Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Г. Хаш-Эрдэнэ Савлалтын үйлдвэрийн ахлах инженер

Би багаасаа л физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай байсан. Эргэн тойрны бүхий л зүйл өөрийн гэсэн зүй тогтолтой, утга учиртай, тэдгээрийн гаргалгаа шийдэл бүр нь тооцоологдож болдог, томъёолж болдог. Ямар нэг гэнэтийн, санаандгүй зүйл болох магадлал бараг байдаггүй юм шиг. Энэ утгаараа эзэмшсэн мэргэжилдээ дуртай, одоо ч эргэн тойрны бүхий л зүйлийг сониучирхан, ажиглаж явдаг.

Миний хувьд 2012 онд МУИС-ийг төгсөөд АПУ ХК-д ТАА-ны Кип Автоматикийн техникчээр ажлын гараагаа эхэлсэн. Тэр үед манайхан бүгд л миний үеийн, залуу хүмүүс байсан учраас хамтдаа бие биенээсээ суралцаж, хүсэл тэмүүлэл, эрч хүч дүүрэн шижигнэсэн уур амьсгал бүрдсэн байсан. Хамтдаа өсөн дэвжиж, нэг зорилгын төлөө явсаар мундаг инженерүүд болсныг нь хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Хамт олон бол ажлын томоохон, чухал хэсэг. Тийм учраас зөв сэтгэлтэй, сайн хамт олон бүрдэнэ гэдэг ёстой бурхнаас өгсөн бэлэг, зол завшаан болов уу гэж боддог.

Одоогоор би савлалтын үйлдвэрийн ахлах инженерээр ажиллаж байна. Өөрийн удирдлагад 15 инженер, техникийн ажилтнуудын хамтаар ажилладаг. Өмнө нь лабораторийн нийт 130 гаруй тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахдаа ганцаараа төлөвлөгөөгөө гаргаад, гүйцэтгэлээ хийдэг байсан. Харин дараа нь үйлдвэрт орж ажиллахад маш өөр, шинэ орчин намайг угтсан. Ганцаараа биш олуулаа, багаараа ажиллаж хамтын төлөвлөгөө, хамтын гүйцэтгэлтэй холбогдоод ирэхээр их сонирхолтой, бүтээмж ч тэр хэрээр өндөр. Бүх зүйлийг том зургаар, илүү цогцоор нь хардаг болсон. Удаан хамт ажиллаад эхлэхээр зөвхөн ажил, ажлын хамтрагч гэдэг утгаас давж нэг нэгэндээ санаа тавих, халамжлах, “бид” гэсэн нэгэн цул сэтгэлтэй болдог юм байна. Ийм уур амьсгалыг бүрдүүлж чадсан хамт олондоо дотроо талархаж, бахархаж явдаг.

Хэдийгээр багаараа ажилладаг ч хувь хүний ур чадвар, мэргэшил, хичээл зүтгэл их чухал. Тийм ч учраас манай компани ажилтнуудаа сургаж, мэргэшүүлэх, шинэ ур чадвар дадалд суралцахыг их дэмждэг. Би лабораторийн инженер байхдаа ажлын шугамаар Германд архины шинжилгээ хийдэг багажны засвар үйлчилгээ болон тохируулга, гэнэтийн эвдрэлийн үед авах арга хэмжээ, шинжилгээг хэрхэн зөв хийх талаар сургалтад хамрагдсан. Үүний ачаар outsourcing буюу гаднын компаниар хийлгүүлдэг байсан засвар үйлчилгээг одоо бид өөрсдөө хийдэг болсон.
Хувь хүний амжилттай ажиллах гол нууц бол эрүүл мэнд гэж боддог. Эрүүл, эрч хүчтэй хүн ямар ч ажил, асуудлын ард гарч чадна. Тийм болохоор ажлынхаа хажуугаар спортоор хичээллэх, тэр дундаа усан спортод сонирхолтой. Компанийнхаа усан спортын сонирхлын клубийн админаар ажилладаг. Мөн компанийн маань ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч бэлтгэн хүргэдэг “Active APU” хөтөлбөрт нэгдэж, усан сэлэлтийн анхан шатны техникүүдийг мэргэжлийн багштай хамтран хүргэсэн. Манайхан одоо ихэнх нь усан сэлэлтийн анхан шатны техникээ эзэмшчихсэн байгаа. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй өөр нэг зүйл бол би Хүндэт донор. Одоогоор цус, сийвэн нийлээд нийт 58 удаа, 23 литр цусаа хандивласан. Монголчууд бид цөөхүүлээ. Тийм учраас цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах хэрэгцээ маш их бий. Сүүлдээ цусны төвийнхөн таны цусаа өгөх хугацаа болчихсон байна, бидэнд яаралтай эс хэрэгтэй боллоо гээд залгадаг болсон. Энэ их сайхан байдаг.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал

АПУ Трейдинг ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г. Ариунаа

Намайг 2004 онд АПУ трейдинг ХХК-д оператор нярвын орон тоон дээр анх ажилд орж байхад компанийн маань 80 жилийн ой тохиож байлаа. Үндэсний ууган үйлдвэрийн нэгд тэмдэглэлт ойн жил нь орж байсандаа хувьдаа бэлэгшээн, баярлаж байсан. Одоо 100 жилийн ой удахгүй тохионо гэж бодохоор цаг хугацаа яг л харвасан сум шиг одож шүү. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ бүхэн эргээд бодоход сайн сайхан, хөгжил дэвшил рүү чиглэсэн өөрчлөлтүүд байгааг өөрийн хувьдаа ч, компанийнхаа тухайд ч мэдрэхэд сэтгэл өег, сайхан санагдаж байна.

Анх манай санхүүгийн газрын бүтэц цомхон, цөөн хэдхэн нягтлан бодогчтой байсан. Одоо зөвхөн манай хэлтэс гэхэд л өнөр өтгөн, олуулаа болсон байна. Компани маань Монголын анхны их наядын үнэлгээтэй компани болсон. Энэ бол манай компанийг үе дамжин босголцсон хамт олны хувьд түүхэн амжилт мөн. Тэр дундаа санхүү, нягтлан бодогчдын маань нөр их ажлын үр шим онцгойлох үүрэгтэй байсан болов уу, хэмээн нэг удаа бахдаж хэлэхийг хүсэж байна. АПУ Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас зах зээлийн үнэлгээгээр 1-рт бичигдэхэд хамт олон, ажлынхаа үр дүнгээр их бахархаж байлаа.
Хүн болгон хийж буй ажилдаа нэг сэтгэл, нэг зорилготой байх нь амжилтын үндэс гэж би боддог. Тийм учраас хүн нэг бүрийн гүйцэтгэлийг чухалчлан үзэж, чадаж байгааг нь урамшуулж, чадахгүй байгаад нь зааж туслан хамтдаа урагшлахыг эрхэмлэн үздэг. Санхүүгийн тайлан мэдээллийн хувьд нэгжийн доороосоо эхлээд бүхий л зүйл үнэн бодитой, нямбай байснаар эцсийн тоо, тооцоолол алдаа мадаггүй гарч, эргээд бид зөв, оновчтой шийдвэр гаргах, нөхцөл байдлаа үнэн зөв, бодитойгоор үнэлэх боломж олдоно. Анх дөнгөж санхүүгийн албаны дарга болчихоод өөрөө л оролцоогүй бол итгэж өгөхгүй, өөрөөрөө дамжсан мэдээлэл л үнэн гэж боддог байсан. Харин сүүлийн жилүүдэд бусдадаа зааж, сайн мэргэжилтнүүд бэлтгэх тал дээр санаа тавих болсон. Тоо, баримт, санхүү, тайлан гэдэг нарийн зүйл болохоор манай ижил мэргэжилтэй хүмүүс намайг юу хэлж буйг сайн ойлгож байгаа болов уу.
Санхүү, нягтлан бодогчийн мэргэжлийг хүмүүс зөвхөн хэдэн тоо цохиод суудаг гэж буруу ташаа ойлгох нь бий. Гэтэл үнэндээ хамгийн чухал нь тоо цохихдоо бус, тэрхүү тоогоор илэрхийлэгдэж байгаа агуулга юм шүү дээ. Эдгээр тооны ард компанийн бүхий л үр дүн, хүмүүсийн хөлс хөдөлмөр, бидний бүтээж буй үнэ цэнэ, ажлын маань амжилт чанар “нуугдсан” байдаг. Энэ утгаараа надад ажил мэргэжил маань сонирхолтой сайхан санагддаг.
Миний хувьд их сургуулиа төгсөөд л АПУ ХК-тай холбогдсон болохоор өөр бусдын компани, ажил ямар байдаг тухай ойлголт муутай. Гэхдээ манай хамт олон, компани маань ажил амьдралаа зориулахад хамгийн жаргалтай, өөдрөг, бүтээлч хүмүүсийн нийлбэр болов уу гэж боддог. Би ер нь дуугай, даруухан талдаа хүн. Харин компанидаа ороод олон хүмүүстэй танилцаж, хамтран ажиллаж, янз бүрийн араншинтай хүмүүсээс суралцаж, өөрийгөө бүтээж яваа.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Төслийн менежер Х. Орломжав

Компани маань 2001 онд хувьчлагдан, Г. Батхүү дарга Гүйцэтгэх захирлаар томилогдон ирсэн даруйдаа бүх үйлдвэрийг бүрэн шинэчлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн олон шинэ бүтээгдэхүүн, брэнд бий болгох нөр их ажлыг эхлүүлсэн. Миний хувьд Архины үйлдвэрийн бүрэн шинэчлэлийн төсөлд гар бие оролцон, Ус ундаа, Спирт, Сүүний шинэ үйлдвэрийн төслийг удирдан, төслөө дуусмагц тэр үйлдвэрийнхээ даргаар ажиллаж байлаа.

