Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийг анхлан бичилцсэн цагаас хойш бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон ололт амжилтаараа ямагт тэргүүлж ирсэн АПУ ХК нь тэртээ 1924 онд 5 монгол, 9 орос ажилтантайгаар архи найруулан савлах гар ажиллагаатай жижиг үйлдвэрээр анх эхэлж байсан бол өдгөө орчин үеийн дэвшилтэд техник технологиор бүрэн тоноглогдсон 2000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг, дотоодын шингэн хүнсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани болж өргөжин хөгжжээ. АПУ ХК нь одоогийн байдлаар согтууруулах ундаа, ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний нийт 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Олон улсын зах зээлд ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, БНСУ, Бельги, Франц, Герман, АНУ зэрэг улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолодог. ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSS 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны компани юм.
АПУ ХК нь 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 9000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй, Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг, зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компани билээ. АПУ групп компани нь жил тутам улсын төсөвт дунджаар 300 тэрбум гаруй төгрөгийн татвар төлж, экспортын бодлогоо эрчимжүүлж, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулан ажиллаж байна.