий болгосон хувь нэмэр бол хүн төвт бодлогыг анхааран хэрэгжүүлж, ахмад, дунд, ирээдүй үеийг холбон нэгтгэж, байгууллагын соёлыг шинэ түвшинд гаргаж АПУ ХК-ийг Монгол улсаас анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” хэмээн гэрчилсэн явдал юм.

Өдгөө хүн, нийгэм, байгаль эх дэлхийдээ ээлтэй “Монгол бахархал” тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, тогтвортой ажлын байрыг бий болгож,  өв, соёл, нийгмийн асуудалд хөрөнгө оруулах компанийн нийгмийн хариуцлагын бодлогыг бэхжүүлж дэлхийд танигдах Монгол хүний оюун чадвар, ур ухаан, шинэчлэл, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, зорилго зорилтыг алсын хараа болгон тодорхойлон ажиллаж байна.

АПУ компанийн үе, үеийн ажиллагсад, хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, ҮРГЭЛЖ ӨӨДӨӨ байхын ерөөл өргөе.

АПУ Хувьцаат компани