Алтан босготой энэ сайхан компани инженер мэргэжилтэй хүний мөрөөдөж болох тэр олон үйлдвэрийн төслийг удирдах боломжийг надад олгосон нь миний хувь хүний хөгжилд асар их хөрөнгө оруулалт хийж, олон олон үнэ цэн, үнэт зүйлс, мэдлэг, чадварыг надад хайрлажээ гэж би дотроо бэлэгшээж явдаг. Өмнө минь шинэ боломж, шинэ хаалга нээгдэх бүрд би өөрийн өмнө нээгдсэн боломж, хаалга болгоныг бусдын өмнө ч бас нээхийг хичээж ирсэн.
Би бол АПУ компани, сайхан хамт олныхоо буянд ер бусын аялал хийж, адал явдал дүүрэн амьдралаар аз жаргалтай амьдарч байгаа эгэл жирийн инженер хүн. 1992 онд ОХУ-ын нийслэл Москва хотын ХТДС-ийг “Хүнсний үйлдвэрийн механик инженер” мэргэжлээр төгсөж ирээд ХҮЭШЗТИ-ийн Зохион бүтээх товчоонд зургийн техникчээр ажилд орсон. Гэхдээ удаагүй ээ. Учир нь тэр жилээс шинжлэх ухааны байгууллагуудыг улсаас санхүүжүүлэхээ больж, олон хүн цомхтголд орсны нэг нь би болсон. Улмаар 1999 оны гуравдугаар сард АПУ ХК-ийн КИП засварчнаар орж, Б.Батбаяр инженерийнхээ удирдлаганд ажиллаж эхэлсэн.
Ажиллаад хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг өдөр дотуур утас дуугарч “Ерөнхий инженер Ганжав байна. Батбаяр наана чинь байна уу? гэлээ. “Инженер байхгүй байна” гэхэд “Чи чинь хэн билээ, юун хүүхэд билээ?” гэхээр нь “Х.Орломжав байна” гээд нэрээ хэлтэл “Чи манай өрөөнд ирээд энэ зургийг авчих, зураг зурж чадах уу?” гэж байна. Анх удаа ерөнхий инженерийн өрөөнд өвдөг чичирсхийн зогсож байгаад зурах ёстой зургаа тайлбарлуулж аваад гарсан. Шөнөжин зураад, маргааш өглөө нь авчирч өгөхөд инженер маань “Зураг зурдаг инженер хүүхдийг 6-р зэрэгтэй болго” гэсэн үүрэг өгч, би гэдэг хүн хамгийн дээд зэрэгтэй засварчин болж, магнайгаа хагартал баярлаж билээ.
Аливаа ажлыг багаас нь эхэлж, хамт олон дотроо хүн болж төлөвших, инженер мэргэжилдээ эзэн болох гэж хичээх ёстойг ойлгуулсан эхлэл нь энэ бүхэн байсан юм болов уу гэж би одоо боддог. Тэрнээс хойш КИП-ийн засварчнаас эхлээд оператор, мастер, үйлдвэрийн дарга, төслийн удирдагч зэрэг олон газар ажилласан. Одоо би Маркетингийн газарт менежерээр ажиллаж байна. Сүүлийн үед хүмүүс надаас “Чиний үндсэн мэргэжил яг юу билээ? Яагаад ийм олон янзын ажил хийгээд байдаг юм бэ?” гэж их асуудаг юм.
Хүмүүн бид өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээс дунд амьдардаг. Өнгөрснийг бүтээсэн ахмадууд болон ирээдүйн эзэд залуусаа хүндэтгэн, нэг нэгэндээ нээлттэй, илэн далангүй байж, хэн хэнээсээ харилцан суралцаж, хамтран ажиллаж байж илүү их хөгжил, илүү том амжилтанд хүрнэ гэж би боддог. Энэ бүхэнд хамтарч ажиллаж, дэмжиж, урам зориг өгч, намайг хурцалж байсан бүх хүмүүстээ “Баярлалаа, хайртай шүү” гэдэг үгсийг чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: “АПУ Дэйри” ХХК-ийн Үйлдвэрлэлийн менежер Ц.Сайнбаяр:

 

Миний аав Ө.Цэрэндэжид салбартаа нэр хүндтэй, олон ч бүтээн байгуулалтыг гардаж хийсэн механик инженер хүн байсан. Аав минь надад мэргэжлээ өвлүүлж, бас дээр нь “Залуу байхдаа маш сайн сурч мэдэж авах хэрэгтэй. Мэдэхгүй байгаагаа шууд хэлэхээс эмээж, ичих хэрэггүй. Шинийг сурч мэдэхэд тэмүүлж, нэг алдсан алдаагаа давтаж гаргахгүй байх нь чухал” хэмээн захиж үлдээсэн. Үүнийг би одоо ч эрхэмлэн бодож, бусдаас суралцах, мөн өөрийн олж мэдсэнээ хуваалцахыг хичээж яваа. Анх 2003 онд АПУ ХК-д ажилд ороход техник технологийн шинэчлэлтийн ажил ид эхлээд байсан. Хэрэв шинэ ажилд ороход хамгийн төгс цаг хугацаа гэж байдаг бол миний хувьд тэр нь тохиосон гэж боддог. Дэлхийд алдартай Германы техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхэд АПУ-гийн ахмад, дунд, залуу үе цөм зэрэгцэн зүтгэсэн. Шинэ юм бүхэн хичээл байдаг. Бид дэлхийн технологиос суралцахын сацуу хичээл зүтгэлээрээ өөрийн болгож, шинэ технологийг хамтдаа нэвтрүүлж чадсан нь эргээд харахад бахархалтай санагдаж байна.

Шинэ төсөл, техник технологи нэвтрүүлэх үед бид гаднын мэргэжилтнүүдээс маш их зүйл сурч мэдэж авдаг. Тэдний ноу-хау тоног төхөөрөмж технологийг даган тэр чигтээ бидэнд орж ирдэг. Энэ бүгдийг сурч авна гэдэг бидэнд маш их боломж, мэргэжлийн хувьд өсөж дэвших их аз завшаан болдог.
Хамт олонтойгоо олон ч сайхан ажлын ард гарч байснаас шинэ Сүүний үйлдвэрийн төслийг онцлон дурдахыг хүсэж байна. Тухайн үед Ц. Эрдэнэбилэг захирлаар удирдуулан А.Мэндбаяр, Х.Орломжав дарга, Т.Сарантуяа ахлах технологич, Б.Нямбаяр ахлах инженер нартайгаа хамтран 2012 оноос эхлэн судалж, цаасан дээр анхнаас нь зурж эхэлсэн. Олон хувилбараар зурж төсөөлж, тоног төхөөрөмжийн сонголт, Олон улсын компаниудтай гэрээ хэлцэл хийх гээд тэр бүх хугацаанд маш их зүйл сурч авсан. Аавынхаа захиж хэлсний адил мэдэхгүйгээ нуулгүй хэлж, түүнийгээ сурч өөрийн болгохын тулд хичээн зүтгэсээр 2014 онд хуучин үйлдвэрийнхээ эцсийн бүтээгдэхүүнийг дуусган, өөрийн гар бие оролцсон цоо шинэ үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн гарахыг харж зогсож байлаа. Хуучин үйлдвэр маань 10 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо 100 гаруй хүнтэй өнөр өтгөн хамт олон болсон.

Үйлдвэр гэдэг тасралтгүй үргэлжилж байдаг амьд процесс. Тэр дундаа шингэн хүнс дотроо сүү бол хадгалах хугацаа богино, тусгай нөхцөл шаарддаг, хамгийн эмзэг бүтээгдэхүүн. Мөн бүх насныхан хэрэглэдэг учир чанар стандарт, эрүүл ахуйг маш сайн анхаарч хангах шаардлагатай. “Үнээний дэлэн амрах биш” гээд манайхан хоорондоо ярьдаг юм. Сүүний температур, бохирдлын үзүүлэлтээс хамааран богинохон хугацаанд шаардлага хангахгүй болох гээд байдаг тул маш хурдан шийдвэр гаргаж, боловсруулалт хийх, жигд ажиллагааг хангах гэхчлэн ур чадвар, хурд их шаарддаг. Энэ хэрээрээ сонирхолтой, сайхан ажил.

Анх ажилд ороод, залуухан инженер байхдаа олон жил ажилласан ах эгч нараа хараад яаж нэг газраа ийм удаан ажиллаж чадаж байна аа гэж гайхдаг байсан. Тэгтэл одоо өөрөө тэдний нэг болчихсон явж байна (инээв). Гэхдээ жаргалтайгаар гэж тодотгон хэлье. Миний амьдрал гэр бүл гээд бүх зүйл энэ хамт олонтой маань салшгүй холбоотой болжээ. Амьдралынхаа ханьтай энэ компанидаа учирсан, одоо гурван хүүхдийн аав, ээж болоод сайхан амьдарч байна. Миний амьдралын аз жаргалтай, зовлон гунигтай бүхий л үед энэ хамт олон цуг байсан.

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: “СББТ” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Э. Нандин-Эрдэнэ

Би дунд сургуульд байхдаа тооны хичээлдээ дуртай байсан болохоор санхүүгийн мэргэжил илүү ойр санагддаг байсан. Тэр сонирхлоо даган ХҮИС-ийг нягтлан бодогч, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж, төгссөн жилдээ MBC компанид орж байлаа. MBC компани дэлхийн 190 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг, алдарт HEINEKEN компанийн хөрөнгө оруулалттай байсан тул дэлхийн шилдэг компанийн туршлагаас их олон зүйлс сурч авсан. Бүх зүйл нь тогтсон нэг стандарттай, бүх шатандаа бизнесийн үйл ажиллагааны процесс нь тодорхой, тогтсон дүрэм журмын дагуу өдөр тутмын үйл ажиллагаа нь явагддаг. Энэ бол бизнес өсөн дэвжихэд их том хөшүүрэг болдог. Санхүүгийн мэргэжил бол алдах эрхгүй, хариуцлагатай байхыг хувь хүнээс шаарддаг.

Бид багаараа HEINEKEN компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 20 гаруй улсын Санхүүгийн албадын дунд явагддаг “Be the best” буюу тайлан мэдээгээ цаг тухайд нь алдаагүй хүргүүлэх, санхүүгийн багийн шинэ бүтэц зохион байгуулалтыг HEINEKEN-ийн шаардлагын дагуу нэвтрүүлэх, санхүүгийн тайлагналын дотоод хяналтыг сайжруулах гэх мэт мэргэжлийн хүрээг хамран явагддаг уралдаанд 2015 онд 3-р байр, 2016 онд амжилтаа ахиулан Тэргүүн байр эзэлж, 10,000 еврогоор шагнуулж байсан. Ажил мэргэжлийнхээ хүрээнд олон улсын шилдгүүдтэй өрсөлдөж, хичээл зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг үнэхээр сайхан. Монгол мэргэжилтнүүд дэлхийн хаана ч өрсөлдөхүйц хэмжээний мэдлэг чадвартай юм байна гэдгээ багаараа нотлон харуулсан бахархалтай үйл явдал байсан. Ингээд компанийнхаа Тогтвортой хөгжлийн “Илүү сайхан дэлхийг цогцлооё” стратегийн хүрээнд бид шагналынхаа мөнгийг өөрсдөдөө биш хэрэгцээтэй хүмүүст нь хүргэхээр шийдсэнээ Байгууллагын Харилцааны газартаа хэлснээр бид хамтран Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт хандан тус дүүргийн тусламж нэн шаардлагатай 10 айлд иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж байлаа. Залуу хүний хувьд АПУ компанид ажиллахдаа бахархалтай байдаг олон хүчин зүйлс бий. Тэдгээрийн нэг нь хамт олныхоо сурч хөгжих нөхцөлийг нь бий болгож, илүү бүтээлч ажиллах боломжийг бүрдүүлдгийг онцлон дурдмаар байна. Мөн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, техник технологийн дэвшлийг үр дүнтэй ажилдаа ашиглах талаас нь олон шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үүндээ хүн бүрийг оролцуулах замаар хувь хүний болон компанийн өсөлт дэвшилд хүргэж байдаг нь сайхан санагддаг. Хамгийн сүүлд АПУ групп компанийн хэмжээнд ихээхэн хүч, хөрөнгө зарцуулан хэрэгжүүлж байгаа борлуулалт ложистикийн нэгдсэн программын төслийг багийнхныхаа хамт амжилттай нэвтрүүлээд, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байгаа. Монгол өв соёлоо, уламжлалаа дээдлэн шинийг бүтээж буй 100 жилийн түүхтэй Монгол Улсын шингэн хүнсний салбарын тэргүүлэх компани болох АПУ компанидаа үе үеийн олон сайхан чадварлаг хүмүүстэй мөр зэрэгцэн хамтран ажилладгаараа үнэхээр бахархдаг.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Техник ашиглалтын албаны Цахилгаан ашиглалтын ахлах инженер П. Жаргалсайхан

“Цахилгаан нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хэрнээ бидний өдөр тутмын ажил амьдралын салшгүй нэгэн хэсэг, хамгийн чухал хөдөлгөгч хүч гэдгийг бид саяхан болсон үйл явдлаас маш тодорхой ойлгосон болов уу. Монгол даяар цахилгаан тасрахад айл өрх, албан байгууллагын дотоод үйл ажиллагаа хэрхэн үймсэн билээ, тэгэхэд ийм том хэмжээний үйлдвэр хэдэн цаг зогсоход л ямар их хэмжээний хохирол, доголдол гарах билээ. Тийм учраас цахилгааны инженер бидний ажил ямар их хариуцлагатай, няхуур болох нь харагдах байх. АПУ-д 30 орчим жил ажиллахдаа гурван удаагийн том цахилгаан тасралтыг үзсэн. Хамгийн ихдээ долоо хонож байлаа. Болзошгүй эрсдлийг тооцож, энгийн үед ч бэлтгэлтэй байх ямар чухлыг бидэнд ойлгуулдаг.

Би багаасаа л техникт сонирхолтой, элдэв юм онгичиж, оролддог хүүхэд байлаа. Эвлүүлэхээсээ эвдэх нь олон байсан хэдий ч хүсэл, сонирхолоо яахан дарж чадах вэ. Энэ л сонирхол маань намайг хөтөлсөөр АПУ ХК-ийн гайхалтай сайхан хамт олонтой амьдралын минь замыг холбосон. АПУ алтан босготой үйлдвэр шүү гэж ахмадуудынхаа байнга хэлдгийг сонсож хүмүүжсэн. Үнэхээр ч энд орсноос хойш амьдрал ахуй минь өөдрөг дэврүүн яваа. АПУ-д ороод муудсан хүн гэж ер нь байдаггүй юм даа. Өөдөө л явдаг.

Инженер хүний хувьд сайхан техник хэрэгсэлтэй, сайхан үйлдвэрт ажиллах шиг жаргал байхгүй. Өөрсдийн гараар бүтээн босголцсон үйлдвэртээ өглөө бүр ирэх үгээр хэлшгүй сайхан. Миний олон инженер найз нөхөд, танилууд манай үйлдвэртэй танилцаж байсан. Тэдэнд хийсэн бүтээснээ бахархалтайгаар танилцуулж, нээрэн бид ийм сайхан үйлдвэр цогцлоож чаджээ гэж бодохоор урамтай, онгирмоор болдог доо.

2003 онд манай үйлдвэр бүрэн шинэчлэл хийхэд миний бие хамт олонтойгоо бүхий л ажилд нь гар бие оролцсон. Шинэ пивоны үйлдвэр, АПУ Дэйри ХХК-ийн төслүүдийг ч бид амжилттай хэрэгжүүлсэн. Олон жил ажиллаж байгаа болохоор үйлдвэрүүд маань, тэр дундаа цахилгаантай холбоотой зүйлс одоо ер нь гарт минь орсон. Хаана юу байгаа билээ, аль хэсгийн юуг солих болсон гээд “уншдаг” болж. Гэхдээ хүн юмыг сураад, болоод, ханалаа гэж бодож болдоггүй юм билээ. Цахилгааны асуудал их түвэгтэй. Нарийн ярьвал амь насанд ч ойрхон. Энэ бол тоглоом биш. Мэддэг гээд үл нямбайлан, юмханаар аргалах зэрэг хандлагыг би хүлээн зөвшөөрдөггүй. Би хамт олондоо ч мөн энэ шаардлагыг тавьдаг.”

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: СББ ХХК-ийн Ерөнхий Инженер С. Ганболд

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Би өөрийн ажил, мэргэжилтэйгээ хар багаасаа танилцсан азтай хүн. Ажлын талбартаа анх удаа очиход надад цоо шинэ орчин санагдаагүй. Учир нь ээж, аав хоёр маань Спирт комбинатад ажилладаг, энэ байгууллагын хүмүүс манайхаар орж гарч, би ч ажлаар нь хүүхэд байхдаа байнга очдог байлаа. Үйлдвэр маань аав ээжийн минь ид ажиллаж байх үед ямар байсан, одоо хэрхэн хөгжиж дэвшиж өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрийн биеэр харж яваа. 1996 онд Дулааны станцын ээлжийн засварчнаар ажилд орсноор энэ компанитай холбоотой миний бүтээх түүх эхэлсэн юм.

1998 онд манайх Спирт Бал Бурам ХХК болж хувьчлагдах үед би их сургуульд элсье гэж шийдээд ШУТИС-д шалгалт өгөөд тэнцсэн. За тэнцдэг юм байж, сургалтын төлбөрөө хэрхэн төлөх билээ гэж санаа зовж байтал тухайн үеийн гүйцэтгэх захирал Л.Элдэв-Очир дуудаад, компанийн үе дамжсан боловсон хүчин бэлдэнэ, чиний сургалтын төлбөрийг бид даана гэж хэлэхэд нуруун дээрээс хүнд ачаа авсан авах шиг болж, маш их баярлаж билээ. Зөвхөн би биш тэр үед компанийн олон ажилтны хүүхдүүдэд ийм боломж тохиож, одоо тэд маань ээж аавынхаа хийж байсан ажил хэргийг үргэлжлүүлэн яваа нь сайхан санагддаг. Сургуулиа төгсөөд компанидаа ажилд орж, Спиртийн үйлдвэрийн нүүрс хүчлийн цехэд савлагчаар ажлын гараагаа эхлэн, 2012 онд Ерөнхий инженер болтлоо дэвшиж, одоог хүртэл энэ албаа хашиж байна.

Өмнө нь үйлдвэрийн инженер байхдаа тоног төхөөрөмж засварлах, үйлдвэрийн хэвийн жигд ажиллагааг алдагдуулчихгүй юмсан гэдэгт л санаа зовнин ажилладаг байлаа. Харин Ерөнхий инженер болоод хүнтэй ажиллах, удирдах чадварт суралцах хэрэг гарсан. Тоног төхөөрөмжийг ямар ч аргаар засварлаад ажиллагаанд оруулж болно. Харин хүн болгон өөр өөр зан араншин, үзэл бодолтой байдаг. Хүнтэй ажиллахад хүмүүсээ хүндлэх, онцлог давуу талыг нь мэдэрч урам зориг, итгэл найдвар өгөх зэрэг нарийн чимхлүүр мэдрэмж, ур чадвар шаардагдана. Азаар манай хамт олон ажлаа гэх сэтгэлтэй, нэг зорилго дор нэгдэж чаддаг нь давуу тал болсон.

Манай компани хувьчлалаар “М-Си-Эс” группийн мэдэлд орсноор зах зээлийн үед компани ямар хэмжээнд ажиллаж, богино хугацаанд хэрхэн чадварлагаар амжилтанд хүрч болдгийг бодитоор харуулж чадсан гэж боддог. Дараа нь “HEINEKEN” компани манай хувьцаа эзэмшигч болсноор бид Олон улсын менежмент, ноү – хау, стандарт туршлагаас суралцан хөгжиж дэлхийн түвшинд ойртсон. Улмаар 2018 онд АПУ компанитайгаа нэгдсэнээр эх орныхоо шингэн хүнс үйлдвэрлэлийн түүхийг бичилцэж явна. Хувь тавилан биднийг үргэлж сайн сайхан зүгт чиглүүлээд байгаа мэт санагдсан он жилүүд байлаа.

АПУ ХК боловсон хүчнээ нэн тэргүүнд тавьж, тэднийг хөгжиж дэвжих, шинийг суралцахад зориулж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хүнээ хамгийн тэргүүнд, эрхэмд тавьдаг компани хэрхэн хөгжиж дэвжиж байдгийн бодит жишээ болж байгааг харж, мэдэрч амжилт өөд хамтдаа тэмүүлж явна.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженер Л.Батбаяр

Анх IV ангид байхдаа уншсан Жюль Вернийн “Нууцат арал” ном хожим миний ажил амьдрал, хувь заяанд нөлөөлнө гэж хэн санах билээ. Гэхдээ л үнэхээр тийм юм болсон юм даа. Сургуулиа төгсөөд нягтлан бодогч, архитектор, инженер гэсэн гурван сонголт өмнө минь ирэхэд Сайрус Смит шиг мундаг инженер болох хүсэл мөрөөдөл маань хатгаж, өдгөө би АПУ ХК-даа засвар үйлчилгээ хариуцсан ахлах инженерээр 22 дахь жилдээ ажиллаж байна.

Хоёр жил дараалан үйлдвэрлэлийн дадлагаа АПУ ХК-д хийсэн болохоор инженер техникийн албаныхнаа таньдаг болчихсон, тэд ч намайг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байв. Сургуулиа төгсөөд компани дээрээ яваад очтол шар айраг савлах үйлдвэрт механикчаар ажиллах санал тавьж билээ. Тэр үед манайх вино үйлдвэрлэх шинэ цех байгуулж байсан юм. Ажилд шинээр орсон хүн шууд механикч болох боломжгүй байдаг ч миний хувьд хоёр жил дадлага хийсэн, багахан туршлагатай байсан учраас итгэл хүлээлгэсэн болов уу гэж боддог.

 

Хувьтай хүн гэж бид нэгнээ ярьдаг даа. Манай АПУ хүнээр бол яг л тийм. Хувь заяа, амжилт ололт нь үргэлж дээшээ өгсөж явдаг. Хүмүүстээ хайртай, ажилчдаа сургаж ч чаддаг, урамшуулж ч чаддаг. Улсын үйлдвэрүүд ид хувьчлагдах үеэр бусад үйлдвэрүүд унаж доройтоод дампуурсан жишээ олон. Бид ч тухайн үед бас эмээж л байсан. Харин АПУ хувьчлагдахдаа хүмүүсээ авч үлдэж, үйлдвэрлэлийн цоо шинэ цаг үе рүү, амжилт өөд хамтдаа алхаж чадсан.

 

Зуун жилийн түүхийг бүтээж яваа үйлдвэр гэдэг өөрөө их онцлог байдаг юм байна. Үеийн үед энд ажиллаж байсан, байгаа хүмүүсийн ур чадвар, хичээл зүтгэл, сэтгэлийг өөртөө шингээгээд явдаг шиг. Залгамж халаагаа бэлдэх, хүмүүсээ сургах тал дээр манайх их сайн. Шинэ орж ирж байгаа хүмүүсийг залуу, туршлагагүй гэж голдоггүй. Яагаад гэвэл шинэ хүмүүстэй хамт шинэ мэдлэг, шинэ ур чадвар, эрч хүч хамт орж ирнэ. Тэд өмнөх ажилтнуудаасаа суралцах юм байхад, бид ч эргээд асууж зөвлөх юм их гарна. Би хувьдаа зүгээр суух, зөвхөн оногдсон ажлаа л хийх гэдгийг төдийлөн таашаадаггүй хүн. Юм юм туршиж үзэх, суралцах их дуртай. Залуу мэргэжилтнүүддээ ч мөн тэгж хэлдэг.

 

Механик инженер гээд би зөвхөн эрэг боолт тайлаад суух уйтгартай. Тийм учраас би хэлтсийнхээ бусад мэргэжилтнүүдээс асууж суралцсаар ирсэн. Одоо бол өөрийнхөө хэмжээнд найз нөхөд, үр хүүхдийнхээ байшинг барилаа гэхэд зургийг нь гаргаад, сантехник, цахилгааных нь учрыг хүний гар харахгүйгээр өөрөө гардаад хийчих хэмжээнд хүрсэн. Ер нь хүний сурсан юм гэдэг хэн ч булааж авч чадахгүй их хүч. Шинэ юм сурах бүрт тэр чамайг нэг шат ахиулж байдаг гэдэгт итгэдэг. Энэ ажлыг ингэж л хийх ёстой, ингэж хийсээр ирсэн гэсэн хуучин, хэвшмэл үзэлд дургүй. Толгойгоо ажиллуулж, яавал илүү дээр байж болох вэ гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Тийм учраас би ажил дээрээ жаахан “зөрүүд” нэртэй (инээв).

Техник технологи хөгжөөд урьд нь хүний гараар хийдэг байсан олон үйлдэл автоматжиж байна. Ямар ч чадалтай техник технологи чамайг орлож чадахгүй болтол сурч, боловсорч, өөрийгөө үргэлж шинэ мэдлэг мэдээллээр цэнэглэж, ур чадвараа хөгжүүлж яваарай гэж залуусдаа захидаг даа.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Хуулийн албаны Хуулийн зөвлөх А.Анужин


АПУ ХК нь “Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан”.

Хүмүүс өөрсдийн эрхийг хамгаалах тухай хангалттай мэдлэггүйгээс үүдээд эрх ашиг, сонирхлоо хамгаалж чадахгүй тохиолдол их байдаг, хүний эрхийг хамгаалахад хуульч хүн хамгийн их хувь нэмэр оруулдаг тухай телевизийн ярианаас сонсоод надад их хүчтэй нөлөөлсөн. Ямар мэргэжил сонгох тухайгаа нухацтай бодсоны эцэст хуулийн чиглэлээр сурaхаар шийдсэн. Нийгмийн тухай мэдлэг хичээлээ голчлон бэлтгэж, хот, улсын олимпиадын тэргүүн байр эзэлж МУИС-ийн Хууль зүйн сургуульд урилгаар элсэн орж, өнгөрсөн жил олон улсын эрх зүйгээр мэргэшсэн эрх зүйч болж төгссөн.

Төгсөөд удалгүй АПУ ХК-ийн ажлын зар олж хараад, анкет бөглөсөн. Ийм том компани дөнгөж их сургуулиа төгссөн намайг авахгүй л байх даа хэмээн өөртөө итгэлгүй бодож байсан маань бодит байдал дээр өөрөөр эргэж, энэ сайхан хамт олны нэг хэсэг болсон. Залуу хүмүүст итгэдэг, тэдэнд боломж олгодог, ирээдүйгээ бэлтгэхдээ онцгой анхаарал тавьдаг болохыг нь өөрөө орсон хойноо анзаарсан. Ийм их итгэлийн хариуд би ажилдаа сул хандаж болохгүй, нямбай, сэтгэлээсээ ажиллах, бусдаас суралцах боломж бүрийг алдахгүй байх зэргийг өөртөө сайтар суулгахыг хичээдэг. Ирээдүйд олон олон залууст итгэл хүлээлгэн, боломж олгох нь миний ямар байхаас тодорхой хэмжээнд шалтгаалах юм шиг санагддаг учраас хариуцлагатай хандахыг өөртөө сануулдаг.

Анх ажилд ороод Хуулийн албаны Чанарын менежментийн ISO 9001:2015-д хамаарах үйл ажиллагааг хариуцахаар томилогдож, түүнтэй холбогдох бүхий л баримт бичгүүдийг таних, боловсруулах, хавтас бүрдүүлэх, компанийн ихэнх албадын үйл ажиллагааны хуулийн нийцлийг үнэлж, дүгнэх даалгавар авсан. Мэдээж ажлын талбарт гараад удаагүй надад мэдэхгүй, чадахгүй гэх олон зүйл гарч байсан ч хамт олныхоо тусламжтайгаар ард нь гарч, их зүйл мэдэж авсан. Хамгийн гол нь би шинэ, би залуу гэж өөрийгөө голж хойш суухгүй, оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж, тэр явцдаа өөрийгөө хөгжүүлэх нь залуу мэргэжилтнүүдэд хэрэгтэй санагдсан.

Ажил мэргэжлийн маань гол онцлог зүйл нь тухайн хүнээс маш их тэвчээр, хөдөлмөр, тууштай байдлыг шаарддаг. Түүнчлэн сэтгэлийн хаттай байх, бусдын эрхийг хамгаалахын тулд өөрийн мэдлэгээ үргэлж тэлж байх хэрэг гарна. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө ирж, хувийн таатай орчноо бүрдүүлж, тухайн өдрийн хийх зүйлсдээ өөрийгөө бэлтгэдэг. Харин ажлын цаг дууссаны дараа тэр өдрийнхөө хийсэн ажлуудаа бүртгэж, дутуу зүйлсээ хянаад, өөрийгөө дүгнэж аваад ажлаасаа гарах дуртай. Энэ дундуур ажлынхантайгаа хэсэгхэн зуур ярилцаж, хөгжилдөх, түр гарч агаар амьсгалах зэрэг бяцхан амралтыг өөртөө зөвшөөрдөг. Ийм жижигхэн зүйлс ажлын гүйцэтгэлийг сайжруулах хамгийн том хөшүүрэг болдог гэж боддог.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Т. Түмэнжаргал Савлалтын үйлдвэрийн дарга

Арван жилийн сургуулиа онц дүнтэй төгсөөд, гадаадын хуваарь авах хүсэлтэй байсан ч яг тэр үед ЗХУ-д ардчилал болоод ээж аавынхаа зөвлөснөөр ШУТИС-ийн Хүнсний технологийн ангийг сонгон орж байлаа. Тэр жилийн элсэлтийн хүүхдүүд Исгэлтийн технологич инженер мэргэжлээр дотооддоо сурсан анхны оюутнууд болж байв. Жирийн арвай будааг дэвтээж ургуулаад, хөрөнгөөр исгээд, зөрөг цэцгээр амтлаад шар айраг болгодог технологи, тэр процесс их сонирхолтой санагдаж энэ мэргэжлээр суралцсан.

Оюутан байхдаа II курсээс эхлэн АПУ компанийн Шар айргийн үйлдвэрийн исгэлтийн цех, дарсны цехэд дадлага хийж, хожим Архины үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн. 2003 онд Дарсны цехийн мастераар томилогдон Химийн хүрээлэнгийн эрдэмтэн Дамдин гуай, олон жил ундааны ханд болон найрлага бэлтгэх хэсэгт ажиллаж байсан Оюунчимэг, Дашзэвэг эгч нартайгаа хамтран эх орныхоо зэрлэг жимс аньс болон таримал үхрийн нүд жимсийг уламжлалт аргаар ариутгаж исгэн “Жимсгэнэ” дарсыг үйлдвэрлэх ажилтай холбогдсон нь одоо эргээд харахад сонин сайхан түүх.

Тэр үедээ л анх удаа жинхэнэ дарсны өндөр хүзүүтэй шилэнд үйсэн бөглөөгөөр бөглөн хэрэглэгчдээ хүргэж байсан. “Жимсгэнэ” дарсаа шинэ жилийн өмнө үйлдвэрлэх болоод бөглөгч машин нь ирээгүй байхад гараараа бөглөх гэж хөглөж байснаа дурсах дуртай. Үйсэн бөглөөгөө усанд дэвтээж, үрж нарийсгаад бөглөх, резинэн алхаар цохиж оруулах гэх мэтээр олон янзаар туршиж бүтэлгүйтсэн хөгжилтэй түүхүүд ч бий. Дарсны цехийнхэн, ачигч нарыгаа удирдаад ямаахайн үндэс, аньсны навч түүхээр хөдөө хээр хүрз бариад ачааны машин дээр шижигнүүлж явсан. Энэ бүхэн компанийн хувьд ч тэр, бидний хувьд ч тэр эргээд харахад сайхан дурсамж.

Би ууланд авирах дуртай. 2015 онд ажиллагсдынхаа чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, ажиллагсдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 11-н сонирхлын клуб байгуулж байсны нэг нь “APU Hiking Club”. Тэр үеэс хойш одоог хүртэл энэ клубийнхээ Админаар нь ажилладаг. Гималайн нурууны далайн төвшнөөс дээш 6000м өндөртэй Им Жа Цэ болон Лобуче гэсэн хоёр том оргилд гурав хоногийн зайтай амжилттай авирч, компанийнхаа тугийг мандуулж байсан. Энэ авиралтад компанийн удирдлагууд хамт олон маань маш их дэмжсэнд одоо ч баярлаж бахархаж байдаг.

2019 онд манай клубийн идэвхтэй алхдаг гишүүдээс бүрдсэн баг Монгол Улсын дээвэр болох Алтай Таван Богдын Хүйтэн оргилд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн удирдлага дор амжилттай авирсан. Тэгж явсаар 2020 онд манай клубийн дөрвөн гишүүн уулын холбооны “Дөрвөн бэрх” цомын эзэн болсон. Энэхүү цом нь Монгол Улсынхаа дөрвөн том нуруу /Алтай, Хангай, Хэнтий, Саяны нуруу/-ны ноён оргилд амжилттай авирсан ажилтанд олгодог шагнал юм.

Миний хувьд олон жил тогтвортой ажиллан, олон олон асуудал бэрхшээл, шинэ боломжууд дээр тасралтгүй суралцсан нь өндөр ууланд авирах тэсвэр тэвчээр, тасралтгүй урагшлах эрч хүч, хамтрагч нартаа итгэж хамтдаа даван туулах итгэл, өөртөө итгэлтэй хувь хүн болоход нөлөөлсөн гэж боддог. Манай үйлдвэрүүд тасралтгүй 24 цагаар ажилладаг. Ус ундаа, шар айраг, сүү сүүн бүтээгдэхүүн гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учраас цаг маш хурдан өнгөрдөг. Гэсэн ч ажлын цагтаа бүтээмж өндөртэй ажиллан, амралтын цагаа гэр бүл болон өөртөө зориулахыг хичээдэг.

Компани маань тасралтгүй хөгжиж, өөрчлөгдөж байдаг учраас дасан зохицох, өөрчлөлтөд үргэлж бэлэн байх чадвар чухал санагддаг. Компанийн маань үйл ажиллагааны өөрчлөлт бүр бидний хувьд хөгжил дэвшлийг авчирч, хамт олон руу чиглэсэн олон хөтөлбөр, санаачилга ажлууд нь уйдах завдал олгодоггүй.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан ахлах менежер Ж.Ичинхорлоо

Дунд сургуулиа төгсөхдөө “Нийслэлийн шилдэг сурагч”-аар шалгарч, өөрийн хүссэн сургуульд, хүссэн мэргэжлээрээ суралцах боломж тохион, ээжийнхээ зөвлөснөөр санхүүгийн менежмент чиглэлээр суралцсан. Их сургуулиа амжилттай дүүргээд АПУ ХК-ийнхаа нэг хэсэг болж, анх цалин хөлсний эдийн засагчаар ажилд орж байлаа.

Эхний даалгавар маань компанийнхаа цалин хөлсний бодлого, журмыг шинэчлэх байсан. Бүх үйлдвэр, инженер, ложистик, захиргааны ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоохтой холбоотойгоор компанийнхаа бүхий л хүмүүстэй уулзах шаардлага гарч, энэ зуур ажил болоод ажилтнуудынхаа талаар олон зүйл ойлгож мэдсэн нь надад их сонирхолтой, бас туршлага суулгасан ажил байсан. Тэдний нарийн мэргэшсэн, маш туршлагатай, мэргэжлийн байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж, нөгөө талаасаа миний хувьд ажлаа маш сайн хийх, алдаж болохгүй гэх ташуур болсон болов уу.

Анх орсноос зургаан жилийн дараа, хоёр компани нэгдэхийн өмнө Австралийн топ 3 их сургуулийн нэг болох UNSW-ийн Олон улсын бизнесийн удирдлагын магистрын ангид суралцах боломж олдсон. Өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн хувьд ахин нэг амьсгаа авч, дээрээс нь ажлын талбарт тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсныхаа дараа дахин суралцаж, шинэ мэдлэг мэдээлэл хуримтлуулах гайхалтай завшаан байлаа. Миний хувьд дан санхүүгийн нарийн мэргэжлээр ажиллаж байсан тул хувь хүний хөгжил, менежментийн ур чадвар сайжруулах зайлшгүй шаардлагатай нүүр тулсан байсан үе. Тиймээс Австралид сурсан гурван жилдээ хувь хүний хөгжил, бизнесийн стратеги болон менежментийн чиглэлд өөрийгөө илүү хөгжүүлэх гэж хичээсэн. Энэ шийдвэрийг маань компанийн хувьд ч их дэмжиж, одоо буцаж ирээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Ажил мэргэжил биднийг тодорхойлж, бид үүнээсээ байнга суралцаж байдаг гэдэг нь үнэн байх. Европын Сэргээн Босголт Хөгжил болон “Кредит Суиссе” банкнуудаас одоогийн сүүний үйлдвэр, автомат агуулах, шинэ пивоны үйлдвэрийн өргөтгөлтэй холбоотой санхүүжилтийг босгох ажлын хүрээнд төсөл тус бүрийн санхүүгийн тооцоолол, цаашлаад групп компанийн санхүүгийн таамаглалыг нэгтгэн боловсруулах ажлыг гүйцэтгэсэн нь миний хувьд хамгийн том, хариуцлагатай ажлуудын нэг байсан. Олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч болон зээлдэгчдийн шаардлага, хүлээлтийг ойлгох, шинэ сүүний үйлдвэр болоод автомат агуулахын төслийн хувьд оргүй хоосноос шинэ төсөл боловсруулах, бүхий л оролцогч талуудтай хамтран ажиллах ур чадваруудад суралцах зэргээр хувь хүн болоод мэргэжлийн хувьд олж авсан зүйл их.Санхүүгийн менежментийн онцлог нь санхүүгийн эрүүл байдлыг хянаж байдаг эмч гэж би боддог. “Төгс, төгөлдөр, тунгалаг” байхын тулд компани санхүүгийн хувьд ч эрүүл, эрч хүчтэй байх ёстой.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Чанарын албаны микробиологич Д.Санжаa

Би хүүхэд байхын бичил ертөнц, аливаа юмсын бүтэц зохион байгуулалт, зүй тогтлыг тайлж мэдэх гэсэн эрмэлзэлтэй хүүхэд байсан. Мөн аав, ээж хоёрын минь хими, биологич мэргэжил намайг бичил ертөнц, байгалын шинжлэх ухааны замнал руу хөдөлсөн байх гэж боддог. Микробиологич хэмээх мэргэжлийн гол онцлог нь бид хэзээ ч энгийн нүдээр харж чадахгүй бичил ертөнцийн оршин суугчидтай өдөр бүр учирч, тэдний хязгааргүй бүтээмжит чадварыг зөв зүгт чиглүүлэн залах, мөн сүйтгэх хүчийг нь сарниулах, устгахад хамаг анхаарлаа хандуулан ажилладагт оршдог. Мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан хөлс хүчээ шавхсан сорил бүрийн ард амжилттай гарч, учирч болох эрсдэлийг урьдчилан харж тооцоолон үнэлж, зөв удирдаж ялалт байгуулах нь миний мэргэжлийн хамгийн бахархам сайхан зүйлсийн нэг.

Төгсөх курсынхээ намар санамсаргүй тохиолдлоор АПУ Хувьцаат компанийн итгэмжлэгдсэн лабораторид дипломын өмнөх дадлагын ажил хийх завшаан тохиолдсон нь энэ хүчирхэг, манлайлагч гэр бүлтэй хойшдын хувь заяагаа холбон нэгэн салаа мөчир нь болон өсөж, хөгжиж явахын эхлэл болсон. Дөнгөж төгссөн, 22 настай залуухан хүүд АПУ Хувьцаат компани хэмээх их айлын соёл, уламжлал, үнэт зүйлс, ажлын дадлага, туршлага мэдлэгийг харамгүй хайрлаж сургасан лабораторийн эрхлэгч Ш.Нансалмаа /Одоогийн АҮ-н дарга/, микробиологич Ч.Болормаа, лаборант Т.Даваа эгч нартаа маш их баярлаж талархаж явдаг.
Үүнээс хойш хэдийнээ 15 жил өнгөрчээ. Хамт олонтойгоо олон чухал ажлын ард гарсан байна. 2014 онд шар айргийн хөрөнгийг лабораторид хадгалах аргыг өөрчилж, хуурай хэлбэрээс шингэн хэлбэрт шилжүүлснээр хөрөнгө исгэж, үйлдвэрт өгөх 5 хоногийн хугацааг 1 хоног болгож богиносгож чадсан. Үүний үр дүнд үйлдвэр хөрөнгө хүлээж цаг алддаг байсан хугацааг арилгаж, хөрөнгө хурдан эргэлтэнд орж, шар айраг төдий хугацаагаар эрт бэлэн болох эдийн засгийн ач холбогдолтой ажил болсон. Уг үйл явц 1.5 жилийн судалгаа, маш их хөдөлмөр сэтгэл зүтгэл шаардсан ажил байсан. Мөн 2013 онд Германы Калтенберг шар айргийг үйлдвэрлэх эрхийг авсны дараа шинжилгээний болон бусад стандарт, шинэ хөрөнгө, түүний үржүүлэн өсгөвөрлөх аргыг өөрийн болгон нутагшуулж авах, шинжилгээний стандартыг шинжлэх ухааны үндэслэл дээр хэрэгжүүлэн ажиллах, амаргүй боловч сонирхолтой ажлын ард баг хамт олноороо амжилттай гарсан.
Компани маань томоохон хөрөнгө оруулалтууд хийж, шинэ технологи нутагшуулахын хэрээр тухайн ажилтнаас мэдлэг, ур чадвар, зөв хандлага, шинийг санаачлагч байх, хөгжилд тэмүүлэгч байх, багийн сайн хамтрагч байх шалгууруудыг тавьж, хүн бүр тэгш эрхтэйгээр хөгжилд тэмүүлэх боломжийг олгосоор ирсэн. Энэ сайхан хамт олны нэг хэсэг байгаадаа үргэлж талархаж явдаг даа.

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: Шар айргийн үйлдвэрийн техникч Д.Мөнхтөр

Үйлдвэрийн цохилох зүрх болсон ажилтнуудын маань нэг, АПУ компанитай амьдралынхаа 39 жилийг холбосон техникч Д.Мөнхтөр ажил, амьдралын ололт амжилтаасаа хуваалцлаа.

Д.Мөнхтөр: Анх АПУ-д ороод удаагүй байхад багш маань надад газов бэлэглэж байлаа. Тухайн үед ажлын маань гол хэрэгсэл байв. Би чинь Орос техникүүд ид эрчтэй ажиллаж байх үед орсон юм. Одоо харин бүх юм Герман болж шинэчлэгджээ. Багшаасаа авч байсан тэрхүү бэлгээ өдгөө хэрэглэх аргагүй, бидний ажлын багаж хэрэгсэл ч өөрчлөгдөж илүү авсаархан амар болсон байна. Юм хэрхэн өөрчлөгдөж, дэвшиж буйг зөвхөн эндээс харж болохоор. 1982 онд Хүнсний ТМС төгссөн хүү анх АПУ-гийн босгоор алхсанаас хойш 39 жил өнгөрч, энэ зуур компанийнхаа гурван үеийн түүхийн гэрч болжээ. Намайг анх ороход Архи, пивоны комбинат гэсэн нэртэй байсан бол хожим АПУ хувьцаат компани, одоо бол Absolute, Pure, Unique буюу Төгс, Төгөлдөр, Тунгалаг гэсэн утга бүхий их сайхан нэртэй компани болов. “Цаг хугацаа хурдан юм аа” гэж хүмүүсийн ярьдгийг одоо л ухаарч байна. Ажилд анх орж байсан үе маань саяхан мэт санагдавч хэдийнээ 39 жил өнгөрчээ. Ухамсарт амьдралынхаа талаас илүүг хуваалцсан учраас АПУ маань миний гэр бүл шиг болж, хойтон гавьяаныхаа амралтанд сууна гэхээр санаанд багтаж өгөхгүй сонин байх юм. Энэ зуур би цэрэгт явснаас өөрөөр АПУ-гаасаа холдоогүй юм байна.

 

Олон сайхан дарга, багш нарынхаа тус дэм, заавар зөвлөгөөгөөр өөрийгөө өөд татаж, компанитайгаа цуг суралцсаар, дэвшсээр иржээ. Одоо бол 1982 онд ТМС-ээ төгсөөд хамт орж байсан Батзориг бид хоёр компанийнхаа хамгийн ахмад ажилчдын нэг болсон байна. Алтан дарга, Ганжав инженер, хамт ажиллаж дотноссон талийгаач Алтангэрэл найз, Адам, Йосеф гээд хоёр Герман мэргэжилтэн гээд дурсах, бахархах хүмүүс олон доо. Алтан дарга маань “АПУ бол алтан босготой, тосон хаяатай сайхан газар даа” хэмээн бахархан хэлдгийг нь залуу мэргэжилтэн, хамт олондоо хэлмээр санагдлаа. Үнэхээр ч ач өгөөжөө өгсөн сайхан газар. Хүү маань ч энэ үйлдвэрт хэсэг ажиллаад, амьдралынхаа ханийг эндээс олсон сайхан түүх бий.

Тоног төхөөрөмжийн засварчид гэдэг бол мэс заслын эмч нар гэсэн үг гэж би хэлэх дуртай. Том том техник, төхөөрөмжүүдэд асуудал гарахад яг л мэс заслын эмч шиг задалж, оношилж, зөв гольдролд нь оруулна. Энэ хугацаанд би арав гаруй шавь бэлтгэжээ.Шинэбаяр шавь маань одоо миний дарга хийдэг. Шавь нь өөрийг нь мэдлэг чадвараараа гүйцэн удирдана гэдэг хэн хүнд олдохгүй сайхан, бахархалтай хэрэг шүү. Намайг ажилд орох үед таван жилийн төлөвлөгөөний дагуу ажилладаг байсан. Одоо бол цаг мөчтэй уралдан, байнгын бэлэн байдалд ажиллахыг хөгжил дэвшил биднээс шаардаж байна. Эргээд харахад байнга л шинэ зүйлийг сурч, суралцсаар 39 жилийг өнгөрөөжээ. Анх техникийн хэл бүгд Оросоор байсан бол одоо Герман, Англи боллоо. Залуу мэргэжилтнүүддээ зааж, зөвлөж явсан бол одоо эргээд тэднээсээ суралцаж байна. Бүх юм өөрийн гэсэн ээлжтэй. Сурсан мэдсэн туршлагаа залуустаа зааж, сургаад тэд маань бидний хамтдаа бүтээсэн АПУ-гийн түүхийг цааш бичих болно. Миний хувьд одоо хойтон тэтгэвэрт гарахаасаа урьтаад үйлдвэрийнхээ программын Англи хэлийг нь бүрэн өөрийн болгочих хүсэлтэй байгаа. Манай залуус бол программуудаа хараад “yes, yes” гээд л өнгөрдөг юм. Би ядаж нэг тийм зэрэгтэй болчих санаатай (инээв).

Categories
Онцлох Бид АПУ-чууд Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Борлуулалтын газрын дарга В.Чинбаатар

Би уг нь офицер цолтой цэргийн хүн. ЦИС/хуучнаар/-ийг төгсөх үед цаг үеийн байдал өөрөөр эргэж, амьдралын шаардлага ч өөрчлөгдсөн. Багаасаа килограммын хиам, чихэр бөөндөж ТҮЦ-нд жижиглэнгээр зардаг байсан үеэс өөрийгөө борлуулалтын чадвартай гэдгийг мэдэрсэн. Тиймээс энэ салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан. 2005 оноос “MCS-APB” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, Азийн шилдэг брэнд Тайгер шар айргийг Монголын зах зээлд таниулах ажлыг эхлүүлж байлаа. Компани маань 4 худалдааны төлөөлөгчтэйгөөр л эхэлж хотыг баруун, зүүн гэж хоёр хувааж аваад худалдаа үйлчилгээний байгууллагуудаар орж борлуулалтаа хийдэг байсан. Анхандаа харилцагчид ширхэгээр нь худалдаж авна. Шинэ харилцагчтай болохоороо хачин их баярлаад л. Лаазаар нь цамхаг өрж маркетинг хийнэ. Тухайн үед СББ компанийн түгээлтээр түгээлгэдэг байсан болохоор ачааллаасаа шалтгаалаад цөөхөн хэдэн захиалгыг маань хүргэж амжихгүй, би зарим үед хувийн машинаараа түгээлт хийдэг байлаа. Ингээд жилийн дараа гэхэд машин маань эвдэрсэн ч, компани өргөжсөн. Дараа нь Герман ‘Брьюмастер’-ын бүтээл Сэнгүр брэндийг бүтээхэд манай багийнхан гар бие оролцож, Монголын №1 борлуулалттай бүтээгдэхүүн болгож чадсан. Цэргээс сурсан хатуужил, дэг журам борлуулалтын багаа амжилттай удирдахад нөлөөлсөн байх. Борлуулалтын салбар ч гэсэн хагас цэргийн зохион байгуулалтаар ажилладаг. Би сүүлийн 15 жил нэг хором ч утсаа унтрааж үзээгүй.

Энэхүү 15 жилийн хугацаанд компаниудынхаа нэгдлүүдийн үйл явцад хоёр ч удаа гар бие оролцож, нэгдлийг амжилттай болоход нь хувь нэмрээ оруулж ажилласан. Компаниудын нэгдлийн үеэр манай багийнхан тарж бутралгүй анх байсан тэр хэвээрээ хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна. Албаны дарга болох хүртлээ худалдааны төлөөлөгч, түгээлтийн менежер, ахлах ажилтан, орон нутаг болон гадаад суваг хариуцсан менежер гээд дамжиж болох бүх шатаар алхаж, зарим жилүүдэд хоёр ажил давхар хийдэг байлаа. Тэр их ачаалал дунд баг хамт олон минь хамгийн том дэмжлэг болж байсан. 15 жилийн хугацаанд миний удирдлагын багаас гарсан хүн тун цөөн. Борлуулалтынхан маань намайг дарга гэхээс илүүтэй “Баатараа ахаа” гэж дотночилж дууддаг юм. Удирдлагын зарчмаа барихаас гадна би баг хамт олонтойгоо найз шиг нь байхыг эрмэлздэг. Тэд үгүй бол би хэн ч биш л гэж боддог. Энэ баг хамт олныг тогтвортой ажиллахад АПУ компанийн ажилчдаа дэмжиж урамшуулдаг, боловсон хүчнээ тогтвортой ажиллуулахыг дэмждэг бодлого хамгийн их нөлөөлдөг.

Миний хобби бол хөлбөмбөг. Хөлбөмбөг шар айраг 2 салшгүй холбоотой. 2005 онд ажилчдынхаа дундаас хөлбөмбөгийн баг бүрдүүлж байгууллагын тэмцээндээ орж эхэлсэн. Баг маань улам бүр хөгжиж байгаа. 2018 онд АПУ компанийн Гүйцэтгэх захирал маань санал болгосны дагуу компанийнхаа ивээн тэтгэдэг Монголын дээд лигийн “FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийн Гүйцэтгэх захирлаар давхар ажиллаж байна. Ажлыг багаас нь эхэлж, тууштай ажиллаад гаргасан амжилтаа эргээд харахад бахдам сайхан байдаг…

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: Техник ашиглалтын албаны дарга Т. Сандагдорж

“Намайг 2004 онд АПУ ХК-д ажилд орох үед техникүүдээ ид шинэчлэн, Германы дэлхийд алдартай “Krones” брэндийн тоног төхөөрөмжүүдийг хэдийнээ ашиглаад эхэлчихсэн байлаа. Хүч эр нь жагссан, эрчтэй чадалтай техник ашиглана гэдэг бол инженерүүд бидний хувьд бас нэгэн бахархал шүү дээ. АПУ маань дэлхийн түвшний, хамгийн супер техник технологиудыг оруулж ирж үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг нь урамтай сайхан байдаг.

Аав маань инженер хүн байсан болохоор би энэ мэргэжлийг өөрөө дурлаж сонгоод, тухайн үеийн ЗХУ-ын Одесс хотын Одессийн Хөргөлтийн дээд сургуулийг хөргөлтийн инженерээр төгсөж байлаа. Тэр цагаас хойш одоо ч гэсэн суралцсаар байгаа гэж хэлж болно. Инженер хүн бүхнийг сураад, мэдээд болчихлоо гэж байдаггүй. Техник технологи цаг ямагт хөгжиж, дэвшиж байдаг учраас үүнийг дагаад бид ч бас арга ажиллагаагаа өөрчилж, суралцаж хөгжсөөр байдаг гэж би боддог. Шинэ юмыг сурна, өөрийн болгоно гэдэг сонирхолтой бас зугаатай шүү дээ.

 


“Эмнэг сургана” гэдэг шиг тухайн техник, тоног төхөөрөмжийг ойлгож, “сургаж”, өөрийн болгох гэдэг том даваа байдаг. Компани дээр ямар нэгэн техникийн шинэчлэл хийх болоход дагаад заавал сургалтууд явдаг, мөн тухайн техникийг үйлдвэрлэгч, эсвэл ашиглаж буй газар нь очиж нүдээр үзэж арга ажиллагаатай нь танилцдаг. Манайх Германы техник технологи ашигладаг учраас Герман улс руу цөөнгүй удаа явж туршлага судалж байсан. Анх гадны технологи, том үйлдвэрүүдийг хараад сүрдэх, бишрэх сэтгэгдэл аяндаа төрдөг байлаа. Дараа нь тэдгээрийг үйлдвэртээ авчирч, өөрсдөө угсарч яг нүдэн дээр тэр нь хөдлөөд, ажиллаад эхлэхээр хүний, холын санагдахаа больж, өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрдөг. Шар айраг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Германы томоохон үйлдвэрүүдтэй ижил түвшний техник ашиглан үйлдвэрлэл явуулдаг учраас манай техник инженерүүд дэлхийн хаана ч очоод ажиллахад мэдлэг чадвараар дутахгүй. Энэ бол инженер миний бахархал мөн.

Компанидаа ороод 17 дахь жилийн нүүр үзэж байна. Өглөө ажилдаа баяр хөөр, урам зоригтой ирэх шалтгаан болгоныг бүрдүүлж чадсанд нь баярладаг. Зөвхөн АПУ-гийн хүмүүс ойлгох, тэднээс мэдрэгддэг нэг тийм халуун дулаан, дотно уур амьсгал бидэнд бий. Жишээ нь: Манай инженерүүдийн уламжлал шахуу болсон нэг зүйл бол үйлдвэрлэлийн аль нэг процесст гэмтэл алдаа гарлаа гэхэд бүх инженерүүд хамт байж, тэр асуудал шийдэгдэн гольдролдоо орох хүртэл нь багаараа ажилладаг. Энэ бол ажил үүргийн хувьд тэгэх ёстой гэсэндээ биш, бид нэг том цул зүйлийг хамтдаа хөдөлгөж байгаа шүү гэсэн нэгдмэл сэтгэлийнх гэж би боддог юм.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: Цэцэрлэгч Х. Тэрбиш буюу Тэдди ах

“Би Ховд аймгийн Манхан сумын хүн. Цэрэгт явж ирээд л сар болов уу үгүй юу сумандаа галчаар ажилд орсон. Тэр цагаас хойш тасралтгүй ажилласаар байна даа. 2004 онд эхнэр 5 хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотыг зорьсон.

Хотод ирээд шууд л АПУ ХК-д нээлттэй ажлын байр зарлагдсан байсанд ихэд олзуурхан хүсэлт гаргаж, ажилдаа ч орсон. Түүнээс хойш энэ компанитай хувь заяагаа холбож, сайхан хамт олноор хүрээлүүлэн ажиллаж байна. Би 2004 онд АПУ компанид ажилд орж, 2006 онд гэр бүлийн хүн маань үйлчлэгчээр ажилд орсноор манай гэр бүлийн амьдрал энэ компанитай нягт холбогдсон юм. Түүнээс хойш 20-иод жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүүхдүүд маань сургууль соёл төгсөж, хоёр хүүхэд маань тусдаа гарсан байна.

АПУ ХК-ийнхаа ажилтнуудад ажиллах таатай, цэвэр орчныг бүрдүүлэн ажилладаг. Хүн сэтгэлээсээ, ажлыг гололгүй хийж хамт олонтой, ажилтай байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ.

Манайх надаас гадна талбайн хоёр үйлчлэгчтэй. Тэд нар маань ажилд ороод 2, 3 жил болж байна. Анх цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах вэ зэрэг зүйлс дээр зөвлөдөг байлаа. Одоо бол бүгд ажилдаа гаршсан. Бид талбайгаа хуваарилж аваад л цэвэрлэгээгээ хийчихнэ.

Хамт олон маань намайг Тэдди ах гэдэг юм. Манайхан өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд мэндэлдэг хүн нь би ч байж мэднэ. Тэдди ах гээд манайхан намайг андахгүй ээ. Миний хийж байгаа ажлыг хүндэлж, миний насыг ч хүндэлдэг эерэг сайхан хамт олон дунд цаг хугацаа мөн ч хурдан өнгөрчээ. Би тэднээсээ урам, хүндлэл хүртдэг юм.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Шар айргийн үйлдвэрийн дарга Б.Энх-Эрдэнэ

“Арван жилээ төгсөөд Герман руу инженерийн бэлтгэлд явж, дараа нь мэргэжлээ сонгох болоход ‘Исгэлтийн ундааны технологич инженер’ гэдэг дээр тогтлоо. Тухайн үед энэ дөрвөн үгнээс ‘ундаа’ гэдэгт л ач холбогдол өгч, эмэгтэй хүнд ойрхон юм болов уу хэмээн сонгож байлаа. Гэтэл нийт хичээлийн маань бараг 80 хувь нь шар айраг исгэх технологи арга ажиллагааны тухай байж билээ.

Шар айраг үйлдвэрлэл маш нарийн, онцлог технологитой, арвайн соёолж хүлээж аваад хэрэглэгчид хүрэх хүртэл 40 гаруй процесс, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүний өөрчлөлт хувиргалт өрнөдөг. Зүйрлэвэл олон ааштай хүний эвийг олж чухам онцгой нэг л дундыг барьж, үргэлж тэр хэвээр тогтоон барихтай адилхан. Энэ утгаараа маш сонирхолтой. Би өөрөө аливаад дүн шинжилгээ хийх, нарийн түвэгтэй процессийн учир начрийг олох дуртай хүн. Тийм болохоор хувь хүнтэй маань ч нийцдэг болов уу.

Миний хувьд 2006 онд АПУ ХК-д Чанарын менежерээр ороод 2012 оноос хойш Шар айргийн үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Намайг орох үед Орос суурьтай технологийг Герман технологи руу шилжүүлэх процесс ид өрнөж байсан. Шар айргийн үйлдвэрлэл, соёлоороо дэлхийд тэргүүлдэг Германд мэргэжлээр нь төгсөөд ирсэн надад өөрийн сурсан мэдсэнээ практикт турших сонирхолтой, хариуцлагатай ажил байсан. Техник технологийн хувьд Германдаа төдийгүй дэлхийд №1 гэж тооцогддог ‘Krones’-ыг ашигладаг. Шинэ мэргэжилтний хувьд ийм суурин дээр ирж ажиллана гэдэг мөрөөдөл, аз завшаан шүү дээ.

800 жилийн түүхтэй, Баварийн хаадын удмын “Калтенберг” брэндийг Азидаа анх удаа лицензийг нь авч, үйлдвэрлэх ажлыг багийнхаа хамт гардан гүйцэтгэсэн. Бэлтгэл ажлыг хангаж, судалгаа хийж, технологийн шийдлийг олох бүх процесс сонирхолтой байсан. Бэлэн зүйлийг хуулаад авчрах биш, өөрийн үйлдвэртээ буулгаж нутагшуулах гэдэг том ажил л даа. Тэр үед хамтран ажилласан “Калтенберг”-ийн Герман мэргэжилтэн “Би олон газар ажиллаж, олон үйлдвэртэй харьцаж байсан. Ингэж өөрийн үйлдвэрт яг таг буулган нэвтрүүлсэн багтай тийм олон таараагүй шүү” гэж хэлэхэд хамт олноороо, компаниараа үнэхээр их бахархаж байлаа. Энэ бол ажлын “ялалт” шүү дээ. Хамгийн гоё ялалт.

Сургуулиа төгсөөд 20 орчим жил болж байна. Гэсэн ч миний хувьд сурах процесс дуусаагүй л байгаа. Техник технологи үргэлж шинэлэгдэж, сайн сайхныг бүтээж бий болгоё гэсэн тэмүүлэл үргэлж хөгжиж дэвжиж байдаг болохоор бид ч гэсэн цаг мөч бүр суралцсаар байх ёстой гэж би боддог. Хүмүүсээ ч гэсэн ойр ойрхон сургалтанд хамруулж, гаднын үйлдвэрүүдээс туршлага судлуулах их дуртай. Ялангуяа манайх Герман технологитой учир шар айргийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Герман руу манай олон мэргэжилтэн явж байсан. Мэргэжилтнүүдтэйгээ Герман явж, төгссөн сургуулийнхаа профессортой уулзахад “Манай Энх-Эрдэнэ Монголын хамгийн том шар айргийн үйлдвэрийг удирдаж байгаа” хэмээн хүмүүст бахдан танилцуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Сэрээт ачигчийн жолооч М.Мөнх-Эрдэнэ

“Би хэзээ ч жолооч болохгүй гэдэг охин байлаа. Аав маань насаараа жолооч хийсэн хүн. Миний охин жолоонд суувал яасан юм гэхээр нь үгүй гээд яагаад ч юм машин барихаас айдаг байсан. Одоо гэтэл АПУ ХК-ийн сэрээт машины жолооч гэхээр итгэмээргүй ч юм шиг. Тэр дундаа сэрээт машины анхны эмэгтэй жолооч шүү бүр.

Анх 2008 онд АПУ ХК-ийн Хангамжийн албанд Орон нутгийн савлагчаар ажилд орж байсан. Ажлын шугамаар жолооч нартайгаа ойрхон байдаг болохоор сэрээт ачигч машин нь сонирхол татаад, нэг бариад үзчих юмсан гэж бодогдоод хорхой хүргэнэ. Урьд нь би ийм техник харж байгаагүй, эрэгтэй хүмүүс л жолооддог гэж бодож явсан. Цахилгаанаар ажилладаг, урдаа хоёр өргөгч сэрээтэй, тоглоомон машин шиг л харагддаг. Гэтэл нэг өдөр албаны дарга маань дуудаад “Сэрээт ачигчийн эмэгтэй жолооч бэлдэнэ. Нэгээр нь чамайг сонгож байна” гэхэд гайхаж бас баярлаж хүлээж авсан. Хэрэв тэр үед дарга маань надад итгэл, эрч хүч, урам зориг өгөөгүй бол ийм сонирхолтой ажлыг хийхгүй байх байж шүү дээ. Эмэгтэй хүн нямбай, няхуур учраас нэг сураад авчихвал эрчүүдээс илүү гүйцэтгэнэ гэж тухайн үед дарга маань бодсон байх. Үнэхээр ч энэ шийдвэр, алсын хараа нь зөв байсан.

Би өглөө бүр 5.30-д сэрээд, 7.10 цаг гэхэд ажил дээрээ ирчихсэн байдаг. Уг нь ажил маань 8.30 цагт эхэлдэг ч эрт очиж өөрийгөө бэлдэх, аюулгүй ажиллагаагаа сахих, хамгийн гол нь машинтайгаа мэндлэх чухал “ажилтай”. Хүмүүс шоолох л байх, би гэхдээ машинтайгаа яг л хүн шиг ярьж, “Сайн цэнэглэгдэж, сайхан амарсан уу” гэж өглөөний ажлаа эхлүүлдэг (инээв). Яагаад гэвэл машин маань намайг ирэхэд асаж, намайг явахад сая нэг амарна. Өдрийн турш үргэлж хамт байдаг, үнэнч анд минь шүү дээ. Машин бид хоёр түүхий эд, материал хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүнийг түгээлтэд хүргэн ачдаг болохоор үйлдвэрлэлийн эхлэл цэгээс эцсийн цэг хүртэлх гол ажлыг нугалдаг. Ингээд бодохоор хариуцлагатай, үнэ цэнтэй сайхан ажил. Хүмүүст ажлынхаа тухай хэлэхээр бүгд л гайхаж хүлээж авна. Эхлээд сэрээт ачигч машин гэж юу болох тухай, дараа нь эмэгтэй хүн ийм ажлыг гардаж хийдэг гэж үү дээ гэсэн гайхсан асуултад нь хариулах хэрэг гардаг.

Хүн ажлаа дуртай хийж, бүхнээ зориулах хамгийн гол хүчин зүйл бол хамт олон. Харилцаа, хандлага хамгийн чухал. Нэгэнт л өдрийн идэвхит хамаг цагаа зориулж буй учраас ажилдаа сэтгэлээсээ, өөриймсөг хандахыг би эрхэмлэдэг. Мэдсэн сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, эргээд тэднээсээ суралцаж, хамтдаа өсөж дэвжинэ гэдэг хамгийн гайхалтай.”

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Худалдааны төлөөлөгч Ч.Сээмээ

‘Хүн хоорондын харилцааны донжийг олно гэдэг урлаг. Ажил хэргийн уулзалт ч гэсэн хувь хүний харилцааны соёл, ‘ньюанс’ дээр тодорхой хэмжээнд тогтож, нөлөө тусгалаа үзүүлэх нь бий. Тийм учраас Худалдааны төлөөлөгчийн ажилдаа би дуртай. Өдөрт 40-50 харилцагчтай уулзаж, холбогдох хэрэг гарна. Хэдийгээр их юм шиг санагдаж болох ч надад бол харин ч кайфтай, хувийн араншинтай маань ч нийцтэй санагддаг. Би хүмүүстэй харилцах дуртай.

АПУ ХК-ийн худалдааны төлөөлөгчийн хувиар би чанар, үнэ цэн, харилцаа “худалддаг”. Энэ зах зээлд цөөнгүй өрсөлдөгч байдаг болохоор өөрийн компанийн онцгой давуу талыг эхлээд өөрөө маш сайн ойлгож ухаарах, түүнийгээ харилцагчид зөв зүйтэй ойлгуулж, урт хугацаанд харилцаа, итгэлцэл үүсгэх нарийн ажил л даа. Миний хувьд цаг барих, хүний цагийг хүндлэх гэдэг хамгийн үнэт чанар. Тийм учраас урьд орой нь маргаашийн ажлаа төлөвлөж, дэвтэр дээрээ ягштал тэмдэглэж явдаг. Зузаан дэвтэр маань сар болоод л дуусчихна. Сүүлийн жилүүдэд би дууссан тэмдэглэлийн дэвтрүүдээ нандигнан хадгалдаг болсон. Яагаад гэвэл энэ миний ажлын төдийгүй амьдралын түүхийн нэг томоохон хэсэг гэдгийг ухаарсан болоод тэр.

Сүүлийн бараг 20 жил тасралтгүй хүмүүстэй харилцаж, өдөрт хэдэн арван хүнтэй уулзаж явдаг надад хөл хорио үнэхээр хэцүү байсан. Бушуухан ажил эхлээсэй гээд гэртээ ч тогтож өгөхгүй. Яагаад гэвэл энэ миний амьдралын хэв маяг, намайг аз жаргалтай, эрч хүчтэй болгодог зүйл нэгэнт болсон байна. Үүнийг хөл хориогоор гэртээ хэсэг суухдаа анзаарлаа.

Манай албанд залуус их орж ирдэг. Энэ хугацаанд олон шавь төрүүллээ. Тэд нараасаа эрч хүч авч, залуу хүмүүсийн энергид хөтлөгдөн урам зоригтой ажилласаар байна. Би залуустаа “Чи зөвхөн бараа зарж байгаа хүн биш. Чи бүхэл бүтэн компани төлөөлж, харилцаа үүсгэж, итгэлцэл бий болгож байгаа төлөөлөгч шүү” гэдгийг сайтар ойлгоосой гэж захидаг. Хүний харилцаа олон хүчин зүйл дээр тогтож байдаг, итгэлцэл гэдэг удаан хугацаанд үүсдэг болохоор уйгагүй, тэвчээртэй, хамгийн гол нь мэдрэмжтэй байх нь их чухал. Заримдаа сэтгэл зүйч шиг ч санагдана. Олон жил Худалдааны төлөөлөгчөөр ажилласан надад арга эв нь олдохгүй, харилцахын аргагүй хүн гэж одоо байхгүй. Хүн болгоны хувь чанарын онцлог гэж бий болохоос сайн, муу хүн гэдэг ойлголт ч өрөөсгөл санагдах нь бий.

Дуртай ажлаа, жаргалтайгаар хийнэ гэдэг өөрөө их гоё ойлголт. Үр дүн, гүйцэтгэл, хандлага сэтгэл хөдлөл ч сайхнаар хөглөгдөөд ирнэ дээ. Миний хувьд жилийн 12 сарын талаас илүүд нь “Сарын шилдэг ажилтан” болж байсан үе бий. Сарын шилдэг ажилтан болоогүй жил байхгүй юм байна. Тэгээд Сингапур, Япон, Бээжинд аялах эрхээр шагнуулаад л явж өгнө дөө”.

Categories
Бид АПУ-чууд Мэдээ, мэдээлэл

Бидний туулсан замнал: TIGER Инженеринг менежер Ө.Оюунбаяр

“Их сургуулиа төгсөөд хоёр сарын дараа анхны ажилдаа орох гээд ярьчихсан, бүр диплом анкетаа бариад алхаж явлаа. Гэтэл манай сургуулийн профессор залгаад дэлхийд алдартай HEINEKEN-ийн хөрөнгө оруулалттай үйлдвэрт ажлын байр байна гэнэ, шинэ төгссөн сайн оюутнаасаа явуулаач гэнэ гэхээр нь зүгээ өөрчлөөд шууд тийш явсан нь одоо бодоход амьдралыг маань өөрчилсөн алхам байсныг тэр үед яаж мэдэх билээ.

Ажлын ярилцлагын дараа намайг авах эсэх хариу гартал 21 хоносон. Дараа нь сонсоход инженерийн албанд эмэгтэй хүн тохирох болов уу гэдэг тухай байсан юм билээ. Тэгээд ажилд орох болоход “Бид чамтай эмэгтэй инженер гэж харьцахгүй. Инженер хүмүүстээ тавьдаг тэр л шаардлагыг тавьж ажиллана. Амжилт хүсье!” гэсэн товчхон яриа болж байсан. Үнэхээр ч өнөөдрийг хүртэл ажиллахдаа хүйсийн давуу, сул тал ажилд маань гараагүй. Үйлдвэрийн өндөр гэрлүүдийг солихоор угсармал урт шатан дээр гарах үед сандрах, өөрөө өндрөөс айдаг болохоор эвгүй санагдах үе байсан ч гэлээ “би эмэгтэй хүн” гэж бусдыг гуйхгүй, харин би инженер хүн, энэ миний хийх ёстой зүйл гэж өөрийгөө зоригжуулдаг байсан. Анх цахилгаан автоматын техникчээр ажилд орж байсан бол одоо Инженеринг менежер болж дэвшсэн. АПУ компанийн TIGER үйлдвэрийн Инженерийн албыг ахалж байгаа.

Багийнхаа хамт томоохон олон төслийн ард гарч, өдийг хүртэл урам зоригтойгоор ажлаа хийж байгаа маань надад сайхан санагддаг. Өөрийгөө хөгжүүлэх, өсөж дэвжих боломж бүрийг алдахгүйг хичээдэг. Миний хувьд Сингапур, Тайланд, Малайз зэрэг орны HEINEKEN-ийн үйлдвэрүүдэд сургалтанд хамрагдаж, туршлага судалж байсан. Дэлхий дамнасан томоохон компанийн стандартаас суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ гэдэг залуу хүнд тэр бүр олдохгүй ховор боломж. Олон улсын туршлагаас суралцаад, мөр зэрэгцээд ирэхээр Монгол хүн дэлхийн хаана ч ажиллах чадвартай гэдгийг мэдрэх бахдам сайхан. Дэлхийн стандарт гэдэг үг одоо бидэнд хол сонсогдохоо больсон.

Байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулах нь манай компанийн хамгийн том зорилгуудын нэг. Миний хувьд цахилгаанаа хэмнэх нь байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулах өдөр тутмын хамгийн чухал дадал санагддаг. Тийм учраас “Гэрлээ унтраагаарай” гэдэг үг миний ажил дээрээ хамгийн их хэлдэг үгсийн нэг байх (инээв). Манайхан заримдаа шоолоод танай хүүхэд “Гэрлээ унтраа” гэж хэлд орсон байх аа гэдэг юм. Ариун цэврийн өрөө ороод гарахдаа, ажлын өрөөнөөсөө түр гарсан ч гэсэн гэрлээ унтрааж хэвших, том заал даяар биш зөвхөн шаардлагатай хэсгийн гэрлийг ашиглах зэргээр дадал болгох нь хувь хүний байгаль орчинд үзүүлж буй хамгийн том эерэг нөлөөлөл.

Хувь хүний мэдлэг, чадвар ахиж, байгальд ээлтэй, дэлхийдээ хайртай үйлдвэрлэл явуулж, ажил үйлстэйгээ хамт өсөж өндийнө гэдэг залуус бидний хувьд хамгийн бахдам хэрэг шүү дээ.”

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Худалдан авалтын менежер Л.Ананд

Л.Ананд: Би багын л цэрэг, тагнуул, машиныг маш их сонирхдог хүүхэд байсан. 10 жилд байхдаа НАХЯ-ны сургуульд оруулаад өгөөч гэж, ХБНГУ-д сурч байхдаа Германы армийн алба хаая гэж, WRC нисгэгч болмоор байна, надад туслаач гэж үгүй ээ мөн ч их гуйсан даа. Хариулт нь үргэлж “Үгүй” байлаа. Харин одоо би 344 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг АПУ гэдэг том айлын бүх худалдан авалт, хангамжийг хариуцаж ажилладаг хариуцлага өндөртэй армид ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасалдалгүй байх нь бидний ажлын үр дүнгээс шууд хамааралтай. Тиймдээ ч бид цагтай уралдаж, харилцагч нийлүүлэгч нартайгаа урт хугацааны харилцаатай, хамтын итгэлцэл дээр ажил үүргээ явуулдаг.

Хүн ажлаараа өвчилдөг гэж ярьдаг даа. Би үргэлж л албан томилолтоор явахдаа эсвэл энэ тэндхийн дэлгүүр орохдоо бүтээгдэхүүний сав баглаа боодол, орц найрлага, хадгалах хугацааг шинжээд хараад зогсчихдог зантай. Энэ нь ажлаа хаана ч байсан сайжруулах талаар тагнуулдаж байгаа хэрэг. Мэдээж энэ бүхэн анх миний сониуч зандаа хөтлөгдөж, шинэ зүйл үргэлж тасралтгүй сурч хөгжихийг хүссэн хүслээ дагаж, АПУ компанид ажилд орсноос эхлэлтэй.
Би Герман улсад сурч байгаад Монголдоо ирээд анх АПУ компанид ажлын ярилцлагад орсон. Тухайн үед хангамжийн албаны дарга А. Мэндбаяр хижээл насны цэмцгэр ах надаас ярилцлага авч байлаа. Ярилцлагын туршид бид хоёр Англи, Монгол хэлээр ээлжлэн ярьж, чи АПУ компанийн хангамжийн албанд ажилд орох уу,.. ажилдаа дуртай, зөв хандлагатай байхад л болно гэсэн цомхон ярилцлага болж өнгөрсөн юм. Ажилдаа ороод нэг их удаагүй байхад А. Мэндбаяр дарга хурлын өрөөнд дуудлаа. Би яваад ортол хурлын ширээний нэг талд Германы Кронес компанийн албаны хүмүүс нөгөө талд нь манай үйлдвэрийн хүмүүс суучихсан надаар орчуулга хийлгэхээр хүлээж байлаа. Өөртөө итгэлтэй нь аргагүй мэндлээд орчуулгаа эхэлтэл миний мэдэхгүй мэргэжлийн үг хэллэгүүд, тоног төхөөрөмжийн тухай ярьж эхэллээ. Би нилээд сандрангуй байж байтал А. Мэндбаяр дарга биднийг ангайтал Германаар ярьж, орчуулгыг төвөггүй хийв. Тэр үед л би АПУ компани үнэхээр л үе үеийн чадварлаг хүмүүсээр эгнээгээ бүрдүүлж, үлгэрлэн суралцах хүмүүс олонтойг олж мэдэрсэн.
Үйлдвэр шинэчлэх ажил ид өрнөж, Германы Кронес компанийн тоног төхөөрөмжөөр хүчин чадал чанараа нэмэгдүүлсэн нь тухайн үед Германыг бид бенз машинаар төсөөлдөгтэй ижил бодол төрж билээ. Германы бенз гэхээр л надад чанар, өндөр зэрэглэл гэдэг үгтэй хамт төсөөлөгддөг тул бүтээгдэхүүний чанар стандартад асар их дэвшил гарч, бид дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн компани болсон юм.
Компанидаа ажиллаад 11 жил болохдоо багаараа томоохон төслийн ард амжилттай гарч, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллахдаа хамт олныхоо уур амьсгал, ажлын орчин, өсөн дэвжих боломжоор тасралтгүй хангагдаж иржээ. Үүний нэг жишээ бол АПУ сонирхлын клубууд юм. Бид өөрийн гэсэн сонирхлоороо нэгдэж, өөрсдийн сонирхсон чиглэл бүлээрээ клубууд байгуулсан. Миний хувьд АПУ Экстрем клубыг удирдан чиглүүлж, хамт олноо нэгдэх гүүр болж байгаадаа баяртай явдаг. Зарим хүмүүс яагаад АПУ компанид ажилчид нь насаараа, зарим нь бүр гэр бүл, хэдэн үеэрээ ажиллаж байгааг гайхдаг. Би тэдэнд хариулахдаа хүн ажилдаа дурлаж, халуун дулаан сэтгэлтэй хамт олны дунд ажиллах нь өөрөө аз жаргал юм гэж хэлдэг.

Categories
Story Behind Us Бид АПУ-чууд

Бидний туулсан замнал: АПУ ХК-ийн Савлах цехийн оператор Ж.Лхагвасүрэн

Миний амьдралын 37 жил АПУ компанитайгаа холбогджээ. Ингэж хэлж байхдаа эргээд бодоход урт хугацаа өнгөрсөн юм шиг атлаа анх орж байсан маань өчигдөрхөн мэт тод харагдаж байна. 1984 онд Хүнсний техник мэргэжлийн сургуулийг исгэлтийн мэргэжлээр төгсөөд АПУ компанийн савлах цехэд савлах, бөглөх машины оператораар орж байлаа.
Залуу хүүхэд юугаа ч мэдэхгүй, ямар том компанийн хаалга татаж буйгаа ч гадарлаагүй явж. Анхны цалингаа аваад аавдаа бэлэг, ээждээ ганган оймс, дүү нартаа дуртай амттаныг нь аваад гэртээ очиход манайхан баяр ёслол шиг ширээ засчихсан халуун дулаан хүлээж авч билээ. Тэгэхэд аав минь “Миний охин Монгол Улсын хамгийн том компанид ажилд орлоо. АПУ чинь манай улсын татварын орлогыг бүрдүүлдэг том газар шүү” хэмээн бахархан хэлэхэд нь “Нээрэн би чинь ийм чухал компанийн нэг эд эс болжээ” гэж анх удаа ухамсартайгаар бодож байлаа.

37 жилийн турш нэг газраа, нэг ажлаа хийнэ гэдэг одоогийн залууст сонин сонсогдож магадгүй. Харин миний хувьд ажил маань ажил гэдэг утгаас давж, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон юм. Энэ хугацаанд үйлдвэрийн маань техник технологи шинэчлэгдэх бүрт миний бие анхлан туршиж, асааж хөдөлгөж иржээ. Нэр төрийн хэрэг санагддаг шүү.

Анх бид бүхий л үйл ажиллагаагаа гараараа хийдэг, бөглөөгөө өөрсдөө эргүүлдэг байсан бол одоо ихэнх ажиллагаа автомат болсон байна. Заримдаа хийх ажилгүй зүгээр зогсоод байгаа мэт санагдах үе ч бий (инээв).

Цагийн өөрчлөлт, технологийн шилжилт бүрт дасан зохицож, арга ажиллагаагаа өөрчлөн өдийг хүртэл компанидаа хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай, бахархалтай байдаг.

Уг нь би багадаа багш болох юмсан гэж хүсдэг байсан. Хэдийгээр энэ мөрөөдлөө хөөгөөгүй ч гэлээ намайг компани дотор минь багшаа гэж дууддаг хүмүүс бий. Хүнсний комбинатын оюутнууд ирж дадлага хийгээд, дараа нь орон нутгаасаа багшдаа гээд захидал илгээх их сайхан санагддаг байж билээ. Бага насны дэврүүн хүсэл мөрөөдөл минь биелсэн юм шиг л…

Би удахгүй тэтгэвэртээ гарна. Манайхан намайг “Та тэтгэвэртээ гарсан ч ажиллана биз дээ. Дараачийн Лхагвааг бэлдэж өгөөрэй…” гэнэ. Ажилдаа хариуцлагатай хандах, хийсэн бүтээсэн нь бусдад үнэлэгдэх, тухайн газраа үнэ цэнтэй нэгэн байх гэдэг хүний амьдралын хамгийн эрхэм хүндлэл, утга учир гэж би боддог.”